59 хүүхэд эндсэний эцэст төр Улаанбурханг анхаарч эхлэв
Халдварт өвчин судлалын үндэсний төвд он гарснаас хойш 13515 хүн улаанбурханы улмаас хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 1431 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн бөгөөд эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндсэн байна. Эдгээр эндсэн хүүхдийн 76.2 нь товлолт вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 0-8 сартай хүүхдүүд байжээ.
Гэхдээ тоног төхөөрөмжийн дутуугаас үүдэн эндсэн тохиолдол гараагүй гэдгийг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр хэллээ. Тэрээр “Тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс болж амиа алдсан хүүхэд байхгүй. Одоогоор таван хүүхдийн дунд нэг сувилагч, сувилагчийн туслах ажиллаж байгаа. Дахин сэргэсэн халдварт өвчний үүсгэгч мутацид орж, өмнөхөөсөө хоруу чанар нь өөрчлөгдөх хандлага байдаг. Одоо гарч буй өвчлөлийн үүсгэгч нь нэгээс хоёр хоногийн дотор уушгийг гэмтээж, улмаар цөөн хоногийн дотор хүүхдийн амь насанд аюултай байдал үүсгэж байна. Хүүхдийн уушгины зургийг өчигдөр, өнөөдөр авахад хоёр өөр хүнийх юм шиг гардаг. Ийм богино хугацаанд цочмог байдлаар уушги гэмтэж, эндэгдэл гарахад хүрч байна” гэсэн юм. Мөн эндсэн хүүхдийн 70 гаруй хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй байсан хэмээн эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Ирэх сард 18-30 насныханд нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд дархлаажуулалт хийснээс сар гаруйн дараа халдвар намжихыг мэргэжилтнүүд онцолж байна. Гэвч олон жилийн туршлагаас харахад улс оронд улаанбурханы дэгдэлт нь гарсан тохиолдолд гурваас дөрвөн жил үргэлжилдэг ажээ. Тиймээс иргэд өөрсдийн дархлааг сайжруулж, халдвар авахаас сэргийлэх, хүүхдүүддээ сайтар анхаарал халамж тавих шаардлагатай байна гэдгийг мөн эмч мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бямба гаригт ХӨСҮТ-д ажиллан, эрчимт эмчилгээний тасгийн эмч ажилтнууд, тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Энэ үеэр Ерөнхий сайд хүндэрч ирсэн хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор хэрэглэдэг иммуноглобулин, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирснийг хүлээлгэн өгсөн юм.
Мөн сүүлийн хоёр, гурван сар штабын зохион байгуулалттай ажиллаж буй багийг Улсын онцгой комиссын зэрэглэлд шилжүүлж ажиллуулах, хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий эм хэчнээн шаардлагатай байгааг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх, захиалгаар орж ирсэн тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-д яаралтай нийлүүлэхийг үүрэг болголоо. Мөн долдугаар сарын 1 хүртэл 0-8 сартай хүүхдийг гэрээр үзлэг хийх нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн дээрх хугацаанд нэг хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ асрах боломж бүрдүүлэхийн тулд цалинтай чөлөө олгохыг төрийн болон хувийн байгууллагуудад уриалав. Өнөөдөр ХӨСҮТ-д нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын дөрвөн аппарат, соруулгын таван аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар болжээ.
ХӨСҮТ тэр чигтээ сэхээний тасаг шиг болжээ
Улаанбурхан өвчний тархалт энэ жил огцом нэмэгдсэн тул иргэдийг халдвараас хамгаалж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улсдаа ганц байдаг мэргэшсэн эмнэлэг ХӨСҮТ хэт өндөр ачаалалтай ажиллаж байгаа билээ. Мөн сэхээн амьдруулах тасагт тоног төхөөрөмжийн хүрэлцээ байхгүй байгаагаас үүдэн хүүхдийн амь нас эрсдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Тиймээс ХӨСҮТ дээр бодит байдал ямар байгааг тодруулахаар очлоо.
Өвчний дэгдэлт, эмнэлгийн ачаалал ямар байгаа талаар Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Улаанбурханы дэгдэлт харьцангуй буурсан. Оны эхэн үед 400-500 тохиолдол гарч байсан бол одоо өдөртөө 200 гаруй хүн улаанбурханы сэжигтэй тохиолдол гэж манай төвд хандаж байна. Баасан гаригийн байдлаар 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Товлолын вакцинд хамрагдаж амжаагүй 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд хамгийн их өртөж байгаа. Үүнд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Иймээс эцэг, эхчүүд өөрсдийн биедээ анхаарч, дархлаагаа сайжруулах шаардлагатай. Хүүхэд нь зургаан сар хүртлээ эхийнхээ дархлаагаар өвчнөөс сэргийлдэг. Мөн гэрийнхэн нь гаднаас халдвар авахаас сэргийлэх ёстой. Тэгснээр бага насны хүүхдээ өвдөхөөс сэргийлнэ” гэв.
Сахиурын жижиг өрөөнд 20 гаруй хүн “амьдардаг”
ХӨСҮТ-ийн том хашааны зүүн хойд булан дахь хоёр давхар байшинг араар нь тойроод очвол буланд хажуугийн ханандаа “9” гэсэн дугаар бүхий төмөр бор хаалга бий. Орон сууцны халаасны өрөө шиг энэ жижиг өрөөнд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн сахиурууд “амьдардаг”. Халдварт өвчний эмнэлэг тул сахиуруудыг халдвар авахаас хамгаалж, ийнхүү тусгаарлана. Өрөөнд нэг ор, хөргөгч, түргэн тогоо зэргийг тавьжээ. Тавиур шүүгээ гэхээр зүйл байхгүй тул сахиурууд бүх зүйлээ шал, цонхны тавцан дээр тавина. Оройдоо бүгд гудсаа дэвсээд шалан дээр унтацгаадаг байна. Энд хамгийн ихдээ 28 хүн хонож байжээ. Заримдаа багтахгүй бол машинтай хүмүүс нь машиндаа хоног төөрүүлэх аж. Тэд хүүхдүүд дээрээ зургаан цагийн зайтай очиж, 10-20 минут хамт байдаг. Ингэхдээ сүү, солих живх, даавуу зэргийг сувилагч нарт нь өгдөг байна. Эмч сувилагч нарын тухайд тэд сайн үнэлгээ өгч байв. Хүүхдийн биеийн байдал, ямар эмчилгээ хийж байгаа тухай байнга мэдээлэл өгч байгаа тухай сахиур Р.Одончимэг ярив. Тэрээр “Эмч нар маш сайн ажиллаж байгаа. Эд ямар албаар өвчин тараасан биш, буруу гэж юу байхав. Эртээд нэг хүүхдийн зүрхний цохилт нь унасан. Аппарат ч тэр хүүхдийн зүрхийг барьж чадахгүй байхад эмч сувилагч нар цаг, цагаар ээлжлээд гараараа зүрхийг нь тогтоож байсан. Үнэхээр мундаг эмч нартай” гэлээ. Харин зарим сувилагч аашилж загнадаг гэдгийг тэд нуусангүй.
Нэг орон дээр хоёр хүүхэд
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой. Харин баасан гаригийн байдлаар 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Цөөн ортой, олон өвчтөнтэй байгаа тул нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлжээ. Заримдаа гурван хүүхэд ч нэг орон дээр хэвтэх тохиолдол гардаг. Хүүхдүүдийг тайван байлгах нь чухал учраас үргэлж нойрсуулах тариа хийж, унтуулдаг. Уг тасаг нь сахиурын өрөөнөөс дээрдээд байх зүйлгүй гэдгийг сахиурууд хэлсэн. Тааз нь шарлаад шохой нь ховхорчихсон, хэзээ мөдгүй хүүхдийн дээрээс унаж мэдэхээр байдалтай, залгуурууд нь мөдхөн дэлбэрэх байх гэлээ. Энэ тасаг бол үхэл амьдралын зааг учир энд эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэн бүгд битүүхэндээ айдастай байдаг. Үрээ алдсан хүмүүсийг олонтаа харсан учраас зүрхэнд нь оржээ. “Арван сар тээж төрүүлээд, хэдхэн сарын дараа алдаж байгаа эх хүнийг хажуунаас нь харах ямар хэцүү гэдгийг төсөөлөөд үз.“Би эндээс явахгүй. Намайг яагаад ингэж шийтгэж байгаа юм бэ” гээд л хүүхдийнхээ хэвтэж байсан орны төмрөөс тас зуураад уйлж буй бүсгүйг хараад зүрх хэдэн хэсэг болох шиг санагдсан” хэмээн Б.Энхцэцэгийг нулимс дуслуулан ярихад, сахиурын өрөөнд суух ээжүүд бүгд л нулимс унаган, эрчүүд нь хоолойгоо засан гадаа гарах нь нулимсаа дотогшоо залгиж байгаа хэрэг биз. Гэтэл тийнхүү үрээ алдсан ээжид хүүхдийг нь задлан шинжилгээнд оруулна гэж эмнэлгийнхэн хэлсэн гэнэ. Бүсгүй задлан шинжилгээ хийлгэхгүй гэсэн өргөдөл бичиж байж, хүүхдээ эмнэлгийн моргоос авч явжээ.
Дүүргийн эмнэлгээс халдвар авч байна
Улаанбурхан өвчин нь эхэн үедээ ханиад, томуутай адил шинж тэмдгүүд илэрдэг. Иймээс эмч нар ханиад нь хүндэрсэн хэмээн оношилж, дүүргийн эмнэлгүүдэд хэвтүүлж байгаа нь улаанбурханыг халдварлуулах бас нэг шалтгаан болж байна. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмнэлгээс халдвар авсан хэд хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Х.Ундралын хүү ханиад хүрч, улмаар хатгалгаа болсноор Сүхбаатар аймгаас ирж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх болжээ. Гэтэл тэнд хэд хоног хэвтсэн боловч эдгэрэх бус улаанбурхан өвчин тусч ХӨСҮТ рүү шилжсэн байна. М.Золжаргал хэмээх бүсгүй “Эх нялхсын амьсгалын замын өвчний тасаг нь тэр чигтээ халдвартай. Тэндээс охин маань улаанбурхан авчихсан. Өмнө нь ханиад хүрчихсэн байсан юм. Эх нялхаст Х.Ундралтай таарсан. Бид хоёр ингээд эмнэлэг бүрт л тааралдаад хамт явж байна даа. Тэгэхээр Эх нялхас нэлээд халдвар тарааж байгаа байх” гэсэн юм. Мөн энд улаанбурхан тусаагүй байсан ч буруу оношоор ирсэн хүүхэд ч байлаа. С.Энхмаа “Манай хүүхдийн ханиад нь хатгалгаа болчихсон байсан юм. Угаасаа харшилтай болохоор биеэр нь хааяа улаан юм туурдаг. Тэгсэн чинь эмч улаанбурхан байна гээд энд хэвт гэсэн. Анх манай хүүхдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байхад шууд хэвт гэчихэж байгаа юм. Мэдээж халдварлалт өндөртэй өвчин юм чинь энд ирээд халдчих нь тодорхой ш дээ. Буруу оношилсон эмчийн гайгаар хүүхэд маань өнөөдөр сэхээнд орчихсон байна” хэмээн ихэд бухимдангуй байлаа.
Ганц найдвар нь “Глобулин”
Жирийн тасагт эмчлүүлж буй хүмүүсийн эмчилгээг эмнэлгээс хариуцан хийдэг бол эрчимт эмчилгээний тасагт гаднаас эм, тариа авахуулах шаардлага зайлшгүй гарч байна. Энд үхэлтэй тэмцэлдэн байгаа тэдгээр бяцхан үрсийг аврах найдвар нь “Глобулин” тариа ажээ. Гэвч энэхүү тариа сүүлийн үед олдохоо больсон байна. Монголд зөвхөн “Монгол эм импекс” оруулж ирдэг бөгөөд бүх салбараар нь яваад эцэг эхүүд олоогүй байна. 185000 төгрөгөөр худалдаалагддаг ч шагчид 300 орчим мянгаар зардаг байна. “Энд байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь хөдөөнөөс ирсэн, амьдралын боломж тааруу хүмүүс. Дээрээс нь багадаа л сар гаруй эмнэлгээр явсан болохоор ихэнх мөнгөө дуусгасан. Ийм байхад 185000 төгрөгөөр тариа худалдаж авах боломж маруухан. Бүх таньдаг хүн рүүгээ ярьж байж, арай хийж хоёр, гурван тарианы мөнгө цуглуултал тариа нь олдохоо байчихсан. Шагчдад ч алга” хэмээн Б.Энхцэцэг ярилаа. Харин Х.Ундрал “Глобулин”-ыг Солонгосоос захиж авчруулсан бөгөөд тэндээ 30 мянган воны үнэтэй байжээ. Тэрээр “Солонгост 30 мянган вон гэдэг юм байна лээ. Энэ тариаг зөвхөн улаанбурхан туссан хүн хэрэглэдэг юм биш. Бэртэл гэмтэл авсан, хагалгаанд орсон гээд олон төрлийн өвчтэй хүн хэрэглэдэг. Монголын нийгэм ер нь ядуу. Тиймээс өвдсөн хүн тэр бүр 185000 мянгаар тариа авч чадахгүй тул хөнгөлөлттэй үнээр олгох эм, тарианы жагсаалтад оруулмаар байна” гэсэн юм. Мөн энэ тариаг л олоод хийлгэсэн бол олон хүүхэд үхлээс аврагдах боломж байсан гэлээ.
Ийнхүү ХӨСҮТ-д эмчлүүлж буй бяцхан үрс үхэлтэй тэмцэлдэн сэхээний орон дээр хэвтэж, эцэг эх нь ном уншуулж, маань мэгзэм уншин бүхий л аргаа хэрэглэж, хүүхэд минь эрүүл байвал бусад нь яахав хэмээн нүдэндээ нулимстай сууна. Хагацал үзсэн, ийм явдал тохиох вий гэсэн айдастай эцэг эхчүүдийн нулимсанд ХӨСҮТ “угаагдаж” байна. Идэх хоол, унтах нойроо умартан үр хүүхдийнхээ төлөө эмч нарыг ээрч, биеийн байдлыг нь асууна. Ийш тийш утас цохиж, мөнгө сураглана. Ийм л байдлаар сахиурууд өдөр хоногийг өнгөрүүлнэ.
Эмч сувилагч нарын тоог нэмэгдүүлж, үнэтэй эм тариаг хөнгөлөлттэй үнээр олгож, хүүхдүүдийн минь амийг авраач хэмээн төр засагт уламжиллаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээний тоног төхөөрөмжтэй болгож, өвчнийг эрт илрүүлэх боломжтой болгохыг хүссэн юм. Үр ашиггүй зүйлд хэдэн тэрбумаар нь зарцуулдаг манай төр ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө эм тариаг нь зуун хувь биш юм аа гэхэд тодорхой хувиар нь яагаад хөнгөлж болдоггүй юм бэ. Улс оронд нэг ч гэсэн хүүхдийн амь хайран баймаар. Анхнаас нь яагаад дорвитой арга хэмжээ авч болсонгүй вэ.
Эндсэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэлээ
Он гарсаар улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд эндсэн. Бямба гаригт улаанбурханы улмаас эндсэн эдгээр хүүхдийн дурсгалыг хүндэтгэж, “Бойтогтой жагсаал”-ыг зохион байгууллаа. Энэхүү тайван жагсаалыг фейсбүүк дэх ээжүүдийн группээс санаачлан зохион байгуулсан юм. Тайван жагсаалын үеэр иргэд зул асаан, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд хандив өргөх үйл ажиллагааг зохион байгуулсан. Цугласан иргэд бойтог, тоглоом, живх зэргийг авчирч өвчинд шаналж буй хүүхдүүдэд хандивлаж байлаа. Ийнхүү тайван жагсаалыг улстөрчдийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, дорвитой шийдвэр, арга хэмжээ авахыг уриалсан юм.
Б.БАДАМАА /АРДЫН ЭРХ/
URL: