Х.Баттулгын компаниудад нэгжлэг хийж, АТГ-ын даргыг чөлөөлсөн өдрүүд

1460770557571196fdb74b1Энэ долоо хоног үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. ХҮН-ын даргыг бүртгэхээс татгалзахаас эхлүүлээд айлчлал, нэгжлэг, албан тушаалаа өгсөн гээд үйл явдалтай өдрүүд үргэлжилсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон дуулиан

Өнгөрсөн даваа гаригийн 15.00 цагийн орчим “УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл сошиал медиагаар хурдацтай тархсан. Улмаар УИХ-ын зарим гишүүн, АН-ын гишүүд болон жудогийнхон, Х.Баттулга гишүүнийг дэмжигчид хүрэлцэн очиж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэхчлэн сүржин мэдэгдлүүдийг хийсэн юм. Түүнчлэн баг зүүсэн цагдаа нар хамгаалалтад гарсан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн. Гэхдээ ЦЕГ-аас “УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлан саатуулах гэсэн болон гишүүний бүрэн эрхэд халдсан зүйл огт болоогүй. Баянгол зочид буудлын оффист байрлах Женко группын  охин компаниуд болон “Түмэн хишигтэн”, “Баялагын хувь” гэх хоёр компанийн санхүүгийн бичиг баримтуудад прокурорын зөвшөөрөлтэй албан ёсоор нэгжлэг хийсэн” гэж цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж, улмаар тус компанийн санхүүгийн бичиг баримтуудыг хураан авч явсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Засгийн газрыг унагана гэв

Эл үйл явдал болоод өнгөрсөний маргааш буюу мягмар гаригт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр, “Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий.  Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ч.Сайханбилэг өөрөө амалсан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна. Одоо Засгийн газрыг “унагах” л сонголт үлдэж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулахгүй бол сайдуудаа татна” гэсэн юм.

АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал нь УИХ-ын чуулганы хуралдаанаар Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 75.4 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжсэн юм.

АТГ-ын дарга Н.Ганболд “Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Албан тушаалын наймаа хийсэн зүйл байхгүй. Тэтгэвэрт гарах нас дөхсөн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоод явна” гэж мэдэгдэн ийнхүү албан тушаалаа өгсөн юм.

Сергей Лавров манай улсад айлчлав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад албан ёсоор айлчлахаар өнгөрсөн пүрэв гаригийг 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтан авсан юм. Сергей Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж,  хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөсөн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн асуудлаар мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд өрийн болон улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна” гэхчлэн мэдэгдсэн билээ.

Ерөнхий сайд: Улаанбурханы асуудлыг зохион байгуулалттайгаар сошиалаар шуугиулж байна

Ерөнхий сайдыг өрийн асуудлаар мэдээлэл хийсний дараа Шадар сайд Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм.

Харин энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбурханы асуудлыг зохион байгуулалттайгаар сошиалаар шуугиулж байгааг шалгуулна. ТЕГ-аар шалгуулна” гэсэн юм.

Он гарсаар Улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд амиа алдсан гэх мэдээлэл байна.

ХҮН-ын даргыг бүртгэхээс татгалзав

Хөдөлмөрийн үндэсний намаас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх өнгөрсөн сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ. Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг ирүүлснийг Дээд шүүхэд хэлэлцэв. Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих