Эвсээгүйн цаана…

f87edc31a10e9d3050e1edfde8c455a8091669e3МАН, МАХН хамтран ирэх сонгуульд  эвсэл байгуулж орохоор ажлын хэсэг байгуулж, арав гаруй удаа хуралдаад мөр, мөрөө хөөхөөр болж байх шиг. Гэхдээ хуулийг нь харвал энэ сарын 28-ныг хүртэл  хугацаа бий,  эвсэх боломж бас ч гэж байгаа  гэдгээс үзвэл асуудал эцэслэгдээгүй мэт. Ямартай ч өнөөдрийг хүртэл  “Хамтарна, хамтрахгүй” гэсэн мэдээ баруун, солгойгүй цацагдаж   хэдэн өдөр толгой эргүүллээ. Мэдээ нь сүүлдээ мэдэгдэл болж,  МАН-аас Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс хэвлэлийнхний өмнө ээлжээр  гарч  ирж “Бид эвсэх гэтэл МАХН гэдийж, даргатай нь  уулзах гэтэл олдохгүй, залгахаар утсаа  авахгүй байснаар  болсонгүй. Тиймээс эвсэхээ болилоо” хэмээн зарласныг бүгд харсан.

Хамгийн сүүлд /өчигдөр/ хийсэн хэвлэлийн хурлаараа  “МАН энэ удаа  ямар ч намтай эвсэхгүй. Сонгуулийн дараа бол аль ч нам, эвсэлтэй ярьж болох сэдэв” гэв.  МАХН-ынхан болохоор яриа, хэлэлцээ явж байгаа. Хамгийн гол нь эвслийн гэрээ тов  тодорхой байх ёстой. Бүрхэг байж  болохгүй учраас сайтар ярилцаж шийдэх нь зөв.  Бид хамтрахын төлөө явж байна. Бага чуулганаараа ярьж байна. Эвсэх асуудал нээлттэй хэвээр” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Энэ сарын 19-ний  өглөөнөөс эхлээд өчигдрийг хүртэл өрнөсөн үйл явдал ийм. Бас нэг зүйл  анхаарал татсан  нь эгээ л сонгууль болж байгаа юм шиг  улстөрийн өрсөлдөгчөө  гутаасан, харлуулсан  захиалгат нэвтрүүлгүүд цацагдаж байсан явдал. Тухайлбал, 19-ний орой   “Улс төрд хөл тавьж буй залууст  сэрэмжлүүлж байна”  гэсэн  15 минутын нэвтрүүлэг цацагдаж байв. Түүний ард  МАХН-тай эвсэх хэрэггүй  гэсэн мессэжийг шууд өгч байсан гэхэд болно.

Нэвтрүүлэг  хоёр талын хооронд  завсар үүсгэсэн, захиалгатай, сонгуульд зориулсан  гэдэг нь тодорхой ч  цаад эзэд хэн бэ, АН уу, МАН уу, аль алийг дамнасан бүлэглэл үү гэдэг нь асуулт хэвээр.  Үүний зэрэгцээ зарим улстөрчийн “Хоёр намыг эвсүүлэхгүй байх хүсэл сонирхол бүхий  эсрэг ажиллаад байгаа нэр бүхий хүмүүс байна” гэсэн утгатай байр суурь ч  цахим ертөнцөд бишгүй  л харагдсан. Гэхдээ энэ хүртэл хөшигний ард юу болов, хэн юу хэлэв, хэн нь бөхийж, хэн нь гэдийсэн бэ гээд олон асуултад хариулт алга.  Энэ сарын 19 асуултаар дүүрэн ийм  өдөр болж өнгөрсөн. Өчигдөр ч ялгаагүй. Хөшигний ар дахийг сөхөж  үзвэл, хоёр талын  үг, үйлдлүүдээс  дүгнэлт хийж үзвээс эвсэх асуудлаар хүлээлт үүсгээд байсан энэ сарын 19-ний тухайд  үйл явдал үнэн хэрэгтээ  Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар  нарын “эвсэхгүй” гэсэн  мэдэгдлээр дуусаагүй аж.

Тухайлбал,  МАХН-ын Бага чуулган үдээс хойшдоо багтан хурлаа завсарлаж,  19-ний оройн  20 цаг гэхэд  хоёр талын ажлын хэсгийн 11 дэх удаагийн хуралдаан,  өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр  Төрийн ордон дахь МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд болжээ. Хуралд   МАН-ыг  төлөөлж,   тус намын  дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд,  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Су.Батболд,  намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн нар орсон байна. Харин  МАХН-аас  намын дарга Н.Энхбаяр,  УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан,  УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, намын дэд дарга нараас  Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга нараас  Б.Тулга очжээ.

Эндээс хэн юу ярьсныг сонирхвол МАН, МАХН ямар байр суурьтай байсан нь харагдана. Жишээ нь, хуралд ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Бид эвсэхийн төлөө явж байна. Бага чуулганаараа үргэлжлүүлэн нээлттэй хэлэлцэж байна. Ч.Хүрэлбаатар болон Г.Занданшатар тэргүүтэй гишүүд ямар учраас хэвлэлээр юу яриад байна вэ. Өдөржингөө хайгаад олохгүй байна. Биднийг хэлснээсээ буцчихлаа гээд л… буцсан асуудал байхгүй. Одоо  бид хамт суугаад  ярьж л байна шүү дээ. Хамтдаа эвсэж орох асуудлыг нухацтай бодож үзээч ээ. Ялъя, санал цуглуулъя, бодъё, сонгуульд оръё, эвсэе. Гуравдугаарт, дахин хэлье. Ерөөсөө хоцроогүй байгаа. Та бүхэн хоцорсон гэсэн шалтгаан гаргаж ирвэл ирж болно. Гэхдээ хуулийн заалттай нь гаргаж ир ээ. …Ийм маягаар гэрээ хийчихээд дөрөвдүгээр сарын 20  гэж ярьж болохгүй. Та нар хүсэхгүй байгаа юм байна. Түүх бичигдэж байна. Намын дарга нархариуцлагатайгаар ярих хэрэгтэй. Ялъя гэж бодож байвал эвсэе. Ажлын хэсэг маргалдаж болно. Намын дарга нар маргалдаж болохгүй. Үнэхээр дөрөвдүгээр сарын 20 гэдэг үг хуульд байвал би бууж өгье. Байхгүй байвал та нар дахин бодож үзээч ээ” гэсэн мэдээлэл байна.

Тэгвэл  МАН-ын дарга М.Энхболд “Сая Бага хурлаа түр завсарлуулаад ирлээ.Нөхцөл  байдал өөрөөр эргэсэн”  гэсэн үгсийг хэлжээ.  Үүний дараа хоёр намын дарга  Аудитын газарт материалаа өгөх хуулийн хугацааны тухай  ярьжээ.

Эцэст нь   МАХН-ын  гишүүд МАН-ынханд хандаж  асуудалд бодитой, үл ойлголцолгүй хандахыг уриалснаар  тарсан байна. Тэдний хувьд   эвсэх асуудал нээлттэй,  хуулийн хугацаа байна гэсэн байр суурьтаа өнөөдөр ч   бат зогсч байгаагаа хэлсэн байна. Эвсэх асуудлын эхлэл, өрнөл  иймэрхүү.  Намууд Аудитын газарт материалаа өгч бүртгүүлсэн ч үйл явдал хэрхэн үргэлжлэх  нь тодорхойгүй байна.

 

Ч.Хүрэлбаатар: СОНГУУЛЬД ДАНГААРАА ОРОЛЦОНО

МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо. Сонгуулийн хуульд заасан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоо, цаг хугацаа давчуу байсны дээр МАХН зөвшилцсөн зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн учраас эвсэх асуудлаар санал нийлсэнгүй.

 

Э.Эрдэнэжамъян: ЭВСЭХ ОРОЛДЛОГОО ЗОГСООХГҮЙ

МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй байгаа учраас эвсэх оролдлогоо зогсоохгүйгээр дахин санал тавина гэсэн байр суурьтай байгаа. Хуулиар дөрөвдүгээр сарын 28-наас өмнө намууд эвсэх асуудлаа СЕХ-д өгөх учраас цаг хугацаа байна гэж ойлгож байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ


URL:

Сэтгэгдэл бичих