“Энержи Ресурс”-ийн 975 хувьцаа анх удаа 5 долларт уналаа

Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Mongolian Mining Corporation /975/-ий хувьцаа анх удаа 5 хонконг доллар руу уналаа.

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 13-нд 7.02 хонконг доллараас эхэлж, түүнээс хойш 9-10 хонконг долларт тогтвортой байсан хувьцааны ханш ийнхүү өнөөдөр анх удаа 5.93 хонконг доллар болтлоо унаж буй юм. Баасан гаригт 6.58 доллар хүртлээ буурч, арилжаа хаагдахад 7 доллараар хаагдаж байв. Харин өнөөдөр өглөө арилжаа нээгдэхэд 6.7 доллараас эхэлсэн ханш үд дунд гэхэд 5.93 доллар болоод байна.

MMC-ийн хувьцаа ингэж унаж байгааг мэргэжилтнүүд хоёр гол хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны түрүүнд олон улсын санхүүгийн байдал тогтворгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн томоохон компаниудын хувьцааны ханш унаж байгаа бол хоёрдугаарт Оюутолгойтой холбоотой Засгийн газрын шийдвэр үүнд нөлөөлсөн гэнэ.

Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан нь Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлээд байгаа юм. Ройтерс, Блүүмберг зэрэг томоохон агентлагууд ч Монголд хөрөнгө оруулахдаа бодож үзэхийг хөрөнгө оруулагчдад зөвлөсөн мэдээллийг цацаж байна. Гэхдээ энэ гол шалтгаан биш бөгөөд олон улсын гол индексүүд, томоохон компаниудын хувьцааны ханш дэлхий дахинаа буурч байгаа нь гол хүчин зүйл юм.

Ганцхан Mongolian Mining Corporation-ийн хувьцаа ингэж унаад байгаа биш. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 4.95 хувиар буурч, томоохон компаниудын хувьцааны ханш бүгд буурч байна. Хятадын хамгийн том банк Industrial and Commercial Bank of China /ICBC/-гийн хувьцаа арилжаа эхэлснээс хойш 6 хувиар буурсан байна.

Энэ нь дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй, өсөлт удаан байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. MICC-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ “Дэлхийн эдийн засгийн байдал энэ жил, ирэх онд ч их эерэг байж өндөр өсөлт гарна гэсэн хүлээлт байсан ч одоо тийм биш боллоо. Эдийн засгийн өсөлт, томоохон эдийн засгуудын тодорхойгүй байдал зэргээс үүдээд санхүүгийн зах зээл тогтворгүй болсон. Энэ тогтворгүй байдал нь долдугаар сараас эхэлсэн” гэв.

Хонконгоос гадна Австрали, Японы Хөрөнгийн биржүүдийн индекс арилжаа эхэлснээс хойш 3 орчим хувиар унаад байгаа бол Лондон, Нью-Йорк, Франкфурт гэсэн томоохон биржүүдийн индекс бас л буурсан үзүүлэлттэй хаажээ. “Хувьцаануудын хувьд сүүлийн 40, 50 жилийн дунджаас хямдхан үнэтэй болсон, одоо хувьцаа худалдаж авдаг үе хэмээн шинжээчид үзэж байна” хэмээн Д.Ачит-Эрдэнэ захирал нэмж хэлсэн юм.

Олон улсын биржүүдийн индекс, тэр дундаа Хонконгийн биржийн томоохон компаниудын хувьцааны ханш буурсан нь өнгөрсөн долоо хоногт Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 3 сар дараалан удаашралтай гарсан талаар мэдээлэл цацагдсантай холбоотой аж. Хятадын бараа бүтээгдэхүүний гол хэрэглэгч Европ өрийн хямралд өртсөн нь Хятадын экспорт буурах, цаашлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэл багасах гол хүчин зүйл болсон гэдгийг шинжээчид хэлж байна.

С.Болд-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих