Шалгуулахгүйн тулд ЗГ-ыг огцруулна гэж дайрах нь зөв үү, АН-ын хямрал ужгирч төрийн хямрал болох нь
АН-ын дотоод асуудал савнаасаа хальж Монгол төрийн асуудал болж байх шиг байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хууль хяналтынхан Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой хэргүүдэд сэжигтнээр татаж, шалгаж эхлээд байгаа юм. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас Женко группын охин компаниуд болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” гэх хоёр компанийн санхүүгийн тайланг шалгах зорилгоор дээрх Баянгол дахь оффисд нь нэгжлэг хийсэн юм.
Гэвч үүнийг улстөржүүлж Х.Баттулгыг барих гэж байна гэсэн цуурхал тарааснаар олон нийтийн дунд багагүй сенсааци дэгдээгээд амжсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэгэн сонирхолтой мэдэгдлийг хоёр ч удаа хийлээ. Тэрхүү мэдэгдэл нь Засгийн газрыг огцруулна гэсэн мэдэгдэл байлаа. Тэрбээр, “Ерөнхий сайд цагдаагийн байгууллагыг хууль бус үйл ажиллагаанаас татаж чадахгүй байхын болвол засгаас сайд нараа татаж Засгийн газрыг унагах үйл ажиллагаа руу явах юм шиг байна” гэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МоАХ фракциас Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам тээврийн сайд М.Зоригт, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа дөрвөн сайд бий. Цагдаагийнхан Х.Баттулга гишүүнийг шалгаж байгаагаа зогсоохгүй бол тэднийг эргүүлэн татах юм гэнэ. Арай ч дээ, нэг хүн шалгаж эхэлсэн биш улс төр нь бужигнаж, Засгийн газар нь хүртэл тарах дээрээ тулах гэж. Эдгээр гишүүд бол МоАХ фракцид харьяалагддаг гишүүд. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын гишүүд болохоос МоАХ гэдэг намын гишүүд биш л байлтай. Аль хаана байна вэ? тэр АН-ын дарга З.Энхболдын намаа удирдаж байгаа ур чадвар. Нэгэн цул болгож бүгдийг нь бодлогоор зангидаж чадахгүй, хэдэн фракциудынхаа шантаажид автаж эрх ашгаа хамгаалах тулд чимээгүй суугаа юм уу. Хаана байна тэр фракцигүй Ардчилсан нам. Энэ бүгд өнөөдөр үнэ цэнэгүй болж, ёстой л “даший шог” боллоо.
Р.Эрдэнэчимэг гишүүний дээрх хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрт хуралдсан АН-ын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлээд хаалга саваад гарсан гэх. Х.Баттулга МоАХ фракцийг удирдан чиглүүлдэг нэгэн. Түүнээс биш Л.Эрдэнэчимэг гишүүний бие дааж хийдэг улс төр энэ биш л дээ. Цаана маш том ашиг сонирхол явж байгаа учраас л фракцийнхаа тэргүүний хэлсэн үгийг л дамжуулж суугаа байх.
Ер нь буруутай бол буруутайгаа хүлээж, үнэхээр гэм буруугүй юм бол шалгуулж тогтоолгоод нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш ард түмнийг хагалан бутаргах гэсэн санаатай явуулга хийж, Ерөнхий сайдыг цагдаагийн байгууллагад нөлөөлүүлэхийн тулд Засгийн газрыг чинь тараана гэж шантаажилж байгаа нь хэр зөв үйлдэл вэ. Магадгүй буруу жишиг болж тогтвол яах вэ. Энэ улс оронд чинь хууль, дүрэм, журам гэж байхгүй болчихоо юу. Хаана байна тэр мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалт. Эрх мэдлийнхээ төлөө бүгдийг нь уландаа гишгиж байгаа хэрэг үү.
Эцэст нь хэлэхэд эрх баригчид болох АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах нь гэж элдвээр шантаажилж суух нь өөрсдөд нь халтай даа.
ZALUU.COM
URL: