Нийслэлд оршуулгын нөөц газар дуусчээ
Хүн үхэх төрөх нь үнэн бөгөөд өлгий авсыг дамжих нь тодорхой гэж өвөг дээдэс минь ярьдаг билээ. Нийслэлд амьдарч байгаа хүн амын тоо их энэ цаг үед иргэн танд өвчнөөр ч зуурдаар ч үхэх эрх алгаа. Ялангуяа нийслэлд нас барлаа гэхэд оршуулгын газар олдохгүй хэцүүдэх. Уг нь бол газар шороо бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хамгийн үнэт өмч байтал бид өмчлөх эрхгүй болчихож байгаа нь дэндүү харамсалтай юм.
Эрт дээр үеэс бурхан болоочоо нутаглуулахдаа ил задгай тавьдаг ёсон бий. Гэтэл сүүлийн үед чандарлах гэдэг нэг зан үйл гарч ирснээр бурхан болоочоо ил задгай тавихгүйгээр үнс болгоод хаячихаад байгаа юм. Уг ёсондоо буюу бурханы номлолд үүнийг буруу гэж ярьдаг юм билээ. Учир нь жамаар нь байгальд ил тавьж, нохой шувуу хооллох ёстой аж. Харин юу ч үгүй үгүйрүүлж, үнс болгож чандарлах нь муу гэж үздэг.
Гэвч нийслэлд чимээгүй хот нь чимээтэй хоттойгоо айлсаж хаяа хаяагаа дэрлэсэн энэ цаг үед цэвэрхэн аргаар буюу чандарлах нь зөв гэдгийг албаныхан болон жирийн иргэд ярьж байгаа. Одоогоор “Буян” компани болон өөр хэд хэдэн газар дээрх чандарлах үйлийг хийдэг байна. Тэрнээс гадна оршуулгын газруудыг гадаадын эзэнтэй тэр дундаа Солонгосчууд худалдаад авсан байдаг бөгөөд хэтэрхий өндөр үнэ өртөгтэй байдаг ч гэж ярьдаг юм билээ. Налайх болоод Нийслэлд байгаа хэд хэдэн оршуулгын газар бүгд Солонгос эзэнтэй, тэд зөвшөөрөлтэйгээр худалдаад авсан байдаг. Зөвшөөрлийг нь хотын захиргаанаас олгодог гэдэг.
Яагаад харийнханд ийм газраа худалддагийн цаад нарийн учрыг бид мэдэхгүй ч бурхан болоочид харь хүний мэдэлд, харь хүний эрхэнд бүр сүүлдээ харийн ёсоор нутаглуулж оршуулах болсон нь багагүй хэл ам дагуулаад байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар Улаанбаатар буяны үйлчилгээ үзүүлж байгаа “Улаанбаатар бодь буян”, “Улаанбаатар буян”, “Нью Семетри” гэсэн гурван компани байна. Хэдийгээр гурван компани боловч үүсгэн байгуулагч эзэн нь нэг. Тэгэхээр энэ үйлчилгээ хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд байна гэсэн үг. Тус компаниуд Нийслэлийн өмчит үйлчилгээний газрууд мөртлөө үйл ажиллагааных нь чиглэлд гадаад, дотоод худалдаа эрхлэн явуулах орсон байдаг юм билээ. Оршуулгын газрын үнэ ханш 4.4-15.6 сая төгрөг байгааг танилцуулсан. Оршуулгын газрууд хэдэн зуугаар нь нүх ухаад бэлдчихсэн байна. Нас барсан хүнийхээ ивээл жилтэй хүнээр газрыг нь хөндүүлдэг, оршуулгын үйл ажиллагаанд очсон замаараа буцаж ирдэггүй гээд монголчуудын уламжлалт зан үйл маш их алдагдсан гэх гомдолд ч цөөнгүй байгаа юм.
Тэгвэл нийслэлд оршуулгын нөөц газар дууссан талаар албаныхан өнгөрсөн жил мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, иргэн та Нийслэлд үхэх эрх байхгүй ээ. Яагаад гэвэл таны цогцсыг оршуулах газар олдохгүй нь байна шүү. Тодруулбал, Нийслэлийн Захирагчийн албанаас доорх оршуулгын газрын нөөц дууссан тул оршуулга хийхгүй байхыг иргэдээс хүсчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Далан давхарт байрлах Самбалхүндэвийн оршуулгын газар, Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны Цагаан давааны оршуулгын газар, Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаагийн оршуулгын газар, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баяндөхөмд байрлах Мянган лантын оршуулгын газар, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Оросын оршуулгын газар, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Японы оршуулгын газруудад оршуулга хийх боломжгүй болжээ.
Мөн дээрх оршуулгын газруудаас гадна Нийслэлийн ногоон бүс, зөвшөөрөгдсөнөөс бусад газар оршуулга хийхийг хориглосон байгаа ажээ. Ийнхүү оршуулгын нөөцгүй газар хүн үхэх, эндэх ч эрхгүй болчихоод байгаа. Тиймээс хотод биш хөдөөд төрсөн нутгаа зорьж, бурхан болсны дараа цэлгэр сайхан газар нутгийнхаа нэгээхэн хэсэгт санаа зовох зүйлгүйгээр бурхан болоочоо нутаглуулах сонголт, эрх иргэн таны гарт байгаа шүү.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ ч ёстой үнэн шүү. Энэ 3 компанийг тэр корпарацийн тухай хууль ч билүү зохих журмаар нь шалгаж лимит тогтоохгүй бол үнэндээ нас барсан хүнээ бараг хулгайгаар оршуулж байна ш дээ