Фэйсбүүк ашиглан бусдыг залилдаг байсан хүүг саатуулжээ
Сүүлийн үед цахим сүлжээнд бусдыг хууран мэхэлж, эд зүйлсийг нь залилах хэрэг буурахгүй байна. Гэмт этгээд иргэдийн фэйсбүүк хуудастаа бичсэн “ “Утас зарна”, “Нөүтбүүк” зарна гэх заруудын дагуу холбогдох дугаар руу нь залгаж, уулзах газраа товлоод, иргэдийг залилан зугтдаг байжээ.
“Гар утсаа залилууллаа” гэх иргэний дуудлага мэдээлэл энэ 10-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Гэмт этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн баривчилжээ.
Тэрбээр фэйсбүүкт “утас, нөүтбүүк зарна” гэсэн зар тавьсан хүмүүс рүү залгаж, үзэж хармаар байна гэж уулзах газар товлодог байжээ. Ингэхдээ ихэвчлэн үнэ хүрэхүйц утас, нөүтбүүкний эзэдтэй холбогддог байсан аж. Улмаар өөрийгөө Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг писи тогтоомын газарт ажилладаг гэж танилцуулаад, тус дүүргүүдэд байрлах писи тоглоомын газруудын үүдэнд уулзахаар тохирдог байсан аж. Ингээд болзсон газраа уулзуут “Утас, нөүтбүүкийг чинь дотогшоо орж даргадаа үзүүлчихээд гараад ирье” гэж хэлэн дотогш авч ороод, ор сураггүй алга болдог байсан талаар хохирогчид цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Улмаар залилан хийснийхээ дараа фэйсбүүк хаягаа хааж, тухайн хохирогч иргэнийг блок хийдэг байсан аж.
Тухайн хэргийг үйлдсэн С гэгч нь 2000 онд төрсөн 16 настай. Сургууль завсардсан, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй насанд хүрээгүй хүүхэд байсан бөгөөд одоогоор арваад удаагийн үйлдлээ хүлээгээд байгаа ажээ.
Г.Тамир http://www.bataar.mn/10043859
URL: