Мөрийн хөтөлбөр гэдэг мөрөөдөл

3095

Хүн ам нь тун сүрхий түвшинд хүрсэн ерөнхий болон дээд боловсролтой. Нийт хүн амд залуу үеийнхэн өндөр хувь эзэлдэг улсын нийгэм эдийн засгийг яаж хөгжүүлэх тухай ээлжит мөрийн хөтөлбөрөө намууд боловсруулж байна. 4 жилээр төлөвлөх үү. 40 жилээр харах уу. Төрийн залгамж чанар бодитой оршиж төсвийг завших биш арвитгах бодлого явуулж ирсэн бол 20 жилээр харсан байхад ч болно гэж эдийн засагчид хэлдэг.

 

Хууль зүйн яамны мэдээгээр одоо Монголд 24 улс төрийн нам байна. Үүнээс сонгууль бүрт мөрийн хөтөлбөр өргөн барьдаг таван хуруунд багтах нам байдаг. Нөгөө талд харьцуулбал тусгаар улсынхаа тооныг өргөх 3 сая иргэнтэй бид. Үүний 36 хувь нь 15-аас доош насны хүүхэд байдаг гээд харьцуулбал дэндүү олон намтай. Гэхдээ цөөхөн ч гэлээ 2 сая орчим сонгогчийн саналыг татах гэсэн намуудын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн бол бид өдийд ийм байхгүй төсөөлөлтэй байсан.

 

Ийм гэж ямар нөхцлийг хэлж байна. Гадаад өрийн тааз дээшээ тулсаныг нуршихгүй. Улигт гадаадын хөрөнгө оруулалт зогссоныг мөн давтахгүй. Нүүрс үнэгүй болсныг бүр ярихгүй. Энэ бүхнээс үл хамаарах ул суурьтай хөгжлийн стратегийг авцалдаа уялдаатайгаар тууштай хэрэгжүүлэх тухай намууд юу амалж бас юу хийсэн бэ гэсэн асуултын хариултыг нэхэж байна. Том намуудын хэрвээ төр баривал гээд хийхээр амалсан жагсаалт уртаар хөвөрдөг. Дараа нь мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн бодлогоо барьж хийж хэрэгжүүлж чадаагүй гэмээ нялзаасан гадаад хүчин зүйл олныг тоочдог.

 

Цас зуднаар шалтаглан төлийн хоргодлоо хаадаг бооргидуу хуучин сэтгэлгээр улс төрийн намууд хөгжлийн чиг баримжаагүй улс орныг самарснаа олон талаар бултуулж ярьдаг. Өөрсдийгөө умартан улсаа бодсон уриатай намууд ээлжит сонгуульд өргөн барих мөрийн хөтөлбөрөө нухаад дуусч байгаа гэж мэдээлж байна. Үүнийг сонгуулийн эрх бүхий байгууллага гардан авч бүртгэн баталгаажуулах бол нэг хэрэг. Үнэндээ ялсан намын хөтөлбөр гэдэг  үлгэр болдог шүү. Холын биш ойрын жишээ 2012 оны сонгууль. Одоо олонх болсон АН-ын “Олуулаа” сурталчилгаа, МАХН-ын “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр, МАН-ын “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс” …

 

Нэг сонгуулиар ялбал төрийн албан хаагчдынхаа талыг солиод садан төрлөө татчихдаг намуудыг хөгжлийн бодлого баталж түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэх бэрх болж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй алдааг харахаасаа илүүтэй яагаад ялалт авчраагүй хөтөлбөр болсон бэ гэдэг талаас нь хардаг байдал ажиглагддаг. Хэрэгжих үү гэдэг гол асуулт дэд болж сонгогчдод таалагдах уу гэдэг нь нэгт тавигддаг. Энд намуудын улс орноо хойш чирдэг алдааны нэг том буглаа бий.

 

Нэр дурьдаад яахав. Нэг том нам ялалт авчирч чадаагүй мөрийн хөтөлбөртөө дүгнэлт хийсэн байх юм. Хэтэрхий нүсэр байсан. Сайн сурталчилж чадаагүй. Ойлгоход бэрх байсан гэж үнэлсэн байх жишээтэй. Ялсан намын давуу талыг үнэлэхдээ: Энгийн. Сурталчилж чадсан. Сурталчилгааны олон хэлбэртэй байсан гэж харьцуулжээ.

 

Үүнээс улбаалаад мөрийн хөтөлбөртөө тавьж байгаа намуудын үндсэн шаардлагыг харцгаая.

 

1.Ард түмний сэтгэлд нийцэхээр

 

2.Ард түмний зүрхэнд буухаар

 

3.Ард түмэнд төсөөлөгдөхөөр гэсэн үндсэн нөхцөлийг хангах гэжээ.

 

Энэ бол бараг гол намуудын мөрийн хөтөлбөртөө тавьж буй нийтлэг шаардлага байх.

 

1. Улс орны хөгжлийн хэтийг харсан.

 

2. Манай улс орны эдийн засаг нийгмийн онцлогт тохирсон

 

3. Эдийн засгийн тулгарч буй хүндрэлүүдийг тодорхой шат дараалсан байдлаар цогц шийдэх гээд хөрвүүлж болмоор.

 

Энэ хэсэг ор тас гээгдээд цаашлаад мөрийн хөтөлбөр ямар хэлбэртэй түгээлтэй байвал ард түмэнд таалагдах талаар гарын авлага үргэлжилнэ. Дэлгэрэнгүй ба Хураангуй, Комикс инфо график дүрслэл ихтэй. Итгэл төрүүлэхүйц байх гээд л…

 

Энэ нь тухайн намын төрийн эрхэнд гараад хэрэгжүүлэх бодлого санаагаа сайн гаргах гэсэн гарын авлага байж болох ч улс орноо авч явах мөрийн хөтөлбөрийг сурталчилгааны арга хэлбэр болгож хараад байгаад л асуудал байгаа.

 

Мөрийн хөтөлбөр нь нэг талаасаа улс төрийн бичиг баримт бас ч үгүй сонгуулийн сурталчилгааны цөм болохынхоо хувьд тавигдах нарийн ширийн гортиг хязгаар байх. Харин улс орноо хол авч явах хөтөлбөр талаас нь харах зориг аль ч намд дутагддаг. Тийм ч болохоор бүсээ чангалаад төсвөө хэмнээд хөгжинө гэхийн оронд тэнгэрийн амьдралд хүрсэн мөрөөдлийн зураглалтай 4D график дүрслэлд их мөнгө хаяж байна.

 

Улс орноо нэг гүрнээс улс төрийн ба эдийн засгийн хувьд аюултай хэмжээний хамааралтай болгохгүйн тулд хэрхэх. Улс гүрнүүдийн геостратегийн “том тоглоом”-ын золиос болгочихгүйн үүднээс хэрхэх тухай өгүүлэхээс зайлсхийнэ. Учир нь мөрийн хөтөлбөр нь нуршуу болох юм. Ийм л байдаг манай намуудын мөрийн хөтөлбөр.

 

Уриа бол бүр янзтай. 2012 он. Ардын нам “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, Ардчилсан нам “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье”…, МАХН-ын таван хувьсгалыг яриад ч яахав… Ялаагүй юм чинь хэрэгжээгүй л гэнэ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих