Улаанбурханд дарлуулж, улс төрд дөнгөлүүлсэн монголчууд

3093Холбогдох эмнэлэгүүдэд нь аппарат байхгүйгээс болоод хүндээр өвчилсөн хүүхдүүд өвчнөө даалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгааг сануулсаар атал хэн ч анхаарлаа хандуулсангүй, өнөөдрийг хүрлээ. Европт тархаж, олон зуун хүүхдийн амь насыг авч одож байсан энэ өвчнийг “Хүүхдийн тахал” хэмээн нэрийддэг. Энэ тахал манай улсад хэдийнэ нүүрлэж, ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт улаанбурхнаар өвчилсөн хүүхдүүд шаналж, эцэг, эхчүүд нь гадаа машиндаа хонож байгаа аж.

Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад зориулж, нөөц хөрөнгөнөөс 950 сая төгрөг гаргах шийдвэр гаргаж, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон. Харамсалтай нь энэхүү мөнгөний зарцуулалт хэрхсэн нь тодорхойгүйн дээр уг өвчний улмаас амиа алдаж буй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.

Нас барсан хүүхдүүдийнхээ хэрэглэж байсан эд зүйлсийг бусдад тус болох үүднээс үнэгүй өгөх санал гаргаж байгаа эхчүүд өр өвтгөж, өвчиндөө шаналсан хүүхдүүдийг аварч чадаагүй эмч нар өөрсдийгөө чамлаж байхад улстөрчид ард түмний нүдэнд өртчих санаатай, сенсаацитай гэсэн бүхэн рүү хошуурч байгаа нь эмгэнэл.

Жагсаал, цуглаан хийж, нэг нэгнийхээ мууг үзэх гэж улайран зүтгэж байгаа улстөрчид хэн нэгэн эрх мэдэлтэнд тал засаж, ард түмэнд таалагдах гэснээс өөр асуудалд анхаарлаа хандуулахгүй байгааг хүн бүр мэдэж байгаа ч өөрсдөө ч гэсэн энэ улс төрд дөнгөлүүлчихээд гарч чадахгүй зүдэрсээр л.

Хатуугаар хэлэхэд улаанбурхан өнөөдөр улстөрчдийн хувьд өөрсдийн рйетингийг өсгөх нэгэн чухал хэрэгслүүр болох нь дамжиггүй болчихлоо. Ард түмэнд таалагдах өгөөш болж харагдах, сенсааци гэсэн бүхнийг тэд нэг нэгнээсээ өрсөн шүүрэн авч, асуудлыг шийдэхээ амлах моод дэлгэрсэн. Сонгуулийн шоу хийгээд ч хамаагүй, улстөрчид минь улаанбурханы асуудлыг шийдэж өгөөч гэж ард түмэн та бүхнээс хүсч байна.

 

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих