Уучлал гуйгаад буруудсан минь
Уучлал гуйна гэдэг ухаантай хүний шинж энэ тэр гээд л янз бүрийн үг явж байгаа харагддаг л даа. Гэхдээ би ухаантай хүн болох гэж тэр нэгэн том даргаас уучлалт гуйсан юм биш. Нөгөө Холливудын алдарт жүжигчин, барууны буддистуудын том төлөөлөгч гэдгээрээ ч бас алдартай Ричард Гир гэдэг хүний “Уучлалт гуйна гэдэг дандаа таны буруу нөгөө хүний зөв гэсэн утга биш. Зүгээр л та хоорондын харилцаагаа эго буюу би үзлээс чухалд тооцсон хэрэг” гэсэн үг байдаг шүү дээ.
Ингэж хэлсэнчлэн надад өөрт бодогдож байсан зүйл бий. Нэг талдаа алба суудлыг нь, нөгөө талдаа нутгаас гаралтай гэгддэг ах гэж нэгэн цагт гэмгүй санаж явснаа бодож, бас надад хэзээд л захиж сургаж байдаг нутгийнхаа уул шиг ах нарын зэмийн үгийг ч дагасан минь тэр. Хамгийн хөгжилтэй нь уучлалт гуйж ил захидал бичихдээ “…нутгийн уул шиг ах нараас ч зэмийн үгийг багагүй сонслоо ” гэсэн минь тэр хүний уурыг их хүргэснийг хүнээс дуулж билээ. Огт санаанд ороогүй байтал ил захидал уншаад “… уул шиг ах нар гэдэг нь намайг жижигхэн гэж…” гээд ихэд уурссаныг нь утсаар сонсоод инээд ч хүрэх шиг. “Өө ингэх байсан юмуу…” гээд л баахан инээлдэж байсан юм даг. “Наадах чинь юу ч яриад нэмэргүй нөхөр байна” гэж шоолж байсан ч хүн бий. Тэр хүн надад өөрөө тэгж хэлээгүй, ойр ажилладаг хүн нь л надад дамжуулсан хэрэг.
Жил гаруйн өмнө болсон тэр зүйлийн дуулиан нийтэд намжсан ч бид хоёрын хувьд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л. Бахтай сайхан юм огт биш ч гэлээ засаг барьж байгаа намын дарга, УИХ-ын дарга хүн надтай өсөрхөж ноцолдоод л, төрийн машиныг санаснаараа “жолоодох” гэж улайраад олон хүнийг “чирч” цаг үрж байхын оронд ард түмний амьдрал руу өнгийж, хүний амьдрал руу бодитой хандсан ганц ч болов шийдвэр гаргадаг болоосой гэж гайхан бодож байсан минь ердөө саяхнаас ахиад л сэдэрч үүнийг бичиж сууна.
“Ажлаа өгөх үү, шоронд орох уу” гэдэг үгээр олон хүнийг далайлган ажлыг нь булааж байгаа сураг яваад л байсан юм. Сүүлдээ тэр үг Үндэсний зөвлөлийн “генерал” гээч Л.Пүрэвдорж гэдэг хүнээр дамжин надад ирлээ. Тэрнээс хойш жил гаран болчихож. Илт намайг онилж, аудит, цагдаа, АТГ-аар завсаргүй “бөмбөгдөөд” нэлээн удсан үе л дээ. Ч.Даваабаяр гэдэг хүнийг МҮОНТ-ийн ажиллагсдын гарын үсэг бүхий хүсэлт, шаардлагыг үндэслэн захирлын ажлаас халах тушаал гаргаж, гарын үсэг зурсан хүн нь би. “Ажлаа хийж чадахгүй байна, хувийн ашиг сонирхол ихтэй, энэ хүнтэй цаашаа ажиллах боломжгүй” гэсэн утгатай хамт олны шаардлага, хүсэлтийг Үндэсний зөвлөл хэлэлцээд “асуудлыг шийд” гэж надад үүрэг өгсөн. Үндэсний телевиз бол өөрийн гэсэн урт хугацааны бодлого төлөвлөгөөтэй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, тогтвортой байдалд нөлөөлөх нөлөөллийг хадгалж хангах, үндэсний соёл уламжлал, түүх, нүүдэлчин ахуйг суурин соёл дунд бүдгэрүүлж, замхруулалгүй, үзүүлж, алдаршуулж байх эрхэм чухал зорилго, агуулгыг тээж явдаг томоохон бодлогын гол суваг. 200 гаруй хүнийг удирдаж чиглүүлж чадахгүй, салбарын бодлогыг ойлгох чадамжгүй хүн гэдэг нь хэн хүнд нэгэнт тодорхой байсан. Халагдахаасаа өмнө бол ажил хийхээсээ илүүтэй ноён даргын үүдийг сахиад ордонд л сууж байгаа дуулддаг байсан хүн. Хамт олны шаардлага хүсэлт, Үндэсний зөвлөлийн надад өгсөн үүргийн дагуу шийдэж, халах тушаал гаргасан.
Тэгээд л мөнөөх “Телевизээс төрсөн тэрбумтан” гэхчлэн элдвээр дайрах нь ахиад ихэссэн. МASS агентлаг \Etv телевиз, mass.mn, MASS tv\ л дайраад байв. Ер нь их жанцантай, намтартай энэ чинь. Одоо талийгаач болсон Зундуйн Дорж гуай өрөөнд маань нэг орж ирээд “телевизийн нэвтрүүлэг хийнэ цаг өг” гэдэг юм. Би зөвшөөрсөнгүй, “Радиод л цаг гаргаж өгье” гэлээ. Учир ойлгож болохуйц гэж бодсон ахмад хүн юм ярихын эцэсгүй өөдөөс онголзоод байх чинь төвөгтэй юм билээ. Тэгэхээр нь аргадах санаатай “Дорж ахаа, та ахмад хүн. Би охинтой чинь үе тэнгийн найз. Эв зүйтэй ярьцгаая” гэсэн. Тэгсэн өвгөн чигээрээ уурлаад л, гарахдаа “Чамайг чаднаа” маягийн юм ярьж заналхийлдэг юм байна. Би ч “За за… ийм байдаг байж” гэсхийгээд орхилоо. Бараг л маргаашаас нь даа өнөө З.Дорж гуай чинь миний эсрэг компанит ажлын туг дарцаг нь болж, элдэв хэвлэлийн хурал хийж, янз бүрийн юм гүтгэж бичээд гарлаа. Өнөөх л MASS агентлагийн мэдлийн хэрэгслүүдээр ш дээ. Мэддэг хүн бол ойлгохоор марзан юм болж байгаа юм чинь. Гэхдээ хүмүүс нарийн учрыг нь сайн мэдэхгүй байх. Ч.Даваабаярын дараа УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Д.Энхтуяа МҮОНТ-ийн захирлаар ирж, З.Дорж гуайн охин Энхтуяагийн оронд УИХ-ын даргын хэвлэл мэдээллийн албаны дарга болчихсон, З.Дорж гуай над руу дайраад л. Ийм л улайрсан, цайрсан акцууд хийгээд байсан хүн шүү дээ, мань дарга.
Энхтуяа бид нар уг нь бас л нөхөрлөж явсан хүмүүс. Эхнээсээ УИХ-ын даргын шууд хүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой ирсэн л дээ. Гэхдээ надад Ц.Оюундарийн хэмжээнд санаачлагатай ажиллах болов уу гэсэн горьдлого байсан юм. Гэтэл салбарын ажил урагшилж, явж байгаа ч юм алга. Гаргасан, оруулж ирсэн бүтээлч санаачилга ч гэж юм алга. “Их хурлын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч ч юмуу хаашаа юм” гэсэн хэл үг телевизээр бишгүй л явсан. Тэгсэн хэрнээ сэдсэн ажил зөвлөлөөр шийдэх гэхээр ямар нэг “отказ”-тай л сууж байдаг болсон. Ажлыг умалзуулаад өгье гэхээсээ илүүтэй хар сэр ихтэй, захиас даалгавартай ирсэн нь бүр тодорхой болж байлаа. Сүүлдээ бүр зөвлөлийн хурал дээр зөрүү үг ширүүхэн шидээд авсан. Үндэсний телевизийн “Алтан фонд”-ыг онлайн бүртгэлд оруулж, хамгаалалтыг сайжруулах гэсэн саналыг ердөө л нэг хар сэрээр үгүйсгэж нураах гэснээс болж “Ажил ингэж хийдэггүй юм…” гээд уурлаад хашгирчихсан. Онлайн бүртгэлд оруулаад, зөвхөн төлбөр төлж байж нэвтэрдэг системд оруулах гэсэн юм л даа. Төлбөр нь ч хямд биш. Тэгэхээр үнэндээ дуртай нэг нь сураглаж ирээд л тав арван цаасаар аваад байх боломжгүй болно. Дээрээс нь нэгэнт онлайн бүртгэлд оруулсан байхад хяналт нь өөрөө бүрдчихэж байсан юм. Яагаад би энэ том байгууллагын сан хөмрөгийг, тэртусмаа монголын үе үеийн түүх бичигдсэн сан хөмрөгийг, тэр их түүхийг орчин үеийн технологи ашиглан хамгаалуулж болохгүй гэж. Тэртэй тэргүй маш, задгай, тав аравхан цаасны үнээр гадагшаа гарч, тэр битгий хэл дарга захирлууд нь тэр чигт нь шахам хуулж, хулгайлсан зүйлийг хурааж хумьж, учир жанцанг нь олох гэсэн ажил яагаад зогсох ёстой байсныг одоо ч ойлгодоггүй. Тэр ажлыг хэн ч ямар ч байгууллага хариуцсан бай надаас хойш МҮОНРТ-ийн хяналтанд л үлдэх байсан. Ингээд л Д.Энхтуяаг халсан. Аливаа намын даалгавар, даргын хонзон, хов жив, хар сэр гэдэг нөхдийн харьцааг ч, ажлыг ч ингэж л балладаг. Эцэстээ хэн нэгний туг дарцаг болоод л түүхэнд үлддэг. Гэтэл бид бүгд л хүн хэвээрээ үлдэж, амьдрал үргэлжилдэг. Нэгэн цагт анд нөхөд болж явсан хүмүүс жийрхэн хагарсан байдаг нь харамсалтай.
Аудит, цагдаа, АТГ-аар ар араас нь шалгуулж, шалгуулчихаад шалгалтын дүнтэй танилцсан л байж таараа эрхэм дарга. Тэгсэн хэрнээ “шоронд орох уу” гэж асуулгана гэдэг “төрийн машиныг би жолоодож, хааш нь ч эргүүлж чадна” гэсэн сүрдүүлэг байв. Одоо, өнөөдөр бол дээр суугаа нөхөд дуртай нэгнээ онилж, төнхөж, сүрдүүлж, барьж, хорьж байгааг монголчууд алмайртлаа л харж сууна. Бүлэглэл болоод дайтчихсан, эв нэгдэлгүй дайвчихсан ил цагаандаа гарсан хагарал нь эцэстээ монголыг сөхрүүлж байна. Үнэхээр үнэнийг хайвал дуудагдахгүй, байцаагдахгүй хүн үлдэхгүй гэдгийг ч олон түмэн харж байна. Өөрөө үнэн байж гэмээнэ бусдыг байлж, гоочилж, “цэнгэлийн манлайд” хүрвэл бас зүгээр сэн. Их хурлын даргаас, чуулганы индэр дээрээс, олны өмнө чиг авсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн 2015.01.02-ны бүх нийтийн амралтын өдөр яаран сандран хуралдаж, би ажлаа өгсөн. Угаасаа бүх зүйл тодорхой, чичирч, чинэрээд дайрч байгааг нь мэдэж байсан учраас би шийдчихсэн байсан. Байгууллагаа, хуулиа хүндэтгэсэн. Миний ажил амьдралын намтар ерөөсөө л тэр газар байсан. Өсч торнисон, А-Я хүртэл, доороос дээш хүртэл бүх ажлыг нь мэддэг болж ууссан түүх минь тэнд бий. Явсны дараа ахиад л бөөн шалгалтууд орж тэнд ажиллаж үлдсэн хүмүүс, хамтран ажиллаж байсан байгууллагууд гээд л том даргын хонзонд баахан л чирэгдсэн хүмүүс, надад гомдол төвөг мэдүүлээд л байсан. Одоо ч дуусдаггүй л сурагтай.
Намайг 2015 оны 02 сарын 05-ны өдөр хэвлэлээр уучлал гуйж, захидал бичсэний дараа таних танихгүй олон хүн, найз нөхөд “Өө үхсэн, ингэх байсан юм уу” гээд л, гудамжинд таарсан нэг согтуу хүртэл агсан тавьж билээ. Намайг “тугаа” болгож, даргатай тэмцэлдүүлэх хүсэл их байгааг би мэдэрсэн. Дэмжиж байсан л гэнэ… Хоншооргүй л гэнэ… Ямар хэрэг байсан юм л гэнэ… Олон хүний, массын дургүйцэл, жигшлийг илэрхийлсэн “туг” болсноо тэгж мэдэж авч билээ. Харин энэ дунд эхнээсээ намайг зэмлэж “Уучлал гуй, мөрөөрөө, гэмгүй тайван амьдар” гэж чин сэтгэлээсээ гуйж шаардаж учирлаж байсан хүмүүс бол миний ээж, хань, ахан дүүс. Аав минь олон юм хэлэхгүй л дээ. “Хэрэггүй дээ” гэсэн ганцхан үг, зовнисон харц нь л байсан. Зурагтаар Их хурлын даргыг харсан хүү маань хүртэл “Энэ хүн таныг яагаад баривчлах гээд байгаа юм” гэж байсан юм даг. Ажлаа 01 сарын 02-нд өгөөд л 01 сарын 06-наас хойш өдөр болгон цагдаад дуудагдаад байхаар баривчлах нь гэж өөрийнхөөрөө ойлгосон нь тэр. Гэвч гүтгээгүй, доромжлоогүй байж тэр хүнээс уучлал гуйгаад бүр буруудсан минь гашуун, эхүүн үнэн. Улам л чангалж зуусан. Үнэндээ амаргүй, төвөгтэй л өдөр цагууд байсан.
Болоод өнгөрсөн зүйлийг ахин сөхөж сууна. Ингэж байгаа минь ч учиртай юм. 2014.12.25-ны УИХ-ын чуулганаар Радио телевизийн Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилоод Зи дарга “Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг. Төсөв нь 50% алга болсон \хасагдсан\ Архи дарс уух нь замбараагаа алдсан, аймшгийн газар. Байнгын хороотойгоо холбоотой байж, юу хийснээ мэдэгдэж бай” гэхчлэн тэр том индэр дээрээс маш хариуцлагагүй үг хэлж, хамт олныг гутаан доромжилсон. Шинэ Үндэсний зөвлөл Их хурлаас шууд үүрэг авч, эргэж мэдэгдэж ажиллах болж таарсан. Өнөө хараат бус байдал нэг газраас, нэг хүнээс цаашид хамаарах нь тодорхой болов. Доромжлуулсандаа маш их бухимдсан МҮОНРТ-ийн хамт олон тэр өдрийн орой 18.00 цагт яаралтай цуглан хуралдаж, эсэргүүцлээ илэрхийлэн уучлал гуйхыг шаардсан. 2014.12.26-ны өглөө Их хурлын чуулган эхлэхэд ноён дарга ахиад л “Хувийн телевизийн 100 хүний хийдэг эфирийг 700 хүн хийдэг гэж хэлснээс 700 хүн архи уудаг гээгүй, Наранбаатар тэргүүтэй дарга нарт хандаж хэлсэн юм. Та бүхнийг ашиглаж бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагынхаа үгэнд автахгүй байхыг сануулъя” хэмээн хариуцлагагүй үг, доромжлолоо давтав. Байн байн МҮОНТ рүү өөрийнхөө хүмүүсийг тавиул болгон илгээхдээ тэр хүн Олон нийтийн телевизэд 200 гаруй хүн ажилладаг, тэднээс яг уран бүтээлчид нь 200 хүрдэггүйг мэдээгүй л байсан юм билээ.
Өөрийнх нь тавьсан хүмүүс чухам юу дамжуулж байсан болоод ачаалал ихтэй ажилладаг цөөн хэдэн хүнийг хувийн телевизтэй харьцуулан, хамруулан муучлахад хүрсэн юм бол доо хөөрхий. Хүний нөөц, ачаалал, нөгөө талд нь цалин хангамж, нийгмийн асуудлын талаар эрхэм Зи даргатай ярих ч боломжгүй байсан нь аргагүй юм билээ. Миний хувьд бол дороос нь эхлээд мэдэхийнхээ хувьд хүмүүстээ хатуурхаж, чангалж, хэтийдсэн шаардлага тавьж яваагүй хүн. Хүмүүсийнхээ төлөө байсан гэдгээ хэзээд, хэний ч өмнө бардам хэлнэ. Бас би архи гэдэг ундааг мэднэ, элдэв дарамт шахаас, бухимдлыг бор дарсаар тайлаад байж болохгүй гэдгийг ч сэхээрчихсэн хүн. Архидалт гэдэг үгийг над руу чиглүүлэх гэж ядсан нь инээдтэй хэрэг. Тэр хүн чуулганы танхим дахь согтуу гишүүдээ л захирчих хэрэгтэй байв. Би хамт олныг бослого тэмцэлд уриалсан юм огт байхгүй, ажил амьдрал, итгэл үнэмшлийг нь өөрсөдтэй нь нийлүүлээд доромжлохоор хүмүүс аяндаа л уурсаад, ахмадууд маань хүртэл амьсгаа нь дээгүүр гүйж ирээд үгээ хэлж байв. Хэний ч оролцоогүйгээр түр хороо байгуулж, үг хандлага нь ширүүсээд, намайг өмөөрсөн үгс цувраад ирэх үед нь харин ч би “Хамаагүй ингэвэл намайг өмөөрсөн харагдана, миний асуудал биш шүү та минь” гэж намжаах үг хэлж зөөлрүүлж байв.
Ингээд 2014.12.30-нд би хэвлэлийн хурал хийхдээ “З.Энхболд гээч хүнтэй 2008 оны сонгуулийн сурталчилгааны үед Өвөрхангайд нэр дэвшиж байгаа АН-ын 4-ийг “Эвтэй 4”, МАН-ын \тухайн үед МАХН\ 4-ийг “Сэвтэй 4” гэж үзүүл гэж хүсэж, шаардсаных нь хариуд “боломжгүй, манай зарчимд нийцэхгүй, дээр нь бид бүгд нэг нутгийнхан” гэж хэлээд түүнээс хойш зуулганд хэрхэн орсон түүхээ ярьж, нийтийн өмнө доромжилсных нь төлөө шүүхэд өгч байгаагаа” мэдэгдсэн.
2015.01.02-нд Үндэсний зөвлөлийн хурал гээч юм чухам юу болсныг хүмүүс мэднэ. Пүрэвдорж, Со тэргүүтэй хүмүүс хэрхэн даалгавартай улайрч сэгсэлзэхийг харсан. Би хурлын бичлэгийг бүтнээр нь дараа нь үзсэн. Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд юу ч мэдэхгүй хэрнээ ичиж улайхгүй ихийг мэдэн ярьж байгаа нь гутмаар байсан. Ер нь энэ хүртэлх үйл явдал хүмүүст нээлттэй өрнөсөн. Харин ажлаа өгөөд шүүхэд дуудагдсанаас хойшхийг хүмүүс мэдэхгүй. Төрийн машиныг хувийн өс хонзондоо ашиглан ямар хурдан хөдөлгөдгийг би биеэрээ мэдэрсэн дээ.
Ажлаа өгөөд л 1 сарын 6-нд шүүхэд дуудагдан байцаалт өгч, даргыг нийтийн өмнө доромжилсон гэдэг үндэслэлээр надад эрүү үүсгэв. Хилээр гарах эрхийг маань хорив. 3 өдрийн дараа буюу 1 сарын 9-нд ял сонсгов. 1 сарын 13-нд хэрэгтэйгээ танилц гэв. Очиход замбараа муутай тархай хэдэн цаас. Өмгөөлөгч маань ямар сайндаа “Та нар ядаж наад хавтаст хэрэг гээчээ үдээд танилцуулчихаач” гэх вэ дээ. Ерөөсөө байцаалт авсан өгсөн хүмүүс нь өнөөх л халагдаж хорссон Даваабаяр, Энхтуяа бас нөгөөх л Сосорбарам, Пүрэвдорж гэсэн сонгогдсон хүмүүс байгаа юм. Унагах гэсэн хүмүүс тийм л байдлаар хэргийг шийддэг юм билээ. 1 сарын 19-нд прокурор Магнайжав гэж нөхөр хэрэгт хяналт тавьж байгаа гээд, “Таны хэргийг шалгаж дууссан, шүүхэд шилжиж байна” гэлээ. Хэрэг үүсгээд л 14 хоногийн дотор гүтгээч, доромжлооч болгон шүүхэд шилжүүлчихдэг гэнэ. Үгүй мөн шуурхай байгаа юм шүү. Цагдаа, хуулийнхны түүхэнд үлдэх шуурхай ажиллагааны нэг нь энэ байх бодвол. Шагналаа ч өндөр хүртсэн байх, алба суудал ахисан гээд л янз бүрийн л юм дуулдах юм билээ. Гэхдээ би хуулиар оногдсон эрхийнхээ хүрээнд эсэргүүцсэн. Нөгөө талд нь надад ч гэсэн нэр төр бий, тэр хүн том индрээс намайг доромжилсон учраас би нэхэмжлэл гаргасан боловч монголын цагдаа Их хурлын даргыг олохгүй байсныг юу ч гэлтэйв. Намайг буруутган нэхэмжлэл гаргасан хаягаар нь би гомдол гаргасан боловч цагдаа надад “Энэ хүн энэ хаяган дээрээ алга” гэдэг хариу өгч байсан нь бас л нэг түүхэн онигоо юм даа. Аргаа бараад би “УИХ-ын дарга З.Энхболдыг эрэн сурвалжилсан” юм шүү дээ.https://www.youtube.com/results…
Бодит үнэн, төрийн машин хэн нэг эрх мэдэлтний гарт орохоороо ийм л байдаг юм билээ. Энэ бүхний эсрэг өөрийн биеэрээ, үнэн ялна гэсэн зоригоороо сөрж зогссон доо. Ингэж явсаар эхний шүүх хурал болж, хэдэн муусайн найзууд, хэвлэл мэдээллийнхэн маань ирлээ. Гэтэл гэнэт л “шүүх хурал хаалттай болно” гээд хэнийг нь ч оруулсангүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр гарлаа. Сонссон найз нөхөд маань бараг л баярлах нь ээ, эрх мэдэлтэй хонзонч этгээдээс нийгэм тэр чигээрээ л айдаг юм билээ. Гэвч хамгийн 1-рт гүтгээгүй учир, 2-рт энэ ялыг зөвшөөрснөөр би гэдэг хүн 5 жилийн хугацаанд ял шийтгэлтэйд тооцогдож, ямар нэг алба ажил хаших эрх маань хасагдах учраас зөвшөөрсөнгүй, давж заалдсан. Энэ нь соц үеийн цөллөгөөс ч дор ял. Тэгээд, явсаар өнгөрсөн оны 9 сард өнөөх “хэрэг” гээчид Дээд шүүхийн хяналтын шатнаас “Мөрдөн байцаалт нэг талыг барьж явуулсан, шүүх хурал хаалттай хийх шаардлагагүй, зайлшгүй нотлох баримт нягтлаагүй” гэсэн үндэслэл бүхий тогтоол гаргаж, анхан шатны мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалт хийгдсээр өнгөрсөн 2-р сард “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн прокурорын шийдвэр гарав.
Үнэн ялсан юм шүү.
Энэ бүх хугацаанд би үнэн нотлогдох ёстой гэдэг дээр зогсож байснаас биш “Өршөөлд багтчих юм чинь” гэж хойш суугаагүй. Хэрэг хийгээгүй байж өршөөгдөнө гэдэг угаасаа шударга биш л дээ.
Гэтэл… Гэтэл саяхан Зи дарга ахиад л “Наранбаатарын УИХ-ын дарга З.Энхболдыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон хэрэг” гээчийг сөхөж прокурорт гомдол мэдүүлжээ. Яасан их өшөө хорсол вэ? Ямар барагдашгүй хор хонзон бэ? Сонгуулийн сойлго нь бүтэн жил үргэлжилсэн хүмүүс надаас юунд тэгтлээ айж жийрхэн, ахиад л төрийн машинаар далайлгах гэж оролдоно вэ?
Би хардаж байна. 2013 онд Ч.Даваабаяр “Дарга уулзъя гээд байна, даргаа” гэж өмнө хойно шарваганаж байгаад Их хурлын даргын өрөөнд 3-уул нэг уулзсан юм. Би ороод л радио, телевизийн нөхцөл байдал энээ тэрээ гээд л ярив аа. Тэгсэн Бакей гишүүн шагайгаад Зи даргад ажлыг нь сануулж яаруулав. Гэтэл дарга “Асуудлаа шуурхай ярьчихъя. Нутаг дотроо шийдье. Чи Даваабаярт ажлаа өгнө биз дээ” гэхээр нь гайхасхийгээд Даваабаяр луу хартал өөдөөс малийгаад сууж байдаг байгаа. Нөгөө ичих булчирхай нь өөрөөс нь ичээд нисээд явчихсан гэдэг шиг л царай харагдсан юм. Би үгэнд нь орж ажлаа өгөөд, миний оронд Зи дарга Даваабаярыгаа тавих юм байх. “Би мэдэхгүй. Үндэсний зөвлөл шийддэг юм. Шийдэх 15 хүн байгаа” гэлээ. Дарга “Чи мэдвэл мэднэ ш дээ” гэж байна. “Үгүй ээ, би мэддэг юм биш” гэснээр яриа дууссан юм. Тэндээс надад “телевизийн салбарын бодлогыг ойлгохгүй байж, 200 хүн удирдаж чадахгүй байж хэрээсээ хэтэрч санаархах юм даа” гэж бодогдов. Ажлаа хийхгүй, тэр хавиар иймэрхүү л юм ярьж, хөөрхөн хор найруулсан маягтай явдаг нь маш энгийн логикоор ойлгогдсон. Нөгөөтэйгүүр “нутаг гэх хэрнээ нэгнийг нь буулгаж, нөгөөг нь дэвшүүлэх гэх нь ямар их алагчлал, хайр халамж вэ” гэж бодов. /Нэг их нутагсаад байх ч юу байхав. Тэр хоёр хүн 2-улаа манай нутгаас гаралтай л гэгддэг болохоос бороо, шороо хоёрт нь байж ч үзээгүй хүмүүс/ Барин тавин энэ үнэний гэрч нь би. Үнэнийг ярихаар гүтгэсэн доромжилсон гээд цагдаа шүүхэд өгчихдөг юм билээ. Гэхдээ надад байх бүх түүхийг, үнэнийг үгүйсгэнэ гэвэл хүн ёсноос гажна.Ёстой мөрөөдсөний гарз.
Ёс бус үнэнийг ярьсныхаа төлөө хэзээ нэгэн цагт шүүхэд дуудагдаж магадгүй гээд “баримтжуулж” суудаг хүн би биш.
Гүтгэсэн доромжилсон гээд байгаа хэрэг гээчийн тухайд гэхэд л Зи дарга намайг “Энэ хүн зохиодог, би энэ хүнийг чинь бараг танихгүй шүү дээ” гэж мэдүүлсэн байгаа юм чинь. Худалч хүний толгойд л худал зүйл орж ирдэг байх. Намайг танихгүй гэснээрээ тэр хүн худалч гэдгээ надад баталсан. Нэг нэгнээ түшин хайрлалцаж яваа хоёр хүн хамтдаа “үгүй” гэх байх. Гэвчиг надад байгаа үнэн түүх бүхэн нэгэн цагт ном болон гарахад миний номыг худал гэх үү. Бид 3-ын уулзсаныг “үгүй” гэж мэлзвэл нүгэл болох хоёр хүн байгаа нь даргын туслах, шагайгаад буцсан Бакей гишүүн нар. Тиймээ үнэндээ ялгаа ихтэй хоёр хүнд дарга их ялгавартай хандаж байгаа, одоо ч тэр. Би хэн нэг хүнийг бараадаж, бөгсийг нь долоож, хэн нэгний улыг шагайж матаас гүтгээс хийж явж үзээгүй хүн. Долоогч нарт итгэдэг дарга, долоосныхоо хариуд хишиг хүртэгчид энэ жишгээр байгууллага, улс орон бүх юмыг баллана гэдэгт би баттай итгэх болсон.
Зи дарга цагдаад мэдүүлэхдээ намайг танихгүй гэсэн байхад, Даваабаяр мэдүүлэхдээ “Их хурлын даргатай ажил хэргийн холбоотой. Ажил хэргийн заавар зөвлөгөө авдаг” гэсэн байсан. Зүгээр логикоор нь харвал “Ерөнхий захирлыг нь болохоор танихгүй гээд байдаг”, гэтэл миний дор ажилладаг хүн “заавар зөвлөгөө” аваад байдаг, сонин юм шүү. Зи дарга намайг танинаа, танина. 2008 оны сонгуулиас өмнө Арвайхээр телевизтэй холбоотой болон бас бус зүйлийн талаар ярилцсан тэмдэглэл нь хүртэл надад байдаг юм. Би юмыг хаядаггүй л дээ. Бас Үндэсний зөвлөлийн дарга Пүрэвдорж цагдаад мэдүүлэг өгөхдөө “Их хурлын даргатай холбоогүй” гэсэн боловч, Их хурлын дарга мэдүүлэгтээ “Үндэсний зөвлөлтэй даргаар нь дамжаад гишүүдтэй нь холбоотой байж, заавар зөвлөгөө өгдөг” гэсэн байдаг. Гэх мэтчилэн мэдүүлгүүд нь зөрөөд л, энэ дундаас эдний холбоо сүлбээ тодроод л мөн янзын шүү.
Зи дарга надтай ч яахав насны тооцоотой юм байж. Худал матаачингууддаа харин ямар хариуцлага тооцоо боддог хүн юм бол? Асуумаар байна. Матаасыг нь нотлох гэж удаа дараа шалгалт тасраагүй. Гэвч тэгж их шалгасанд нь би их баяртай байгаа. Матаас болгон нь үнэндээ эргээд элдвээр гүтгүүлсэн намайг цэвэрлэж, цагаатгаж байсан нь сайхан юм даа.
Монголын цагдаа УИХ-ын даргыг олоогүй ч би дотроо аль хэдийн уучилчихсан. Өвөг дээдсийнхээ бурхныг дээдлэн шүтэж, буян нүглийн дэнс, үйлийн үрийг бодож мэдэж явдгийнхаа хувьд атаа хорслоос хол байх гэж хичээдэг хүн. “Өт хүртэл биед нь хүрэхээр атиралддаг. Хэдий өөрөө эхэлсэн ч надад ялагдмааргүй л байсан биз дээ. Өөдгүй зантай ч гэлээ том дарга хүн шүү дээ” гэж бодсон, дотроо өршөөчихсөн. Гэтэл эрх мэдэл гэгч нь хэн нэг өш хор тээгчийн гарт байгаа цагт аливаа зүйл горим, гольдролоосоо тэр чигтээ хазайдаг бололтой юм. Ав адилхан хүн болж хорвоод ирсэн, хүнээрээ л хорвоогоос буцна. Нүгэл хилэнц, буян хишгээ барахгүй бол үлдээгээд л буцна гэдгийг сэхээрэхээ больтлоо ташуурч, амьдралаас тасарч явна даа тэр дарга.
Зи даргаас уучлалт гуйснаа өөртөө бол зөв гэж бодсоор л явдаг. Харин сүүлийн хэд хоногт “Магадгүй намайг уучлалт гуйлаа гэж сэтгэл дундуур хандсан, буруутгасан хөндлөнгийн хүмүүсийн бодол осолгүй зөв байж уу дээ” гэж бодогдох үе ч гарч байна. Уучлалт гуйх хэрэггүй хүн гэж Зи даргыг хүмүүс хардаг юм билээ. Юутай ч уучлалт гуйгаад буруудсан минь үнээн…
|
URL: