Нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай валютын ханшийн савалгаа арилна

4dffd7d2109cb0fe21ddc024fc72dfddМонгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “ВТБ” банкнаас 300 сая ам.долларын худалдааны зээл авахаар болов. Уг зээл 7.5 хувийн хүүтэй бөгөөд хойд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч дөрвөн компанид арилжааны банкуудаар дамжуулан олгох аж. Ингэхдээ өнөөгийн зах зээлийн хүүгээр олгоно гэдгийг Хөгжлийн банк захирал Н.Мөнхбат хэллээ. Валютын гадагшлах урсгалд газрын тосны бүтээгдэхүүний импорт 20-25 хувийг эзэлдэг. Сүүлийн нэг жилд 800 орчим сая ам.долларын импорт хийснээс харахад энэ төрлийн импорт валютын гадагшлах урсгалд багагүй жин дарж байна. Дээрх зээлийн хэлэлцээрийн дүнд шатахуун импортлогчид 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ “Роснефть” компаниас авдаг хуучин тогтолцоог халж, тодорхой хугацааны дараа төлөх уян хатан нөхцөл бүрдлээ. Улмаар улирлын чанартай валютын ханшийн савлагаа, шатахууны жижиглэнгийн үнийн хэлбэлзэл багасна гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзий-бүрэн онцлов.
Тэрбээр “Хавар, зуны улиралд валютын ханш огцом савладаг, намар уул уурхайн өгөөж орж ирдэг учраас энэ урсгал жигдэрдэг. Үүнийг жигдлэхэд томоохон дэмжлэг болно. Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох тогтолцоо руу шилжих алхам бас тавигдана” гэсэн юм. Энэхүү худалдааны санхүүжилтийн 36 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд хэрэгцээнээсээ хамаарч хэсэгчлэн авч хэрэглэснээр нийт 1.3 тэрбум ам.долларын баталгаат эх үүсвэр болох аж. Тиймээс валютаар хийгддэг бензин шатахууны бэлэн төлбөрийн хугацааг сунгах, гадаад валютын албан нөөц нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнийг тоггвортой байлгахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат үзэж байна. Тэрбээр “Хоёр орны хооронд сүүлийн 30 жилд хийгээгүй томоохон гэрээ, хэлэлцээрийг байгууллаа. ОХУ-ын банкны санхүүжилтээр “Роснефьт” компанийн бүтээгдэхүүнийг дотоодын компаниуд импортлох боломжтой боллоо. Эхний ээлжид “Ник”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” компанийг энэ зээлд хамруулна. Энэ сонголтыг Оросын тал хийсэн. Цаашид жижиг аж ахуй нэгжийг хамруулах ажлыг үргэлжлүүлнэ” гэв.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих