Л.Эрдэнэчимэгийн хийтэй мэдэгдлүүд
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад янз бүрийн ааш араншинтай түшээд бий. Тэдний дундаас байсхийгээд л хийтэй мэдэгдэл хийдэг нь “Монос”-ын гэж нэрлэж заншсан Л.Эрдэнэчимэг гишүүн. Жиргээнд бензтэй болсноо гайхуулж, угсруулан машинаа рекламдсан түүнд цахим ертөнцийнхэн “Бенз Эрдэнэчимэг” хэмээх хоч өгсөн. Төрийн түшээ хүн байж намбагүй загналаа гэж шүүмжлүүлсэн ч Л.Эрдэнэчимэг гишүүн гандан буураагүй. Хийтэй мэдэгдлүүдээрээ олныг гайхашруулсаар явна. Баянгол зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд ЦЕГ-аас нэгжлэг хийж, үүнийх нь дүйвээнд урлаг, спорт, улс төрийнхөн гадаа нь цугларч сүрийг үзүүлсэн үйл явдал уржигдархан боллоо. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ийм дуулиант үйл явдлаас яаж хоцрох билээ. Бүр Х.Баттулга гишүүнтэй хамт дотор байсан гишүүдийн нэг. Дараа нь Л.Эрдэнэчимэг гишүүн хэвлэлийнхэнд яриа өгөв. Хэд хэдэн удаа сонссон ч эрхэм түшээгийн яриаг ерөөс ойлгосонгүй. Тэрбээр “Бид энд байсан тулдаа Х.Баттулгыг баривчлуулсангүй” гэж жинхэнэ хийтэй үгээ хэлэв. Өөрийгөө дөвийлгөж, онгирох өнгө аястай хэлсэн энэ үг нь үндсэндээ “Бид хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж чадлаа” гэж хэлснээс өөрцгүй зүйл. Өөрөөр хэлбэл, “Би хууль зөрчлөө” гэсэнтэй агаар нэг мэт санагдана. Араас нь “Гишүүд тойрогтоо өрсөлдөж гарч ирдэг байх ёстой. Жагсаалын 28 байхгүй болгож, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өөрчлөлт оруулахын төлөө ойрын долоо хоногт ажиллана” гэлээ. Улс төрийн намууд зөвшилцөж, Сонгуулийн тухай хуулийн төслөө арайхийж баталсан. Хэчнээн ч удаан Сонгуулийн хуулиар талцаж, хуваагдаж байж нэг юм ард нь гарлаа даа. Тэгээд ч Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт бий. Л.Эрдэнэчимэг гишүүн Сонгуулийн хуулийг өөрчилж, дахин хэрүүлийн алим шидэх сонирхол байгаа нь илт. Харин ийм хуулийн орон зай бий юү гэдэгт асуудал бий. Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийсний дараа Л.Эрдэнэчимэг гишүүн Засгийн газраас МоАХ квоттой дөрвөн сайдаа татаж, Засгийг унагаах тактикаа хэвлэлийнхэнд зарлав. Тэр үнэхээр супер байгаа биз. УИХ-ын 2016 оны сонгууль хаяанд ирчихээд байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, Ч.Сайханбилэгийн танхимыг татаж, унагана, Х.Баттулгын бараг баривчлах гэж байсныг нь болиулна, дээр нь Тавантолгойг гацаана. Бүх талын авъяастай гэдэг шиг асуудал бүхэн рүү үсчдэг, хэлж ярьж байгаа үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ийм хийтэй гишүүд манайхаас өөр оронд байдаг болов уу. Сонсохнээ Япон мэтийн азийн өндөр хөгжилтэй оронд хэлсэн хийтэй үг байтугай, хийсэн буруу үйл хөдлөлийнхөө төлөө ард түмнээсээ уучлал гуйдаг юм гэлээ. Хэрвээ тийм хэмжээний улс төрийн соёл манайд төлөвшсөн бол Л.Эрдэнэчимэгтэнгүүд хэдэнтээ огцорчихсон байгаа даа. Тэгэхээр эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж яарахаасаа өмнө болчимгүй ярьж, хэлдэг буруу зуршлаа засчихмаар байна.
Пуужин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Улсын мөнгө хуссан гэж шалгаж байхад битгий шалга гэдэг хэн бэ энэ тэнэг авгай
ЁСТОЙ МЭДРЭЛ АВГАЙ. ДАХИАД СОНГОГДОХЫГ ЧИНЬ ХАРНАА ГАЙГҮЙ.