Дарханд хариуцлаггүй байдал гаарч, боловсон хүчний бодлого алдагджээ
АН аас Монгол орон даяар өрнүүлж буй “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг энэ удаа 16 дахь аймаг буюу Дархан Уул аймагт есдүгээр сарын 30 нд болсон юм. Хэлэлцүүлэг уламжлал ёсоор Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой гэсэн салбар хэлэлцүүлгийн хүрээнд иргэд өөрийнхөө болон аймаг орон нутгийнхаа өмнө тулгамдсан асуудлыг илэн далангүй ярилцаж, хөгжлийн гарцаа хамтдаа хайцгаасан юм.
Төрийн албан хаагчид нь төрийн мөнгө завшсан хэрэг шийдэгдэв
Анх 2007 онд Дархан Уул аймгийн АН-ынхан аймгийнхаа нэр бүхий төрийн албан хаагчид төсвийн мөнгө угааж буй ноцтой хэргийн талаар АТГ мэдүүлсэн юм. Тэр дагуу холбогдох байгууллагууд шалгахад Дархан Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын СЭЗБЗ-хэлтсийн Төрийн сангийн тасгийн дарга, СЭЗБЗ ийн хэлтсийн Төрийн сангийн мэргэжилтэн Д.Нямхүү, мөн аймгийн ЗДТГ-ын СЭЗБЗ ийн хэлтсийн Төрийн сангийн мэргэжилтэн, СЭЗБЗ ийн хэлтсийн Төрийн сангийн тасгийн даргаар ажиллаж байсан Э.Наранбаатар нар урьдчилан үгсэн тохирч үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэд 2004 оны 09 сарын 30 ны өдөр өөрсдийнхөө нэрний нийлбэрээр Н.Баатархүү хэмээх хуурамч, шинэ иргэн үүсгэн Дархан Уул аймгийн “Зоос банкинд 2402009638 дугаар данс нээлгэж, түүгээрээ дамжуулан төрийн сангийн төсвийн хөрөнгийг бусадтай бүлэглэн, удаа дараагийн давтан үйлдлээр хувьдаа ашиглан завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн аж. Энэхүү төрийн мөнгө завшсан гэх энэ хэрэгт Дархан Уул аймгийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагын 30 гаруй иргэн холбогдсон аж. Н.Баатархүү хэмээх дансандаа сургууль, цэцэрлэгийн халаалтын хөлсөөс хумслан хийж түүндээ цугласан мөнгөөрөө хувьдаа граш, зочид буудал хүртэл худалдан авсан байна. Энэхүү хууль бус үйлдэлдээ эрдсэн дээрх нөхдүүдийн идэж завшсан мөнгөний хэмжээ 2004 2007 онд 800 сая төгрөгт хүрсэн байх юм.
Төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр бүлэглэн хувьдаа зарцуулсан 30 гаруй хүний оролцоотой энэхүү хэрэг дөрвөн жилийн хугацаанд долоон удаа мөрдөн байцаалтад буцсаны эцэст найм дахь удаагаа буюу 2011 оны 9 дүгээр сарын 27 нд эцэслэн шийдэгдсэн байна. Төрийн сангийн тасгийн дарга асан Д.Нямхүү, мэргэжилтэн байсан М.Наранбаатар нарт тус бүр долоон жил, сургуулийн нягтлан В.Эрдэнээд гурван жилийн ял, тус хэрэгт холбогдсон хувийн болон төрийн байгууллагын ажилтнууд болох Д.Бурмаа, Б.Бурмаа, А.Энхцацрал, Д.Баяраа, Ш.Уранчимэг, С.Амаржаргал, Д.Амгалан, О.Баттогтох, П.Энхтуяа нар өршөөлийн хуульд хамрагдсан аж.
Удаан хугацааны туршид шийдэгдэхгүй байсан энэхүү бүлэг эрүүгийн хэрэгт холбогдсон ихэнх хүмүүс өршөөлийн хуульд хамрагдаж, хуурамч нэр үүсгэн төрийн мөнгө хулгайлсан хоёр нөхөрт долоон жилийн ял өгсөн нь дэндүү багадсан хэмээн Дарханчууд Эрх чөлөөтэй Монгол хүн салбар хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм. Төрийн мөнгө завшсан төрийн албан хаагчдийн олонх нь ялаас мултарч байхад Дархан Уул аймагт гар утас хулгайлсан хүүд давтан гэх нэрийн дор шүүхээс арав гаруй жилийн оноож байсан гашуун түүх байдаг. Хууль ийнхүү ялгавартай үйлчилж буйд иргэд дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Тус хэлэлцүүлгээр хөндөгдсөн дараагийн нэг зүйл бол Дархан Уул аймагт төрийн албаны зөвлөл төрлийн албаны салбар зөвлөл болж цус ойртсон гэх үг олон хүний амнаас гарч байлаа. Дархан Уул биш Завхан Уул аймаг болсон ч гэцгээж байв. Төрийн албаны зөвлөлийн томилгоо, бүтэц орон тоог МАН ын нарийн бичгийн дарга Амарсанаа, УИХ-ын гишүүн Хаянхярваа нарын шууд нөлөөн дор хийгддэг гэцгээж байлаа.
Хуучин цагийн рентген аппарат, чадваргүй дарга хоёртоо дургүйцэв
Дархан Уул аймаг 95 мянган хүн амтай хэрнээ эмнэлгүүд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй тухай иргэд нь хөндөж байсан юм. 95 мянган хүнд үйлчилдэг Эрүүл мэндийн газрын оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж хүрэлцээ муу, байгаа нь үеэ элээсэн хуучных учраас онош зөрөх наад захын асуудал болсон аж. Жишээ нь Дарханы хэмжээнд далаад оны ганц ширхэг рентген аппарат байдаг нь хэдийнээ халаагаа өгөх цаг болсон гэцгээж байв. Орчин үеийн хотын зэрэгтэй тус аймгийн хэмжээнд нэг ширхэг ч дурангийн хагалгааны аппарат байдаггүй, эхо аппарат ч хүрэлцээгүй гэж салбарын эмч нар нь хөндөж, мэс заслын дурангийн аппарат, рентген аппарат, эхо аппарат, мэс заслын рентген аппарат болон орчин үеийн дижитал оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжүүд шаардлагатай гэж байлаа. Мөн тус салбарт боловсон хүчний бодлого алдагдсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар Сэлэнгэ аймагт өртөөний эмч хийж байсан хүнийг тавьсан нь аймгийн удирдлагатай холбоотой гэцгээж байлаа. Иргэдийн хувьд аймгийнхаа эмч нарт итгэхэд хэцүү, онош буруу тавьдаг, ёс зүйн хувьд доголдолтой гэх үгийг унагацгааж байсан юм. Мөн тус аймаг бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчлөлөөрөө улсад тэргүүлдэг цөөн хэдэн аймгийн нэг тул иргэд энэ төрлийн өвчнийг эмчлэх эмч нарын хүрэлцээ хангалтгүй байгааг шүүмжилсэн юм.
Оюутны хотхонтой болохыг хүсэв
Дархан аймгийн хувьд 10 гаруй их дээд сургуульд 10 гаруй мянган оюутан сурдаг залуусын хот юм. Харин эдгээр оюутнуудын хувьд дотуур байр хангалтгүй, оюутны хотхонтой болох саналыг тус салбар хэлэлцүүлгийн үеэр онцгойлон хөндөж тавьсан юм. Харин ерөний боловсролын сургуулийн хувьд хичээлийн байр хүртээмжгүй, сургалтын чанар муу байдаг. Сургуулиудын захирлуудыг сүүлийн 10 гаруй жил огт солиогүй нь тус салбарыг уналтад ороход хүргэж байна хэмээн багш нарын хувьд хэлж байсан юм. Мөн тус аймгийн БСГ-ын даргаар Батжаргал гэгч нэг ч жил багшилж үзээгүй хүн толгойлж буйд боловсролын салбарын багш ажилчид сэтгэл дундуур байдгаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Харин сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгийн хүрэлцээ муу. Зориулалтын байрыг нь хувийн болон төрийн хэвшилд өөр зориулалтаар ашиглаж байгаад эцэг эхчүүд дургүйцэж байсан юм.
Дарханыг Дарханы залуус хөгжүүлнэ
Дархан-Уул аймгийн 64.5 хувь нь залуучууд. Залуусын хот өдгөө баар хот болж ажилгүйчүүдийн тоогоороо тэргүүлэх хандлагатай болоод байгаа аж. Эдийн засгийн голлох олон үзүүлэлтээрээ Орхоны дараа ордог гэж өөрсдийгөө тэд тодорхойлж байсан юм. Ажилгүйдэл их байдаг тул архидалт гэмт хэрэг байнга гардаг. Найрамдлын Дархан хот маань баар хот боллоо гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлцгээж, санааширч байсан. Үйлдвэрийн хот гэх тодотголтой Дархан аймагт одоогоор Дархан төмөрлөгийн үйлдвэр, Цахилгаан станц, төмөр зам, цементийн үйлдвэр, Дархан нэхийн үйлдвэрүүд ажиллаж байна.
Дарханчуудын хувьд одоогоор ажиллахгүй байгаа гурил тэжээлийн үйлдвэр, мах комбинат, байшин үйлдвэрлэх комбинатуудыг ойрын хугацаандаа ажиллуулах юм бол ойролцоогоор 2000 гаруй хүн ажлын байраар хангагдана гэцгээж байлаа. Мөн Дарханд барилгажилтыг яаралтай эхлүүлэх юм бол барилгын материалын чиглэлийн үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж тэр хэмжээгээрээ иргэд ажлын байраар хангагдана гэж байлаа. Мах комбинат нь өр ширтэй гээд зургаан жил ажиллахгүй байгаа бол байшин үйлдвэрлэх комбинат, гурил тэжээлийн үйлдвэрүүд сүүлийн 10 жил ажиллаагүй. Хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрүүдийг УИХ-ын гишүүн, мөнгөтэй гэх хүмүүс аваад ийм байдалд оруулаад байгааг ч иргэд нуулгүй хэлж байсан юм. Эдгээр гурван үйлдвэрээс гадна Керамзит, Эрдэс хөвөнгийн үйлдвэрүүдийг ч ажиллуулах боломж байгааг хэлж байлаа. Дархан аймагт Аж үйлдвэрийн цогцолбор барих тухай яриа хэдэн жилийн турш яригдаж байгаа хэдий ч өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаад иргэд гайхаж эрх мэдэл бүхий хүнээс тодруулахыг хүсч байсан юм. Дарханчууд газар тариалан, үйлдвэржилт хөгжүүлэх гээд хөгжих олон гарц байгаагаа тодорхойлж төрөөс тодорхой хэмжээнд бодлогын хувьд дэмжих шаардлагатай гэцгээж байлаа. Тус хэлэлцүүлэгт оролцсон залуусын хувьд 50 жилийн түүхтэй Дарханыг Дарханы залууус л хөгжүүлэх тул залуусаа дэмжихийг уриалж байсан юм.
Дархан-Уул аймаг биш Дархан хот болмоор байна
Аюулгүй орчинтой Монгол хүн хэлэлцүүлэгт хөндөгдсөн хамгийн чухал сэдэв бол хотын статусын тухай яриа байсан юм. 95 мянган хүн амтай Дархан аймгийг хот болгох тухай асуудлыг хөндсөн. Тус аймгийн 40 гаруй мянган иргэдийн дунд судалгаа явуулахад хотын статустай болохыг дэмжсэн байна. Дархан Уул аймгийн хөгжлийн төлөвлөгөөг 2020 он хүртэл баталсан байна. Тус төлөвлөлтөд ямаа, тэмээ өсгөнө гэсэн хэсэг байдаг бөгөөд энэ нь хотын хувьд боломжгүй зүйл хэмээн иргэд ихэд шүүмжилсэн юм. Хотын статустай болоод хотдоо тохирсон төлөвлөлттэй болмоор байна гэцгээж байлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр цемент шохой, тоосгоны үйлдвэрийн цагаан тоос агаарт дэгдэж иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Мөн Хараа гол эргэн тойронд карьер ухаж байгаа нь усны төвшин доошилоход нөлөөлж байна гэцгээж байв.Мөн Хараа голын 3.5 тн ын даацтай гүүрээр 30 гаруй тн шороо чулуу ачсан машин зорчиж байгаа нь нэг л өдөр нурж унахад хүрнэ хэмээн Хараа голын Ширээ нурууны орчимд амьдардаг иргэд хэлж байлаа. Тус хэлэлцүүлэгт оролцогчид архидалт гэмт хэргийн талаар ч гэсэн хөндөж архины тусгай зөвшөөрлийг цөөлөх, хараа хяналтгүй оюутнуудыг оюутны дотуур байранд амьдруулах шаардлагатай гэж байсан юм.
URL: