АН доторх “дайн”-ы сэдвүүд хэзээ шийдлээ олох бэ?

Зи дарга ҮЗХ-гоо хуралдуулж чадах уу? 

АН-аас ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд хийнэ гэж зарласан. Хурлаар ирэх сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах учиртай. Мөнхүү намын эв нэгдэл, хэнийг хаана нэр дэвшүүлэх тохироонуудаа ярилцахаар төлөвлөж буй.  Гэвч ҮЗХ-ны ирц бүрдэх үү гэдэг асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Зи дарга фракцийн ахлагч нартай ярьж тохиролгүй, ҮЗХ-гоо зарласан ч тэр нь бүтэлгүйтсэн. Хуралдаанд Шонхор, МоАХ фракцийн хэдэн нөхөд ирсэн хэдий ч бусад нь  цугларалгүй байсаар,  дараачийн товоо ч зарлалгүй  хуралдаанаа хойшлуулахад хүрсэн билээ.

Харин энэ удаа Зи дарга баахан туршлагажиж, фракцийн дарга нартайгаа зөвшилцөхөөр өрөөндөө дуудсан ч тэд нь ирээгүй гэх. Улмаар Х.Баттулга  гишүүний хувийн хоёр компанийг нэгжсэн тусгай ажиллагааны  дараа Зи дарга  шуурхай хуралдаан зарласан ч мөн л  гишүүд нь цуглаж өгөөгүй байна. Бүлгийн хуралдаанаа өчигдөр дахин  зарласан ч  бас л ирц бүрдээгүй. Тэгэхээр намын дарга авснаасаа хойш Зи даргын  анхны хийх ҮЗХ-ны хурал дахин бүтэлгүйтэх нь үү гэсэн дүр зураг харагдана. Одоогоор нам дотроо МоАХ, Шонхор фракц хоёр түнжинтэй байж, Алтангадасынхан адарч одсон. Цаашлаад МоАН-ынхан сүүлийн үед хүчирхэгжиж, тулхтай фракцуудаа нэгтгэх тийшээ хандсан гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж буй. Тэд намын дарга зориуд эсэргүүцэж, ҮЗХ-ны хуралдаа ирэхгүй байхаар үгссэн гэх яриа  байгаа юм.

Одоо ҮЗХ хуралдаж чадахгүй бол АН-д хэлэх тайлбар ч үлдээгүй. Түрүүчийн удаа “засгийн асуудлаа эхлээд шийдэх зүйтэй гэж үзсэн” гэх хуурай үгээр аргалаад өнгөрсөн. Тэгэхээр хүссэн хүсээгүй Зи дарга ирцээ бүрдүүлж, ҮЗХ-гоо хуралдуулах хүндхэн ажилтай нүүр тулж байна.


Х.Баттулгын үгэнд МоАХ-ын дөрвөн сайд орох уу? 

Их тэнгэрт болсон эвлэрэл нэртэй бүлгийн хуралдаан нь АН-ынханд эсрэгээрээ дайн авчирсан. Н.Алтанхуяг хаалга саван гарч ирсэн хуралдааны дараа АН-ынхан эвлэрлээ гэж жиргэсэн ч маргааш нь асуудал тэс өөр өнцөг рүү эргэсэн билээ. Ингэснээр МоАХ  фракцийн дөрвөн сайдаа Х.Баттулга гишүүн эргүүлэн татаж, засгийг унагаана гэдгээ ил цагаан хэлж буй.

Гэвч МоАХ-ын дөрвөн сайд засгаас гарлаа  ч засгийн газар огцрохгүй. Огцрох нөхцөл бүрдлээ ч сонгууль хүртэл Ч.Сайханбилэг үүрэг гүйцэтгэгчээр явах боломжтой. АН сонгуулийн гол сурталчилгаагаа засгийн газрын хийсэн бүтэсэнд тулгуурлаж  явуулах учраас шуудхан Х.Баттулгын үгэнд ороод  дотооддоо самарчихгүй. Энэ бүхнийг Ч.Сайханбилэг ерөнхий сайд тооцоолсон учраас  хийхээр төлөвлөсөн ажлуудаа эмхлэхээр яарч байгаа гэх.

Мөнхүү МоАХ-ын дөрвөн сайд Х.Баттулгын үгэнд ороод шуудхан засгаас гарах уу гэдэг нь бас л асуудал. Бүгд л салбартаа юм хийсэн дүртэй харагдаж, ирэх сонгуулиар парламентад  тухлахын тулд мөрийн хөтөлбөрт салбарынхаа асуудлыг шургуулахаар яарч буй цаг үе нь. Тэгэхээр санал нэгтэйгээр засгаас хөтөлцөөд гараад явчихна гэхэд бэрхтэй.

Нөгөө талд Х.Баттулга намынхандаа ам гарсанчлан гишүүнчлэлээсээ татгалзаад, бие даагаад нэр дэвших боломжтой. Гэвч бие дааж нэр дэвшээд, гараад ирлээ гэхэд ирэх парламентийн турш энэ статусаар явах нь түүнд ямар ч ашиггүй. Тиймээс ч нухацтайгаар бодож, МоАХ-ын хүчээр намдаа нөлөөлөхийг оролдож буй.


 Н.Ганболд ерөнхийлөгчийн “тушаал”-аас залхав уу?

АН-ынхны дотоод бужигнаантай зэрэгцээд АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд  албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхийлөгчид хүргүүлэв. Хүсэлтдээ  тэтгэвэрт гарах нас болсон тул хэмээн бичсэн ч Х.Баттулга руу чиглэсэн ерөнхийлөгчийн их дайны үеэр ийм үйлдэл гаргаж буй нь онц их анхаарал татав. Нэгэнт тэтгэврийн настайгаа золгосон тул өмнө нь өргөдлөө гаргачихаж болох л байсан. Тэгээд ч зургаан жилийн хугацаатай эл албанд тэтгэврийн насанд хүрэнгүүтээ чөлөөлөгдөх тусгайлсан заалт, зохицуулалт байхгүй.

Одоогоор АТГ-ын даргад “ерөнхийлөгчийн хүн” гэгддэг Б.Хурцын нэр яригдаж буй. Түүнийг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, АТГ руу татсанаар Х.Баттулгын сонгуульд нэр дэвших боломжийг хаах хэмжээнд сайн ажиллана гэж тооцоолж байж болох. Нөгөө талаас нас ахиж яваа Н.Ганболд комиссарын хувьд бэлгэ тэмдэг төдий байж,  ерөнхийлөгчийн гаралтай элдэв тушаалаас залхсан ч байж болох талтай.

Уг нь Н.Ганболдын бүрэн эрхийнх нь хугацаа 2017 онд дуусна. Ерөнхийлөгч орных нь  томилогдох хүнийг санал болгодог гэдэг өнцөгөөс хүсэлтээ бичүүлэхэд нөлөөлөл орсон байхыг үгүйсгэх аргагүй.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих