Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний улиралд юу хийв
Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг уламжлал ёсоор олон нийтэд тайлагнаж байна.
920 албан тушаалтан хөрөнгө, орлогодоо их хэмжээний өөрчлөлт орсныг мэдүүлжээ
Улсын хэмжээнд 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 хүн хугацаа хожимдуулсан, 3 нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах нарт холбогдох хуулийн дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин мэдүүлгээ гаргаж өгөөгүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсангийн сарын урамшууллыг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Одод анхааруулга өгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэвийг ажлаас халжээ. Ч.Дэчингалсан, Л.Гэрэлт-Од нараар 2015 оны мэдүүлгийг нь нөхөн гаргуулсан байна. Дээрх нэр бүхий 5 хүнд сахилгын шийтгэлийг тухайн төрийн байгууллагын удирдлагын шийдвэрээр ногдуулсныг хэлэх нь зүйтэй.
Хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон талаар 920 албан тушаалтан мэдүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан 26189 албан тушаалтан байна. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан 786, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргасан 5589, давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулсан 140, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн 15 албан тушаалтан бүртгэгджээ.
Авлигатай тэмцэх газар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд, Иргэний нисэхийн ерөнхий газарт бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын мөрөөр “Улаанбаатар төмөр зам”-ын даргын тушаалаар 4, Хөдөлмөрийн сайдын тушаалаар 1, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 3 албан тушаалтанд тус тус “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан бол мөн Хөдөлмөрийн яамны 2 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар шийдвэрлэсэн.
Нийт 242 гомдол, мэдээлэл хүлээн авав
Авлигатай тэмцэх газар 2016 оны нэгдүгээр улиралд нийт 242 гомдол, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авчээ. Эдгээрийн 83 нь албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан өргөдөл, гомдол, мэдээлэл байна. Харин 90 нь авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байв. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 77 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл өмнөх оны үлдэгдэлтэйгээ нийлээд гэмт хэргийн шинжтэй 103 өргөдөл, гомдлыг хянан үзжээ. Тэдгээрээс 21-д нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 89.4 хувьтай байна.
2016 оны I улиралд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1644 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ.
Авлигын шалтгаан, нөхцөл үүсгэж буй 6 журам, 1 тогтоол, 1 дүрмийг хүчингүй болгуулахаар, 1 гэрээг хууль тогтоомжид нийцүүлэхээр албан бичгүүдийг хүргүүлсэн бөгөөд 3 байгууллагын ёс зүйн дүрэмд санал өгсөн байна. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан сурталчлах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтад 5548 хүнийг сургалтад хамруулжээ.
Мөрдөн шалгасан хэргийн 53-ыг нь шийдвэрлэсэн байна
Хуульд заасан харьяаллын 165 үйлдэл, 187 холбогдогчтой 120 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн дийлэнх нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэрэг эзэлж байна. Мөрдөн шалгасан хэргийн 53-ыг шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 15 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 10 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 5 хэргийг түдгэлзүүлж, одоо 62 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдлээ.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирал Ю.Энхтуул нар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Ц.Төрхүү нар, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Ч.Отгон нарын 8 хүнд холбогдох нийт 4 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэмт хэргийн улмаас 28 тэрбум 681.5 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 787.6 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нийт 2 тэрбум 298.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.
Авлигатай тэмцэх газрын 2016 оны нэгдүгээр улир алд хийсэн ажлын талаарх мэдээллийг товчоор хүргэсэн нь энэ бөгөөд дэлгэрэнгүйгээр авахыг хүсвэл тус газрын цахим хуудсаар http://www.iaac.mn/content/773#.VxWL8PmAVkQ хандах боломжтой юм.
Д.Ундрах
URL: