“Багш” найраглалаар бүтээсэн хөшөөний нээлт боллоо

Монгол Улсад ардын хувьсгал ялж, олноо өргөгдсөний арваннэгдүгээр он буюу 1921 оны наймдугаар сарын 14-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоолыг баталж, Нийслэл хүрээнд буюу одоогийн Улаанбаатар хотод анхны бага сургуулийн шавыг тавьж, 59 хүүхэд, хоёр багштайгаар хичээллэж эхэлснээр өнөөгийн шинэ цагийн боловсролын салбарын эхлэл тавигдсан түүхтэй.

Эдүгээг хүртэл 90 жилийн хугацаанд манай  боловсролын салбар маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол гэсэн тогтолцоотойгоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол болтлоо хөгжөөд байгаа билээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 864 цэцэрлэг, ерөнхий боловсролын 760 сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төв, 102 их, дээд сургуульд 900 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус эрдэм мэдлэгээр жигүүрлэж, эрдмийн саруул танхимд 40,0 мянган багш зааж байна.

Монгол төрийн түшээдээс эхлээд эрдэмтэн судлаачид, эмч сувилагч, инженер технологич, сэтгүүлч зураглаач, цагдаа цэрэг, ажилчин тариаланч, сурагч багачууд гээд хэн бүхнийг эрдмийн дөрөөнд анх дөрөөлүүлж, ухаан билгийн оньсыг тайлсан ачтан бол яахын аргагүй БАГШ билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм заалгаагүй хүмүүн гэж байхгүй.

“Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм Та,
Тус бүтээж даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч юм Та” гэж ардын багшийг нэгэнтээ магтан шүлэглэсэн байдаг.

Тиймээс хүн бүхний сэтгэл зүрхэнд дээдлэгдсэн, шүлэг, дуунд дуурсагдсан үе үеийн ачит мэргэн багш нарынхаа суу алдрыг мандуулахаар боловсролын салбар үүсч хөгжсөний  түүхт 90 жилийн ойгоороо Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн “БАГШ” найраглалаар бүтээсэн хөшөөг эрдэм оюуны уурхай болсон Багшийн сургуулийнхаа өмнө мөнхлөн босгож байна.

Ийнхүү хөшөө босгохын учир гэвэл хүн ардыг соён гэгээрүүлж улс орны тусгаар тогтнол,  хөгжил, цэцэглэлтэд МОНГОЛ багшийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хөдөлмөр зүтгэлийг алдаршуулахад оршиж байна.

Хөшөө нь үндсэн гурван хэсгээс бүтэх бөгөөд боловсролыг бэлгэдсэн ухааны далай номон дээр Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалыг сийлж, багш шавийн барилдлага, багшаа хүндэтгэн дээдлэхийн илэрхийлэл болгож нэг нь уншиж, нөгөө нь сонсож буй 2 хүүхдийн барималуудаас бүрдэнэ.

Хөшөөг “Үүдэн чулуу” хувьцаат компанид урласан бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нарийн ширхэгтэй саарал боржин чулуугаар сийлбэрийн урлагийн ухах, цохих, товолгойж цохих аргуудыг хэрэглэж бүтээсэн. Хөшөө нь нийт 28 тонн жинтэй болно.

“Багш” хөшөөг бүтээх ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж 10 гаруй сарын турш үндсэн 15 барималч, сийлбэрчид уйгагүй хөдөлмөрлөж энэхүү сайхан бүтээлийг та бүхний өмнө цогцлоон байгуулсан байна.

Б.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих