Ф.Жексоны дурсамж: Кобигийн намтар

Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ карьерийнхаа турш харуулсаар ирсэн. Өчигдөр гэхэд л нийт замналынхаа турш авсан оноогоороо Майкл Жорданыг  гүйцэн түүнийгээ дахин нэг нотолсон юм. Сагсан бөмбөг сонирхогч хэн бүхэн Кобигийн тоглогчийнх нь хувьд мэдэх хэдий ч талбайн гаднах амьдралыг нь, ялангуяа мэргэжлийн тамирчин болох хүртэлх намтарыг нь тэр бүр мэдэхгүй байх. Тиймээс Коби 1996 онд НБА-д хөл тавих хүртлээ ямар амьдралыг туулж ирсэн талаар сонирхуулж байна. Мөн нэмээд  Фил Жэксон өөрийн намтар номондоо Кобигийн талаар бичсэн хэсгүүдээс орууллаа.
КОБИ БИЙН БРАЙНТ

Коби Брайнт бол ахлах сургуулийн одоос коллежийг алгасан шууд л мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрээр өөрийн ур чадвараа НБА-д амжилттай нутагшуулж, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийн гурван ч аваргын бөгж халаасалчихаад байлаа. Улмаар өсөн дэвжсээр уг тоглоомын түүхэн дэх хамгийн шилдэг олон талт тоглогчдын нэг болж, эцэст нь 4, 5 дахь бөгжөө зүүгээд байна. Энэ бол түүний түүх…..

lat-sp-1-kobe-bryant-20141203
Коби Брайнт 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Пенсильвани мужийн Филадельфиа хотод төрсөн. Түүний эцэг эх нь болох Joe, Pam нар Sharia, Shaya гэсэн хоёр охинтой байсан бөгөөд Коби тэдний гурав дахь, айлын отгон хүү болон мэндэлсэн юм. Брайнтынхан бусдын л адил энгийн нэгэн гэр бүл байсангүй. Эцэг Joe нь Филлигийн John Bartram ахлах сургуулийн домогт тоглогч байсан бөгөөд мэргэжлийн карьераа 3 нь ч өөр улсын лигт өнгөрүүлсэн нэгэн.

lat-sp-1-kobe-bryant-20141203
206 см өндөртэй ч холбон тоглогчийн байрлалд тоглох чадвартай Jellybean Joe-ийн хувьд НБА-д байр сууриа олж чадаагүй юм. La Salle их сургуулийн шилдэг тоглогч байсан тэрээр 1975 онд Голден Стэйт багт драфтлагджээ. Гэсэн ч Уорриорз түүнтэй гэрээ хийхээс татгалзсан учир Филаделфиатай тохиролцоонд хүрсэн юм. 76-чуудын эгнээнд 606 тоглолт хийсний дараа Joe Сан Диего Клиппер болон Хьюстон Рокитс багуудад тоглон 8,7 оноо дундажласан. Мөн тэрээр Европын мэргэжлийн лигт ч тоглож байв. Зарим нь түүнийг багуудад гологдсон гэцгээдэг бол өөр бусад нь тэр зүгээр л цаг хугацаанаасаа түрүүлээд төрчихсөн гэж ярьдаг. Учир нь түүний тоглолтын хэв маяг тухайн үеийн багуудын тактикт тохирдоггүй байсан бөгөөд бага зэрэг хожуу төрсөн бол од хэмжээний тоглогч болох байсан нь эргэлзээгүй юм.

Pam нөхрийнхөө карьерийн уналтын болоод бусад үед түүний талд байсаар ирсэн. Тэд хүүхэд ахуйгаасаа л хамтдаа байсан. Тэдний эцэг эхүүд нь Филадельфиагийн нэг хороололд амьдардаг байлаа. Тэд 1960-аад оны үед байнга л таардаг байсан бол 1970-аад оны үед коллежд байхдаа харилцаагаа гүнзгийрүүлж, удалгүй гэрлэсэн юм.
Коби сагсан бөмбөгөөр амьсгалж өссөн хүүхэд байлаа. Хүүгээ төрөөд жил болж байхад Joe солилцоогоор Сан Диегод ирсэн. Брайнтынхан нарлаг Өмнөд Калифорнид сэтгэл хангалуун амьдарч байв. Коби ч баруун эрэгт байгаадаа дуртай байсан юм. Тэрээр аль 3 настайдаа л НБА-ийн од болох талаараа хүмүүст ярьдаг болчихсон байв.

1982 оны зун Joe Рокитст орсноор тэдний гэр бүл Хьюстон рүү нүүхээр болсон. Илүү цалин авахын тулд амьдралынхаа төлөө хийсэн аавынхаа үйлдлийг ойлгож байсан Коби НБА-д илүү татагдаж эхлэсэн. Түүний дуртай тоглогч нь аавтай нь адил хүчний довтлогчид баймаар биетэй ч холбогчоор тоглодог Мэжик Жонсон байлаа. Түүний тоглолтын хэв маяг, хожил байгуулж буй зэрэг нь залуу хүүд нөлөө үзүүлж, Лэйкерс дуртай мэргэжлийн баг нь болсон юм.

Joe-ийн гэр бүл Хьюстонд нэг л улирлыг өнгөрүүлсэн. Рокитс түүнтэй шинэ гэрээ байгуулахгүй гэхэд нь тэрээр Италийн Rieti багтай гэрээ үзэглэсэн юм. Брайнтынхны сагсан бөмбөгийн амьдрал үргэлжилсээр л. Коби болоод түүний эгч нарын хувьд харь улс, мэдэхгүй хэл гээд л хоорондоо л харьцахаас өөр сонголтгүй байдал нь тэднийг улам нэгтгэж байлаа. Тэд өдөр бүр хичээлийн дараа шинэ Итали үг, хэлц цээжилсээр 2 сарын дараа гэхэд Италиар бараг л чөлөөтэй ярьдаг болжээ.

Эцэст нь Joe мэргэжлийн карьертаа том дэвшил гаргаж чадлаа. Тэрээр тоглолт бүрт тогтмол 30-40 оноо авч, цалин нь өсөн, гэр бүлийнх нь амьдрал ч сайжрав.

Кобигийн амьдрал аавынхаа сагсан бөмбөгийн хэмнэлээр өрнөж байсан юм. Тэр байнга л аавынхаа бэлтгэл дээр очиж, тоглолтыг нь үзэхгүй алгасах нь ховор байв. Коби аавынхаа хөдөлгөөнүүдээс суралцаж, түүний тоглолтыг дуурайхыг оролддог байлаа. Заримдаа тоглолтын хагас цагийн завсарлагаанаар талбайд гарч шидэн фэнүүдийг хөгжөөх нь ч бий.

 

Joe-ийн гэр бүл аялаж зугаалаагүй үедээ бусад Америк тоглогчдын гэр бүлтэй хамт цагийг өнгөрүүлдэг байсан. Тэдний дунд Tauja, Tamika зэрэг коллеж болон WNBA-ийн од тоглогчид ч байв.
Аавынх нь тохолт, харахгүйгээр өгдөг дамжуулалт зэрэг нь үзэгчдийг хөөргөж, чих дүлийрэм хашгирахад хүргэж байгаа зэрэг нь Кобид НБА-ийн мөрөөдлийн карьераа эхлүүлэх хүслийг нь улам төрүүлж байлаа. Гэсэн ч хөлбөмбөгт нэвт дурласан Италичууд түүнийг өөр зүйлд уруу татахыг оролдож байсан юм. Тэд Кобид урт гар, шалмаг хөдөлгөөн, үсрэх чадвар чинь чамайг дэлхийн хэмжээний хаалгач болгоно гэж нэг бус удаа хэлдэг байв.
Коби эмээ өвөөдөө үргэлж л талархаж явдаг. Тэд НБА-ийн тоглолтуудыг бичсэн хуурцагийг долоо хоног бүр Италид байгаа ачдаа илгээдэг байлаа. Аав, хүү хоёр тэдгээр болон Америкаас Joe-д ирсэн бусад бичлэгийг байнга л хамтдаа үзнэ. Аав нь хүүдээ мэдлэг, туршлагаа хэлж өгөн Коби ч суралцсаар байв.

Брайнтынхан Филадельфиад байх хамаатан садан, найзуудынхаа гэрт зун бүр зочилдог нь Кобид ур чадвараа сайжруулах боломжийг олгож байсан юм. 10 настайгаасаа хотынхоо Sonny Hill лигт орж, үеийнхээ болон өөрөөсөө ах хүүхдүүдийн эсрэг тоглох болов. Кобигийн аав болон нагац ах Жон нар тоглолоо илүү сайжруулах талаар түүнд зөвлөгөө өгдөг байлаа.

lat-sp-1-kobe-bryant-20141203

Joe шинэ багт орсноор 1991-92 оны Европын лигт оролцох болж гэр бүл нь Франц руу нүүжээ. Коби болон эгч нарынх нь хувьд энэ шилжилт хүнд туссан. Тэд Швейцарьт байдаг олон улсын сургууль руугаа бүтэн 2 цаг явдаг гээд л асуудал их байлаа. Joe зодог тайлж, эхнэртэйгээ зөвлөн Америк руугаа бүрмөсөн эргэж очих нь зүйтэй гэж шийджээ. Эгч нар нь коллежд, харин Коби ахлах сургуульд орох насанд хүрээд байсан үе.
Joe La Salle-д туслах дасгалжуулагчийн ажил орсноор Брайнтынхан Филадельфиагаас 10 миллийн зайтай Ardmore-д байшин худалдаж авав.Кобигийн хувьд Америк хүүхдүүдтэй харьцах нь хэцүү байсан бөгөөд нийгэмдээ дасан зохицох тухайд санаа нь зовж байлаа.

Энэ шилжилт нь Кобигийн талбай дээрх амьдралыг тасалдуулаагүй. Тэрээр 1992 оны Sonny Hill лигийн шилдэг тоглогчдын нэг байлаа. Коби Lower Merion ахлах сургуульд элсэж, нүүр царай нь болов. Дараа хавар нь биеийн хүчний тоглолтоо сайжруулахын тулд Temple их сургуулийн жимд явж эхэллээ. Тэнд хожим нэг багт орж, Коби сэлгээ нь болж байсан Эдди Жонестой найзууд болсон юм.

Кобигийн сагсан бөмбөгөөс гадуурх амьдрал нь тийм ч хялбар байсангүй. Тэрээр ангийнхантайгаа энгийн сайхан харьцаатай болох гэж мэрийж байв. Европт бусдын хайр ивээлд байсан бол Америкт ирээд өсвөр насныхны дарамт шахалттай тулгарчээ. Төрөлхийн даруухан, дуу цөөтэй Кобитой ахлах сургуулийн коридорт өдөр бүр л нэг үйл явдал тохиолддог байлаа.

Эцэст нь ахлах сургуулийн 2 дахь жилээс Кобигийн эргэн тойрны асуудал хүндрэл бэрхшээлгүй болж эхэлсэн юм. Мөн тэрээр сагсан бөмбөгтөө ч үлэмж хэмжээний дэвшил гаргаж эхэллээ. 183 см өндөр Коби ирээдүйд талбайн арын хэсэгт тоглох нь зөв гэсэн шийдвэрт хүрч хамгаалагчийн байрлалын тоглогчид байх ёстой бэлтгэл сургуулилтыг хийх болсон юм. Багаасаа л аавынхаа зөвлөгөөг дагаж ирсэн Коби аль ч ахлах сургуулийн ямар ч хамгаалагчийн шүдний өвчин болов.

Коби 1994-95 оны улирлын турш гялалзаж байлаа. Тэрээр 31,1 оноо, 10,4 самбар, 5,2 оновчтой дамжуулалт дундажлаж, Пеньсилвани мужийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Коби хамгаалагчаа сүйрүүлсэн кросс-овер залалтуудыг гайхалтай хийдэг байлаа. Тэр үүнийг зуны лигийн багт нь хамт тоглодог байсан найз God Shammgod-оос сурсан байдаг.

Тэсрэлтийнх нь жилийн дараа коллежийн мэргэжилтнүүдийн чихэнд түүний талаарх мэдээлэл түгэж эхэллээ. Удалгүй Коби сургуулиа маш сайн дүнтэйгээр төгсөж, коллежд орох шалгалтандаа тэнцэн цаашид суралцахад ямар ч саадгүй болсон юм. Коби Дьюк, Хойд Каролина, Вилланова болон Мичиганы их сургуулиудын нэгэнд орж магадгүй байв.

Гэтэл Чикагогийн сурагч байсан Кевин Гарнетт 1995 оны 6 сард болсон НБА-ийн драфтын нэгдүгээр тойргоор сонгогдчихдог юм байна. Тэгэнгүүт Коби шууд мэргэжлийн тамирчин болох замыг нухацтай бодож эхлэсэн юм. Тэр зун нь Joe өөрийн хүүгээ 76-чуудын нэг болгохоор бэлдэж эхлэсэн бөгөөд Коби ч биширмээр сайн байлаа. Тухайн үед Нью Жерсигийн Fairleigh Dickinson их сургууль дээр болсон бүх америкийн цугларалт дээр ч Коби скаутуудад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

64f63eef-547d-df11-a5ba-001cc494dda6_original
Коби ахлах ангидаа ч гялалзаж Lower Merion ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн оддын самбарт өөрийгөө залууллаа. Баг нь 32-3 гэсэн амжилт үзүүлж, 42 жилийн хугацаанд анх удаа мужийнхаа аварга болжээ. Сургуулийнх нь нэр тогтмол хэвлэл дээр гарч, коллежийн дасгалжуулагчид тоглолт бүрийн суудлыг дүүргэж, багийнх нь дасгалжуулагч нэлээд хэдэн томоохон тэмцээний урилга авах болов. Коби улирлыг 30,8 оноотойгоор дуусгаж, 4 жилд авсан оноо нь 2,883-т хүрч, 40-өөд жилийн өмнө Пенсильванийн сурагч Уилт Чамберлэйний тогтоож байсан амжилтыг эвдсэн юм.

Галзуу нэгэн улирал ийнхүү дууссаны дараа Италийн лигийн нэгэн баг Joe-ийг дасгалжуулагчаараа ажиллуулах санал тавьж, гэрээний нэг хэсэг нь болгож түүний хүү Кобиг багтаа элсүүлэх болзол тавив. Энэ хооронд Коби өөр ахлах сургуулийн сурагчид болох Нью Жерсигийн Тим Томас, Луизианагийн Лестер Эрл, Өмнөд Каролинагийн Жермэйн Онил нарын хамтаар Кевин Гарнеттийн НБА-д гаргасан жимийг дагах тухай бодоод эхлэсэн байлаа.
Дам яриагаар бол Коби бусдаасаа илүү НБА-д зохицох тоглогч гэж яригдаж байсан. Янз бүрийн шинжээчид түүний мэргэжлийн замналын талаар санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Коби маргаангүйгээр НБА-д тоглож болохуйц биеийн өгөгдөлтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Дээр нь Коби 1996 онд Өмнөд Каролинад болсон цугларалт дээр скаутуудыг дуу алдуулж чадсан юм.

Эцэст нь Коби ахлах сургуулийнхаа зааланд хэвлэлийн бага хурал хийж, 12 сурвалжлагч болон камерын өмнө Boyz II Men хамтлагийн найзуудынхаа хамтаар өөрийн авьяасаа НБА-д газардуулахаар болсноо зарласан билээ. Удалгүй Уиллиам Моррисийг төлөөлөгчөөрөө сонгон, Адидас болон Спрайттай олон жилийн гэрээ байгуулжээ.

64f63eef-547d-df11-a5ba-001cc494dda6_original
Хэвлэл мэдээллээр янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Зарим спортын сэтгүүлчид түүнтэй нэгэн үеийн Грант Хилл, Анферний Хардэвэй нартай түүнийг харьцуулж, довтолгооны чадвараараа л илүү гэж бичиж байлаа. Тэд өсвөр насны хүүг бэлэн гэдэгт итгэлтэй байсан юм. Харин зарим нь Кобигийн эцэг эхийг хүүгээ буруу шийдвэр рүү түлхлээ хэмээн шүүмжилж байлаа.

Тэр даруй Коби өмнөх оны 6 сарын Гарнеттын адилаар сонгогдож чадах уу гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Эхний 4 сонголтоор Маркус Кэмби, Аллен Айверсон, Стефон Марбури, Рэй Аллен гэсэн коллежоос нэр дэвшсэн тоглогчид сонгогдох магадлал өндөр байсан юм.
Коби аугаа тоглогч болж чадна гэдэгт итгэлтэй байсан багуудын дунд Лос Анжелес Лэйкерс болон түүний ерөнхийлөгч Жерри Уэст нар байлаа. Коби багийн ганцаарчилсан бэлтгэл дээр үсрэлт хийгээд олон хувилбартай довтолгооны чадвараараа тэднийг бишрүүлээд байсан юм. Лэйкерс Dontae’ Jones-тэй нэгийн эсрэг нэг тоглуулж үзэхэд Коби Mississippi мужийн одыг будаа болгосон юм.

Лэйкерс мөн Кобигийн өссөн орчин, хүмүүжлийг давуу тал, НБА-ийн тоглогчийн хүүхэд гэдэг утгаараа бусад тоглогчоос илүү лигт идээшиж чадна гэж үзэж байжээ.

64f63eef-547d-df11-a5ba-001cc494dda6_original
Драфтын өдөр Уэст ид шидээ гаргалаа. Нэгдүгээрт тэр хамгаалах сэтгэхүйтэй Аркансасийн холбогч Дерек Фишерийг эхний тойргийн 24 дэх сонголтоор авав. Тэгээд Кобиг 13 дахь сонголтоор авсан Чарлотте Хорнетс багтай холбогдон, үнэ хаяцлсаны эцэст Влэйд Дивацаар Кобиг наймаалцаж чадлаа. Ингэснээр цалингийн цэсээ маш ихээр суллаж чадсан тул Орландогоос чөлөөт тоглогч болоод байсан Шакил Онилийг авах боломжтой болсон юм. Ингэснээр шинэ эзэнт гүрнийг бий болгож чадсан билээ.
Коби Лэйкерст орсондоо ухаангүй баярлаж байв. Дуртай багтаа орсноос гадна түүнтэй хамт гайхалтай авьяаслаг тоглогчид болох Ник Уан Эксел, Элдэн Кэмпбэлл, хуучны найз нь болох Эдди Жонес нар тоглож байлаа. Нэмээд аавыг нь Хьюстонд байхад нэг жил дасгалжуулж байсан Дэл Харрис дасгалжуулагч нь байв.

Коби 3,5 сая долларын 3 жилийн гэрээг байгуулсан бөгөөд зуны лигт 25 оноо дундажлажээ. Тэрээр байшин худалдаж аван, аав нь La Salle дахь ажлаасаа гарч, гэр бүлийн хамтаар Калифорнид нүүж ирлээ.

Нэгэн бэлтгэлийн үеэр Коби зүүн бугуйныхаа ясыг цуулж, улмаар 5 долоо хоног эмчлүүлэн нэлээд олон бэлтгэлийг таслажээ. Улмаар 1996-97 оны улиралд дасгалжуулагч Харрис болон багийн зүгээс 18 настай шинэ тоглогчоо яаран тоглуулахгүй байхаар шийдсэн юм. Кобиг тоглолтонд аажмаар дасгахаар болсноор тэрээр гараагаа Миннесота болон Гарнеттийн эсрэг хийжээ. Коби 6 минутанд ганцхан шидэж, нэг удаа бөмбөгөө алдсан. Улирлын эхний хагаст Кобигийн тоглолт нэг л замбараагүй талдаа байлаа. Багийн хувьд ч Пасифик Дивизоны титмийг авахад түүнийг ашиглаад байх хэрэг ч бараг байсангүй.

Гэсэн ч нэгдүгээр сард дасгалжуулагч тоглолтондоо өөрчлөлт хийхээр шийдлээ. Ингэснээр 18 настай Коби 5 сар 5 хоногийн дараа НБА-ийн түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч болсон юм. Хэдэн долоо хоногийн дараа бүх оддын тоглолт болж, Коби шинэ тоглогчдын тэмцээнд 31 оноо авч, мөн тохолтын тэмцээнд түрүүлсэн Лэйкерсийн анхны тоглогч болсон юм.

ФИЛ ЖЭКСОН “11 БӨГЖ” НАМТАР НОМНООС

tothero_jackson_cover
Фил Жэксон Лэйкерст ирээд анх Кобиг харсан болон багийнхаа талаар

Kobe нүд гялбам шалмаг хөдөлгөөнтэй, маш олон зүйлээрээ өөрийн шүтээн Michael Jordan-той харьцуулагдахуйц, амьдралдаа харж байсан хамгийн санаачлагатай шиддэг хамгаалагчдын нэг байв. Би Kobe-ийн ялан дийлэх хүчтэй эрмэлзлийг сайшааж байсан ч түүнд багийн тоглолт болон амь биеэ хайрлалгүй зүтгэх тал дээр сурах зүйл олон байсан юм. Тэр чадварлаг дамжуулагч байсан ч түүнээсээ илүүтэй залж ороод замд нь хөндөлссөн хэний ч дээрээс тохохыг нэгдүгээрт тавьдаг төрөлх араншинтай нэгэн байлаа. Коби олон залуу тоглогчид шиг тоглолтондоо орж биш хүчээр тоглох гэж оролддог байсан. Би Kobe-г холбогчийн байрлалд тоглуулах бодолтой байсан ч түүнийг гурвалжин довтолгоог удирдах хэмжээнд аминч зангаа дарж чадах эсэхэд эргэлзэж билээ.

Тоглогчид үргэлж л “тэгэлгүй яахав” гэж хэлдэг. Мэдээж бүх зүйл тийм ч хялбархан дэг журмандаа орчихож байгаагүй л дээ. Lakers-тэй ажиллаж эхлэсэн эхний улирлынхаа өмнө би Шак, Харпер, Коби нартай уулзаж, “Энэ баг Шакийнх байж, довтолгоо түүгээр дамжих болно” гэдгийг хэлсэн юм. Гэхдээ өмнөх эрин үеийн Карийм, Мэжик нартай адилгүйгээр Кобиг талбай дээрх лидер болгоно гэдгээ ч нэмж хэлэхээ мартаагүй. Надад Кобиг багийн нөгөө нэг ахлагчаар тавих цаг нь арай болоогүй санагдсан учраас би Ронийг тэр ажилд томилж,Кобиг хэрхэн багийн лидер болохыг сурах хугацаанд түүнд зааж зөвлөж байхыг хүссэн. Өөрт нь оногдуулсан үүргийн талаар ямар нэг үл ойлголцол, онцгойлон Кобитой асуудал үүсэх вий гэсэндээ бүхий л зүйлийг эхнээс нь сайтар тайлбарлахыг хүсэж билээ.

Коби гараа гэмтээн улирлын эхний тоглолтонд оролцоогүй. Тэрээр 12 дугаар сарын 1-нд эргэн ирж, баг нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэн хожсоор байлаа. Гэсэн ч энэ хугацанд Коби довтолгоонд бүрэн зохицож чадахгүй байв. Түүний хувьд гурвалжин довтолгоонд дасахад хүнд байсан бөгөөд байн байн л дураар авирлаж, багийнхнаа уурлуулна. Олон тоглогчид Коби довтолгооны системийг хайхрахгүй байгаа учраас түүнтэй хамт тоглох нь таалагдахгүй байгаагаа надад хэлсээр л байлаа. Би өмнө нь Майклтай ийм зүйлийг туулж байсан ч дөнгөж 21 хүрээд байсан Коби Жордан шиг буурь суугаагүйн дээр нээлттэй хүн биш байсан юм.

Хүүхдүүд эцэг эхийнхээ насан туршдаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг гүйцээх тавилантай байдаг гэвэл Коби гарын авлага нь байсан юм. Түүний эцэг “Jellybean” хочит Joe Bryant 1970-аад онд домогт Филадельфиай 76эрс  багт тоглодог 206 см өндөртэй хүчний довтлогч байсан. Тэрээр тухайн үедээ Мэжик Жонсонтой адилхан арга барилаар тоглодог байсан ч НБА түүний тоглолтын хэв маягт бэлэн байгаагүй юм. Тиймээс 2 багт хүчин зүтгээд Кобигийн өссөн Италид очиж зодог тайлсан гэдэг.

Айлын гурван хүүхдийн хамгийн бага (бас ганц эрэгтэй) нь байсан Коби буруу замаар замнаж болохооргүй гэр бүлийнхээ алтан жаал нь байлаа. Тэрээр ухаалаг, чадвартай, тоглоомонд илүү их амжилт гаргахаар мэрийдэг төрөлхийн авьяастай. Коби хамаатнуудынхаа Америкаас илгээсэн бичлэг дээрх Майкл болон бусад тоглогчдын хөдөлгөөнийг дууриах бэлтгэлд маш олон цагийг зарцуулсан. 13-тай байхад нь гэр бүл нь Филадельфиа рүү буцаж ирснээр Коби Lower Merion ахлах сургуулийн од нь болсон. Тэр үед 76ers-ийн ахлах дасгалжуулагч байсан Жон Лукас Кобиг зуны бөмбөгтэй бэлтэлд урьж, залуу тоглогчийн эр зориг, чадварын түвшинг гайхширсан байдаг. Түүнээс хойш удалгүй Коби хүссэн сургуулиа сонгох хангалттай оноотой байсан ч Коллежеес татгалзаж мэргэжлийн тоглогчийн замнал руу орсон. Жерри Уэст Кобиг драфтын өмнөх бэлтгэл дээр урьд өмнө нь харж байгаагүй хамгийн шилдэг 17 настай тоглогч байсан гэж хэлсэн удаатай. Улмаар Жерри 1996 оны драфтын 13 дугаар тойргоор Хорнетст сонгогдсон Кобиг солилцоо хийн багтаа авч билээ. Тэр жилээ мөн Орландогоос чөлөөт тоглогч болсон Шактай 120 сая долларын 7 жилийн гэрээ үзэглэсэн юм.

Коби том мөрөөдөлтэй байсан. Намайг Лэйкерстэй ажиллаж эхлээд удаагүй байхад Жерри намайг өрөөндөө дуудаад, Коби түүнээс өмнө нь Лэйкерсийн тоглогч байсан Элжин Бэйлор шиг яаж 30+ оноог дундажлах вэ гэж асуусан тухай хэлсэн. Тэрээр хэрхэн Жорданыг давж гаран, хамгийн аугаа тоглогч болох вэ гэдэгт ухаан санаагаа зориулчихсан байсан юм. Түүний Майклаас илүү гарах гэсэн хүсэл гайхалтай байлаа. Тэр зөвхөн Майклийн маш олон хөдөлгөөнийг өөрийн болгосон юм биш. Түүнд Майклийн зан ааш ч нөлөөлсөн. Тэр улиралд Чикаготой тоглох үеэр би Майклийг Кобид багийн төлөө бүхнээ зориулах сэтгэхүйтэй болж өөрчлөгдөхөд нь туслана байх гэж бодон хоёр одын уулзалтыг зохион байгуулсан юм. Тэд гар барьсаны дараа Кобийн амнаас хамгийн эхэнд “Би чамайг нэгийн эсрэг нэг тулаанд ялах болно гэдгийг чи мэдэж байгаа биз дээ” гэсэн үг гарч билээ.

Би Кобигийн хүсэл тэмүүллийг бахдан хардаг байсан ч хэрвээ тэр багийнхандаа хэлсэн шигээ 10 бөгж зүүхийг хүсэж байгаа л юм бол өөрийгөө бусдаас тусгаарласан бүрхэвчийг эвдэн гарах хэрэгтэй мэт санагддаг байв. Мэдээж сагсан бөмбөг бол хувийн тоглолттой спорт биш. Аугаа амжилтанд хүрэхийн тулд бусаддаа зайлшгүй итгэх шаардлагатай. Гэсэн ч Коби багийнхантайгаа хамт байж, тэдэнтэй ойлголцохыг хичээдэггүй хэвээрээ л байлаа. Түүний хувьд тоглолтын дараа багийнхантайгаа цагийг өнгөрөөхийн оронд ихэвчлэн зочид буудлынхаа өрөө рүүгээ очин, бичлэг үзэж судлах эсвэл ахлах сургуулийн найзуудтайгаа утсаар харилцахыг илүүд үздэг байсан.

Коби аливаа зүйлийг их л мах руу, байнгын бэлтгэл дор сурдаг байсан. Тэр өөрийнхөө чадварт огтхон ч эргэлздэггүй бөгөөд түүнийг зүгээр л өөрийнх нь буруу байна гэж хэлээд өөрчилчихнө гэж саналтгүй. Коби эсэргүүцэл үзүүлэхээсээ өмнө шууд л алдааг өөр дээрээ мэдэрч эхлэдэг. Энэ нь түүний хувьд маш шаналгаатай байдаг бөгөөд өөр хэнийг ч түүндээ хутгадаггүй. Тэгээд тэр гэнэтхэн л нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд асуудлыг шийдвэрлэх аргаа олчихдог.

Ийм явдлуудын нэг нь 2 дугаар сарын эхээр болсон юм. Тэр үед баг төвөгтэй асуудалтай тулгарчихаад байлаа. Би хувцас солих өрөөгөө түгжиж байгаад оддын хэмжээнд тоглож чадахгүй байгаа тоглогчдоосоо ямар зүйл та нарыг хамтдаа тоглож чадахаа болиход хүргээд байна вэ? гэж асуусан. Энэ хэдийгээр хэтэрхий сүр бадруулсан асуулт байсан ч гэсэн бэлтгэлийн дараагийн өдөр энэ талаар ярилцахаар тохирсон юм. Бид түр бэлтгэлээ хийж байсан Лос Анжелесийн баруун өмнө байрлах Харилцааны коллежийн дүрс бичлэг үздэг өрөөнд цугларсан. 5 сандал зэрэгцүүлэн байрлуулж 4 эгнээ болгосон танхимийн эхний эгнээнд Шак, Фокс, Фиш, Харп нар, сүүлийн эгнээнд Коби юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөн сууж байлаа. Би гурвалжин довтолгоонд багийн гишүүн бүр байрлалаа эзлэх шаардлагатай тухайд шүүмжлээд “Та нар хувиа хичээсэн тоглогч байж болохгүй бас энэ довтолгоог багийн ашиг тусын төлөө хий. Гүйцээ.” гэсэн юм. Тэгээд тэднийг ямар бодолтой байгааг нь асуухад өрөөнд хэсэг хугацаанд чимээгүй болчихсон. Би уулзалтыг хойшлуулах гэж байтал Шак ярьж эхлэсэн. Тэр юу хэлэх гээд байгааг минь зөв ойлгосон байсан бөгөөд “Миний бодлоор Коби багаа хожилд хүргэхийн тулд хэтэрхий амиа тоглож байна.” гэсэн. Энэ үг нь бүх тоглогчдыг асаасан гэхэд болно. Зарим нь түүнийг дэмжиж толгой дохиж байсны дотор Рик Фокс “Бид хичнээн олон удаа үүнийг тэвчиж өнгөрүүлсэн гэж санана?” гэлээ. Тэр өрөөнд Кобиг хэн ч өмөөрөөгүй. Би түүнээс хэлэх үг байгаа эсэхийг нь асуухад тэр багийнханд хандаж тайван сулхан дуугаар бүх хүнд анхаарал тавьж, зүгээр л ялж байгаа багийн нэг хэсэг болохыг хүссэн гэдгээ хэлсэн.

Би тэр уулзалтанд тийм ч сэтгэл хангалуун байгаагүй. Ямар ч шийдэлгүйгээр бүгдийнх нь гомдлыг ил гаргах нь багийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх вий гэхээс санаа зовж байлаа. Түүнээс хойшх хэдэн өдрүүдэд бид 5 тоглолтынхоо 4-т нь хожигдсоны дотор Alamodome ордонд Спөрст 105-81 харьцаатай бут ниргүүлсэн тоглолт багтана. Тэр долоо хоногийн нэгэн шөнө би Кобиг цохиж, Шакийг алгадаж байна гэж зүүдэлж билээ. Тэгээд тэмдэглэлийн дэвтэртээ “Шакт тусламж хэрэгтэй, харин Коби Лэйкерсийн учир битүүлэг нэгэн байхыг хүсдэг” хэмээн бичсэн юм.

Тоглогчид биесээ буруутган хагаралдаж эхлэхэд би үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэйг ойлгосон. Эхлээд Шактай уулзаж, өглөөний цай уунгаа багийн ахлагч байна гэдэг ямар утга учиртай болох талаар ярилцсан. Яриагаа 1989 оны плэйоффд Кливеландийг зайлшгүй хожих шаардлагатай цувралын 5 дахь тоглолтод Майкл хэрхэн өөрийнхөө болон багийн бусад тоглогчдынхоо урмыг сэргээж, итгэлийг төрүүлж байсан түүхээр эхлэсэн юм. Кавальерс талбай дээрээ биднийг хожиж цувралыг тэнцүүлсэн тэр шөнө Майкл унтаагүй. Гэсэн ч энэ нь түүний санааг зовоосон хэрэг биш байлаа. Түүний тууштай итгэл үнэмшил багийнхнийг хөл дээр нь босгож, Жордангийн эцсийн мөчид оруулсан ер бусын шидэлтээр бид сүүлийн тоглолтонд ялалт байгуулсан юм.

Би Шакт Лэйкерсийг сэргээх өөрийн аргыг ол гэсэн. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэн, тоглолтонд өөрийнхөөрөө байж, багийнхан ялангуяа Кобид өөртэй нь хамтарвал боломжгүй зүйл байхгүй гэж мэдрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Би түүнд багийн ахлагчийн номер нэг ажил бол багийг шүүмжлэх биш магтах гэдгийг тайлбарласан. Магадгүй Шак хэтэрхий нуршаа яриа сонссон байж болох ч энэ удаад би амжилт олсон байх.
Kобид би арай өөр байдлаар буюу нэлээд хатуу хандсан. Нэг удаа бичлэгээ эргэн үзэн ярилцаж байх үеэр амиа бодсон буруу шийдвэрүүд нь багт ямар хохиролтой байсныг бусад тоглогчдын өмнө түүнд үзүүлсэн. Тэгээд “Би одоо л бусад чинь чамтай тоглох дургүй байгаа учрыг мэдлээ. Чи хамтарч тоглох хэрэгтэй” гэж хэлсэн. Түүнчлэн би түүнийг бөмбөгөө хуваалцах дургүй байгаа бол дуртайяа түүнийг солилцоонд оруулж чадна гэдгээ нуугаагүй. Ийм нөхцөлд надад муу нэгэн байхад ямар ч асуудал байхгүйг ч хэлэхээ мартаагүй. Би энэ бүхний дараа Харперийг өөрт нь яагаад хатуурхсан байдлыг тайлбарлангаа түүнийг тайвшруулж, бүтээлч тоглолтоо золилгүйгээр хэрхэн илүү сайн тоглохыг Kобид зааж өгнө гэдгийг мэдэж байсан юм. (заримдаа ямар нэг чухал асуудлыг өөрөөсөө холдуулах хэрэг гардаг юм.)
Түүнчлэн би бас Кобитой сайн удирдагч болоход юу чухал болох талаар ярилцсан. Түүнд “Би чамайг нэг өдөр 25-тай ч юмуу арай нас ахиад ирэхээрээ багийн ахлагч болохыг хүсдэг гэж бодож байна.” гэхэд тэр маргааш л ахлагч болчихмоор байна гэлээ. Хариуд нь би “Хэн ч чамайг дагахгүй бол ахлагч болж чадахгүй” гэсэн юм.
Эцэст нь ойлголцлоо. Коби бусадтайгаа илүү хамтран тоглож, өөрийгөө багийн тоглолтын арга барилд уусгах замыг хайж эхэлсэн. Тэр бас багийнхантайгаа илүү ойр байхыг хичээж байлаа, ялангуяа аялан тоглолтын үеэр. Бүх оддын тоглолтын дараагаас бүх л тоглогчид багийн тоглолт гаргаж эхлэсэн. Бид 272 үе тоглосны эцэст улирлыг 67-15-ын амжилттайгаар лигийг тэргүүлж дуусгасан.

Багт өнгөрсөн 3 жилийн турш байсан асуудлыг намжаасан учир тоглогчид тайвширсан байв. Рик Фокс ингэж хэлж билээ. “Kобигий  “зөвхөн би” гэсэн хандлага тэсрэхэд бэлэн газарт булсан галт бөмбөг байсан. Бид бүгд хэн нэгэн үүн дээр гишгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч хэн ч хүсээгүй. Тиймээс Фил гишгэж, одоо бид бүгд чөлөөтэй алхаж байна”.

…..Аваргын төлөө Индиана Пэйсерстэй тоглох боллоо. Цувралын 2 дахь тоглолтын эхний үед Коби шагайгаа булгалж, дараагийн тоглолтыг ч бас өнжих юм шиг харагдаж байлаа. Ийнхүү аминд тулсан санаа зовоохоор асуудал үүслээ. 3 дахь тоглолт эхлэхийн өмнө тэр надаас хэдийгээр шагай нь маш их өвдөж байгаа ч өөрийг нь тоглуулахыг гуйсаар байсан. Гэсэн ч түүнийг хувцас солих өрөөний хонгилд өлмий дээрээ зовиуртай зогсож байхыг нь хараад түүнд тоглох боломж олгох нь хэтэрхий эрсдэлтэй гэж бодсон учраас дахин нэг тоглолт өнжүүлэхээр шийдсэн.

3 өдрийн дараа 4 дэх тоглолт эхлэх гэж байхад Коби тун их зовиуртай хэвээр байсан боловч би чадна гэж зүтгэсээр тоглосон бөгөөд тэр үдэш бүхэлдээ түүнийх болж таарсан юм. Нэлээд хүнд хэцүү тоглолт өрнөсөөр ялагч нэмэлт цагт шийдэгдэхээр боллоо. Гэтэл Шак нэмэлт цагийн эхний минутанд алдааны асуудлын улмаас талбайг чөлөөлчих нь тэр. Харин Коби 8 довтолгоогоо амжилттай болгож 16 оноо авснаар багаа ялалтанд хөтөлж, бид 120-118 харьцаатайгаар хожсон юм. Шак талбай руу гүйн гарч ирээд “дүү минь” гэж дууддаг болсон залуугаа тэврэн авч билээ.

64f63eef-547d-df11-a5ba-001cc494dda6_original

Коби намайг гайхшруулсан. Би түүнийг тэсэхэд бэрх өвдөлтийг ч үл хайхрагч нэгэн болохыг анх удаа анзаарсан юм. Түүнийг юу ч хорьж дийлэхгүй. Тэр орой Коби надад Майкл Жорданийг санагдуулж билээ.

… Шударгаар хэлэхэд би өөрөө ч эхний бөгжөө ийм хурдан авчихна гэж төсөөлөөгүй. Би тоглогчдыг миний системд суралцан, нэг баг болоход дор хаяж хоёр жилийг зарцуулах хэрэгтэй гэж бодож байсан. Гэтэл энэ баг ялалтын замд маш хурдан ороод явчихсан. Бидний Буллзт байхдаа бий болгосон суурь зарчмууд өөр багт ийм хурдан үр дүнгээ үзүүлж аваргын замд хөтлөхийг харах үнэхээр таатай байлаа. Мэдээж Шакийн ноёронгуй тоглолт болоод Kобиийн няцашгүй авьяас чадвар бидний ялалтын гол хүчин зүйл байсан.

Дараа жил нь бид миний бодож байснаас олон тоглолтонд хожигдож, улирлын эхний хоёр сарыг үлгэн салган өнгөрүүлэх үед энэ удаагийнх ч сэтгэл хөөргөсөн галзуу хулганын аялал болох нь дээ гэдгийг ухаарсан юм. Багийнхан хамтын сэтгэл зүйгээ алдсан байв. Юу хийх гээд байгааг нь олж мэдэхэд хэцүү биш ганцхан тоглогч байсан ньКоби Брайнт. Тэр зуны турш өдөрт 2,000 шидэлт гүйцэтгэхийг зорих зэргээр шаргуу хөдөлмөрлөж, тоглолтондоо дахин нэг эрс өөрчлөлтийг хийсэн байлаа. Шүтэн бишрэгчид нь түүний гайхалтай шинэ хөдөлгөөнүүдэд нь дурлаж, зарагдсан өмсгөлийн тоон үзүүлэлтээрээ Шакил Онилийг гүйцэхээр заналхийлэх хэмжээнд нэр хүнд нь өссөн юм. Коби бараг л 50 хувьтай довтолж, лигийг оноо авалтаараа тэргүүлэн, сэтгэл хөдөлгөм улирлыг эхлүүлсэн. 12 сарын эхээр Tоронтод болсон тоглолтонд Рэпторсийг хожиход тэрээр өрсөлдөгч Винс Картерийг 40-31 гэсэн оноогоор илүүрхсэн бөгөөд орон нутгийн телевизийн нэвтрүүлэгч “Өнгөрсөн жилийн Лэйкерс Шакийн баг гэж танигдсан ч дахиж хэзээ ч тийм зүйл болохгүй” хэмээн тунхагласан юм.

Гэхдээ Kоби өөрийн сэргэлтээ багийн бусад тоглогчдын үнэ цэнээр босгож байлаа. Улирлын эхэнд би түүнээс өмнөх жилийн тоглолтоо үргэлжлүүлж, Шакаар дамжсан довтолгоог явуулж, тоглолтын эцсийн минут хүртэл багийн системд наалдаж тоглохыг шаардаж байв. Kоби үүнд тоглолт бүрт шидэлтийнхээ тоог бараг хоёр дахин ихэсгэж хариу барьсан бөгөөд ихэнхдээ дамжуулахгүй тоглон, багийнхан ялангуяа Шакийн уурыг барж байлаа. Кобигийн амиа бодсон зан, урьдчилан тааварлахын аргагүй байдал нь тэр өөрсдөд нь дахин хэзээ ч итгэхгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж, багийн эв нэгдлийг сүйтгэж байсан юм.

Өмнөх жил нь Коби  гурвалжин довтолгоонд зохицон тоглож байсан. Гэхдээ тэр Майкл болон Буллзийг аварга болгосон системийг туршихыг хүлээж тэсээгүй. Тэгээд улирлын эхэнд довтолгоо уйтгартай, хэтэрхий энгийн болохоор өөрийн авьяасаа нээн харуулахад нь саад болж байгаа тухайгаа хэлсэн юм. Би түүнийг нь ойлгож байсан ч улирлын төгсгөлд ядралт багатай, гэмтэл бэртэлгүй байхаар хамгийн төвөг багатайгаар тоглолтууддаа хожих хэрэгтэй байгаагаа хэлсэн. Хэлсэн зүйлийг минь Коби хүлээж авсан гэж бодохгүй байна.

Миний хувьд зарим нэг эргэлзээ байсан нь Лэйкерс Буллзээс огт өөр баг гэдэгт байв. Чикагод  бидэнд Шак шиг ноёрхлоо тогтоосон төвийн тоглогч байгаагүй. Тиймээс бид Жорданийг довтлуулахад зориулсан системээр тоглодог байсан. Буллзт бидэнд бас нэгэн талбай дээрх лидер байсан нь Майклд Майкл болоход нь тусласан гэж миний үргэлж ярьдаг залуу болох Скотти Пиппен0. Лэйкерсийн хувьд оноо түүх үүрэг нь Kобид оногдож байсан ч тэр Шакийн Пиппен болох сонирхолгүй байв. Коби өөрөө өөртөө оноо авах боломж үүсгэхийг хүсэж байлаа.

Тухайн үед Рик Фокс Кобиг “хятад дэлгүүр дэх бух шиг зөрүүд, шийдэмгий” гэж тодорхойлдог байв. Рик Лэйкерст өнгөрүүлсэн эхний жилүүддээ байнга тоглолтын турш Koбитой өрсөлддөг байсан. Рик “Kоби бол удирдагч залуу. Тэр би үүнийг чамаас илүү мэднэ гэсэн харцаар ширтэж, замд нь хэн нэгэн хөндөлсөх аваас ухартал чинь түлхээд түлхээд л явчихна. Хэрвээ чи ухрахгүй бол тэр чамайг сүйрүүлж орхино.”

Kobe celebrates against Kings in 2001

Рик Кобигийн тэмцэгч зан чанарыг коллежийн оюутан байхдаа сагсан бөмбөгийн зусланд нь хамт бэлтгэл хийдэг байсан МЖ-тэй зүйрлэдэг. Рик “Би тэдэнтэй адилхан зан чанартай өөр хэнийг ч танихгүй. Тэдний хувьд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялах нь л чухал. Тэгээд тэд чадах чадахгүй нь хамаагүй эргэн тойрондоо байгаа тоглогчдыг яг өөрсөд шигээ байхыг шаарддаг. Мөн тэд өөрөөсөө илүү сайжрах зүйлийг нээж ол, би долоо хоногийн өдөр бүрийг, өдрийн минут бүрийг энэ бүхэнд зарцуулдаг гэж хэлдэг юм. Тэд өөр юунд ч анхаардаггүй. Юунд ч шүү”

Фокс  цааш нь тэр хоёрын ялгаатай талыг ч анзаарсан талаараа “Mайкл бүх л зүйл дээр ялах ёстой гэж үздэг байсан. Би түүнийг Chapel Hill-ээс Wilmington хүртэлх замыг уралдахгүйгээр туулж чадахгүй гэх гээд байна л даа. Чи түүнтэй өрсөлдөхийг хүсэх эсэх нь хамаагүй, тэр чамтай өрсөлдөх л болно. Харин Kоби юу юунаас илүүтэй өөртэйгөө л өрсөлддөг юм шиг санагддаг. Тэр хаалт босгон өөрийгөө сорьж, бусад хүмүүсийг өөрийг нь дагахаас аргагүйд хүргэдэг. Koби багийн өмсгөлтэйгөөр хувийн тоглолт хийж, ноёрхлоо тогтоодог. Нэгэнт талбай дээр хөл тавьсан л бол чамтай өрсөлдөхөд чиний ямар өмсгөлтэй, хэрхэн тоглодог чинь түүний сонирхлыг огт татахгүй. Түүний ухаан санааг 15 юм уу 16 настай байхдаа тавьсан зорилгодоо хүрэх хүсэл нь бүрэн эзэмдчихсэн юм.”

Энэ байдал нь Kобиг дасгалжуулахад яах аргагүй хүндрэлтэй болгодог юм. Тэр ч үүнийг сайн мэднэ. Түүний зорилго нь бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин болох байсан. Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо ч маш сайн мэддэг байсан. Яагаад тэр хэн нэгнийг сонсох ёстой гэж? Тэр миний зөвлөгөөг дагаж, оноо авахаа багасгавал, эцсийн зорилгодоо хүрч чадахгүй. Би энэ хүүтэй яаж учраа олох байсан юм бэ?

Шак өөрийг нь солилцоонд оруулахыг итгэлгүйхэн хүссэний дараа нэг их удалгүй Kоби өөр баг руу явах хүсэлтэй байгаагаа цухуйлгаж эхэллээ гэсэн Ric Bucher-ийн нийтлэл ESPN сэтгүүлийн нүүрэнд гарах нь тэр. Уг нийтлэлийг улирлын эхээр Кобиг тоглолтонд бага оролцохыг шаардсанаар бид хоёрын хооронд үүссэн ярианд үндэслэн бичсэн байлаа. Тэр үед Kоби надад “Тоглолтонд бага оролцох оо? Харин ч их оролцох хэрэгтэй байна. Би урьдынхаасаа илүү сайжирсан шүү дээ. Та надад хэрхэн саад болно гэж? Би өөр хаана ч гэлээ эндэхээс илүү тоглож болно” гэж хариулсан юм. Koби мөн Шак руу ч дайраад авсан. “Хэрвээ Шак чөлөөт шидэлтээ 70 хувьтай хийдэг байсан бол бүх зүйлс илүү хялбар байхсан. Бид өөрсдийн давуу болон сул талуудыг мэддэг байх ёстой. Би багтаа итгэдэг, гэхдээ тэрнээс илүү өөртөө итгэдэг. Тиймээ, бид өнгөрсөн жил Шакт тулгуурлан довтолдог байсан. Гэхдээ бид цувралыг 5 юм уу 7 дахь тоглолтонд дуусгадгаа болиод энэ жил өрсөлдөгчөө шүүрдэх болно” гэсэн юм.

Кобигийн хувьд дөлгөөхөн, бүрэг, бусдыг битүүхэн ёжилчихдог нэгэн байв. Хэдийгээр тэр Шакаас 6 насаар дүү байсан ч түүнээс ахмад, нас биенд хүрсэн хүн шиг харагддаг байлаа. Лэйкерсийн дасгалжуулагч асан Дэл Харрис  нэгэнтээ “Koбиг багадаа ямар хүүхэд байсныг нь асуугаад үзээрэй. Хариулт нь Koби хэзээ ч хүүхэд байгаагүй.” гэж билээ. Гэсэн ч надад Koбигийн буурь суурьтай бодит байдлын талаар ингэж төөрөгдөх нь хэтэрхий өнгөц санагдаж байв. Миний ойлгосноор түүний төрөлх зан нь олон зүйлээрээ өсөж дэвжихийг шаардсаар байсан бөгөөд түүндээ маш шаргуу хөдөлмөрийн дүнд хүрэх ёстой байлаа.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих