Монголын дотоод хэрэгт гуравдагч талуудыг оролцуулахгүй гэв үү

lavrov-768x512ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр өглөө манай улсад ирлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана. Тэрээр Монгол, БНХАУ, Япон улсуудад албан ёсны айлчлал хийх шахуу хөтөлбөртэй яваа. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Монголд хийх айлчлалтай холбогдуулан “Айлчлалын үеэр сайд нар хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батална. Энэ бол улс төр, худалдаа-эдийн засгийн болон олон улсын хүрээнд хамтын ажиллагааг хамарсан томоохон бичиг баримт” гэж  хэлснийг РИА Новости агентлаг дамжуулсан.

Монголд ирэхийнхээ өмнө буюу 12-ны өдөр С.Лавров айлчлалтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн  юм. Тэрээр хэлсэн үгэндээ “ОХУ Монгол Улс маш олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Төр, Засгийн газрын тэргүүн, сайдуудын түвшинд яриа хэлэлцээрүүд тогтмол хийгдэж байна. Хоёр улсын харилцааны хувьд энэ бол маш ашигтай давуу тал гэж бид үзэж байна. Сүүлийн үед хоёр орны худалдааны эргэлт буурсан ч үүнд дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, валютын ханшийн хэлбэлзэл нөлөөлж байна хэмээн үзэж байна. ОХУ-д Монгол Улсын Засгийн газрын төлөх ёстой 174 сая ам.долларын өрийг тэглэсэн нөхцөл байдалд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж гарч ирж байна гэж би үзэж байна. Монгол Улстай харьцуулахад газар зүйн байршлаасаа үүдээд геополитикийн илүү их сорилт ОХУ-д тулгардаг. Харин танай улсын хувьд та нарын ярьдагчлан Орос болон Хятад гэсэн хоёр их хөрш байна. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад болон Монголын удирдагчдын гурван талын уулзалтын механизм бий болсон нь их чухал юм. Практик асуудлуудыг шийдэхийн тулд мөн ийм яриа хэлэлцээ бусад түвшинд болж байна. Миний бодлоор, геополитикийн сорилтууд нь сорилт болон аюул заналхийлэл гэж нэрлэдэг болсон терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бусад хэлбэр, экологи, тогтвортой хөгжлийн бусад хэлбэрүүд гээд бүх улсад ижил болжээ. Төрийн тогтвортой хөгжлийг хангах асуудлыг би нэмж нэрлэмээр байна. Тухайн улс Үндсэн хуульдаа заасны дагуу, улс төрийн бүх хүчнийхээ оролцоотойгоор дотоод бүх асуудлаа шийддэг, хэн нэгэн хөндлөнгөөс дотоод асуудалд оролцохыг зөвшөөрдөггүй шүү дээ. Харамсалтай нь, ийм оролдлого олон улсын практикаас ул үндсээрээ арилаагүй байна. Танай агуу хоёр хөрш болсон ОХУ болон Хятад улс /Хятад нөхдийнхөө нэрийн өмнөөс хэлэхээс эмээхгүй байна/ дотоодын хөгжих үйл явцад хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогоос найрсаг Монгол Улсыг хамгаалахын тулд бүхнийг хийнэ” хэмээн хэлжээ.

Дашрамд дурдахад Монголыг зорихынхоо өмнөхөн хэлсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын үгнээс “Монголын дотоод хэрэгт гуравдагч талуудыг оролцуулахгүйн тулд ОХУ болон БНХАУ бүгдийг хийх болно” гэсэн утгатай үгс магадгүй олны анхаарлыг татаж болзошгүй байна. Мөн С.Лавров “Чингис хаан” ОУНОБ-д жинсэн өмд өмсөж, зангиагүй буусан нь ч сонирхолтой.

Ямартай ч тэрээр энэ сарын 18-нд Москва хотод Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтад оролцох тул Монгол Улсад шахуу хөтөлбөртэй ирж байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ тухай “Шахуу хөтөлбөрийн хүрээнд хийх уулзалтуудаас гадна айлчлалын дүнд хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батална” хэмээсэн. Мөн “Энэ нь улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улсын харилцааны салбарыг хамарсан баримт бичиг юм” гэж дурдсан байна. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд шинэ эрч хүч авчирна хэмээн Оросын талаас онцлоод байна.

politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих