Сонгуулийн нөхөөс

сонгууль1

Сонгуулийн тухай хууль батлагдан мөрдөгдөж байгаа хэдий ч хэрэгжихээсээ өмнө засвар орох шинжтэй. Одоогийн байдлаар УИХ-ын хэд хэдэн гишүүн оны өмнөхөн баталсан Сонгуулийн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулан өргөн барьж байна.

 

“Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт үе үеийн сонгуулиар хуульчлан бичигдэж, хэрэгжсээр ирсэн. Тиймээс ч УИХ  ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө Сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан баталж ирсэн дэгтэй.

Харин энэ удаагийн Сонгуулийн хуулийг анх боловсруулан батлахдаа санаатай, санамсаргүй цоорхой гаргачихаж. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалтыг тусгаагүй байна. Энэ нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох гарцыг нээжээ. Уг нь парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэхтэй зэрэгцэн Сонгуулийн хуулийг боловсруулах гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтэн гурван жил “нухсан”. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэгт багтсан парламентад суудалтай намуудын төлөөлөл, ажлын хэсгийнхэн гээд дээрх хуулийн заалтыг санамсаргүй орхигдуулсан гэж итгэхэд бэрх. Сонгуулийн хуулийг батлах үед жагсаалтыг хэрхэн,  нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх эсэх гээд нэгдсэн ойлголцолд хүрээгүй,  хуулийн хугацаанд шахагдан баталсан тал бий. Тиймээс л нэмэлт өөрчлөлт оруулах нөхөөс үлдээсэн  байх магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Энэ долоо хоногт гэхэд гишүүн Л.Болд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа дуулгасан. Тэрбээр “Миний оруулж байгаа санал, өөрчлөлт бол залуучуудын оролцооны асуудал юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн квотод залуучуудын эзлэх хувийг зааж өгөх юм. Хамгийн багадаа залуучуудын квотыг 20 хувиар тогтоох саналыг оруулж байна. Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Манай улсын нийт иргэдийн 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувь нь залуус байдаг. Гэтэл манай улс парламентдаа төлөөлөлгүй улс орнуудын нэг болж байна шүү дээ. Тиймээс бид улс төрөө цэвэрлэж, залуужуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Цаашлаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч хуулийн төсөл яригдаж байгаа юм билээ. Үүний нэг нь УИХ-ын сонгуулийн нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудал. УИХ-ын сонгуулиар тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг Улаанбаатарт хуваарилах гэж нийслэлийн удирдлагууд төдийгүй эрх баригчид үзэж байгаа юм. Харин сөрөг хүчин “Орон нутгийн мандатын тоог хасч болохгүй. Нутаг дэвсгэрийн хэмжээнээс шалтгаалсан улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотойгоор орон нутгийн мандатыг тогтоож өгсөн” гэсэн байр суурьтаа хатуу зогсож байгаа. Тиймээс нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх дараагийн хувилбар нь намын жагсаалтын 28 мандатаас  хасч, нийслэл рүү нэмэх гэсэн хувилбар яригдаж байна лээ. Ер нь иргэд намын жагсаалтаар сонгогдохыг эсэргүүцдэг.  Намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдэгтэй улстөрчид ч өөрсдөө санал нэгддэг. Энэ үүднээсээ өнөөдрийн парламентыг ч хууль зөрчсөн,  хүчингүй болгож харагдуулдаг

Үүнээс үүдээс ирэх сонгуулийн санал хураалтаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг ч зэрэг явуулахаар хэлэлцсэн байсан. Сонгогчид бид 2012 оноос өмнө сонгуулийн хуудсанд тойргийнхоо мандатын тооноос хамаарч дэмжиж байгаа эрхмийнхээ нэрийг дугуйлан саналаа өгдөг байсан. Харин энэ удаагийн сонгууль биднээс хариуцлага, сонор сэрэмжийг шаардаж байгаа. Учир нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд  төлөөллөө сонгохоос гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулгад ч саналаа өгч магадгүй.

Сонгуулийн хуваарийн дагуу намууд энэ долоо хоногоос хуралдаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, тун удахгүй нэр дэвшигчдээ тодруулна. Харин нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө Сонгуулийн хуулиндаа дахин завсар хийхээр хуулийн төслүүдийг хэлэлцэх бололтой.

Энэмэтчлэн Сонгуулийн санал хураалтын өдөр ойртсон ч хэрэгжээгүй байгаа Сонгуулийн хуульд хэд хэдэн нөхөөс засвар орох магадлал өндөр байна. Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхээ хууль боловсруулагчид өөрсдөдөө олгочихож.

 

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих