Би яах вэ?
Засгийн газар 2012 онд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхээр болж, 2012 оны нэгдсэн төсөвт тусгаад байгаа юм. Ахмадын баярын өмнөхөн гарсан Засгийн газрын энэхүү шийдвэр Монголын мянга мянган ахмадын магнайг тэнийлгэсэн сайхан мэдээ байлаа. Ахмадуудын сонорыг мялаасан сайхан мэдээ зөвхөн үүгээр дуусаагүй. Учир нь “Хүний хөгжил сан”-гаас нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр нь олгох шийдвэр гарсан. Газрын доорх их баялгийг дагаад, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж, тэр хэрээр төсвийн орлого илт сайжирсан нь энэ. Тиймээс байгалийн баялгаасаа хүртэж хувь хишгийг ард иргэдээ адилхан хуваах зарчмыг хангахын тулд Засгийн газраас ийнхүү ахмадуудын авдаг “хэд”-ийг өсгөж, ирэх жилийн сонгуулиас өмнөхөн эх орны хишиг хуваарилахаар шийдэж.
“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт Эх орны хишгийг нэгээхэн хэсэг болох 21 мянган төгрөгийг сар бүр олгож байгаа. Энэхүү 21 мянган төгрөгийн хишиг түгээлтийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгох ажээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгууль болтол эх орны хишиг 21 мянган төгрөгийг иргэд хүртэж, нийт дүнгээрээ 500 мянган төгрөгөө авч байна гэсэн үг. Харин үлдэж буй нэг сая төгрөгийн хувь хишгийг нийгмийн хэсэг бүлэг хүмүүст хүргэхдээ ахмад настан /55 наснаас дээшхи эмэгтэйчүүд, 60 наснаас дээшхи эрэгтэйчүүд/, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд бэлнээр олгохоор болжээ. Эх орныхоо хишгийг бэлнээр нь, бөөндөө нийтдээ 334 мянга 290 иргэн хүртэх тооцоо байгаа юм. “Хүний хөгжил сан”-гаас олгох энэ хөрөнгөний нийт мөнгөн дүн нь 334,2 тэрбум төгрөг болж байна. Тэгвэл Монголын их, дээд сургуульд сурч буй 170 мянган оюутны сургалтын төлбөрт зориулж “Хүний хөгжил сан”-гаас 83,6 тэрбумыг зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд сурч буй оюутны сургалтын төлбөрийг 500 мянгыг нь төр дааж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн сонгуулиар амалсан Эх орны хишгээс олгож буй мөнгө юм. Тэгвэл үлдсэн иргэд, хүүхдүүд Эх орны хишгээ яаж хүртэх юм бэ. Энэ талаар Улсын хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулахад “Эх орны хишгийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг иргэдэд хэрхэн олгохыг Засгийн газар шийдвэрлэнэ. Ямар ч байсан эхний удаад оюутнуудад сургалтын төлбөр болгон нийтдээ нэг сая төгрөг өгөөд байгаа. Харин ирэх жилээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Эх орны хишгийг үлдэгдэл нэг сая төгрөгийг бэлнээр нь тараахаар болсон. Бусад хүмүүсийн тухайд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд байртай болсон иргэдийн байрны зээлнийх нь нэг сая төгрөгийг нь төр төлнө” хэмээн хариулсан юм.
Байрны зээлгүй, оюутан биш, бас ахмад, эмзэг бүлгийн биш иргэд тэгвэл яах ёстой юм бол. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд биш арилжааны банкнаас зээл авч байртай болсон иргэд эх орны хишгээ аваад өрөндөө өгч болохгүй юу. Ингэхэд Үндсэн хуульд иргэдийг яс үндэс, нас зүсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт байдаггүй гэж үү. Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хүрээнд орон сууц худалдан авсан 100 мянган иргэний урьдчилгаа төлбөрт 100 тэрбум төгрөг олгохоор төсөвт суутгагдаж.
Дээрх хэлбэрүүдийг багцалбал, ойролцоогоор 600 мянган иргэнд сургалтын төлбөр, байрны зээл, бэлэн мөнгө хэлбэрээр Эх орныхоо хишгийн үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр болж байна. Эхнээс нь заримд нь үлдэгдэл мөнгийг нь өгөөд эхэлчихсэн л дээ. Харин үлдэж байгаа 2.2 сая иргэний хувьд нэг сая төгрөгийг хүртээхдээ яаж хүртээхийг Д.Баярсайхан даргаас асуухад “Авах юм учиртай. Амалсан амлалтаа Засгийн газар хэзээ нэгэн цагт биелүүлэх байлгүй дээ” хэмээн хариулсан. Авах юм учиртай нь үнэнч асуухгүй, сураглахгүй, тодруулахгүй өнгөрч болохгүй байна. Би хаанаас ямар хэлбэрээр Эх орны хишгийг үлдэгдэл нэг сая төгрөгөө хүртэх юм бэ. Эрх баригчдын төлөвлөснөөр бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас 536 ширхэгийг дахиад үнэгүй олгох эсвэл стратегийн орд газрууд дээр гаргаж буй Засгийн газрын хөрвөх бондыг бэлэглэх юм даг уу даа. Гэхдээ шийдвэр, тогтоол нь хараахан гараагүй. Өгөх эсэх нь ч тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт энэ талаар суутгагдаагүй байгаа. Тэгэхээр ирэх жилийн төсөвт суутгагдаагүй болохоор үлдсэн 2,2 сая иргэний үлдэгдэл болох нэг сая төгрөгийн хишгийг хэрхэн хүртэх өнөөдрийн хувьд тун ч бүрхэг байна.
Оюутан биш, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд байр аваагүй нь миний хохь уу. Энэ 2,2 сая иргэн ирэх оны сонгуульд оролцохгүй гэж эрх баригчид тооцов уу. Эсвэл “Эрдэнэс Тавантолгойн” хувьцаанаас ахиад 536 ширхэгийг авах юм байна гэж ойлгох уу, аль эсвэл стратегийн орд газрууд дээр гаргах Засгийн газрын хөрвөх бондоос хүртэнэ гэж тооцоолох уу. Байгалийн баялгаасаа орж ирж буй орлогыг иргэддээ ижил тэгш хуваах зарчим баримталж байгаа юм бол Эх орны хишгээ би хүртмээр байна, яах вэ.
Ж.Нямсүрэн
URL: