З.Энхболдын “бяр” дутаж намын даргаа алдах уу эсвэл тэд эрх ашгийнхаа төлөө эвлэрэх үү
Өдрөөс өдөрт сонгууль ойртсон энэ өдрүүдэд АН-ын дотоод асуудал яалтчгүй олны анхаарлыг татаж эхэллээ. Олон фракциуд нь эрх мэдэл, сандал ширээний төлөө байнгын зөрчилтэй байсаар ирсэн тэдний хувьд өнөөдрийнх шиг ширүүн “зодоон” үүсгэж байсангүй. Нэгэн цагт лидер нь байсан Н.Алтанхуяг мөр зэрэгцэж явсан Ерөнхийлөгч рүүгээ дайрлаа. Намын урдаа барьдаг лидерүүдийн нэг Женко нь Ерөнхий сайд тэргүүтэй намын нөхдийнхөө эсрэг ажиллаж эхлэв.
Энэ удаагийн үл ойлголцолд хамгийн ихээр хохирч магадгүй фракци нь МоАХ болж үлдлээ. Х.Баттулга тэргүүтэй тэдний хэд хэдэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шинэ төмөр замын болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой хэргүүдэд сэжигтнээр татаад байгаа. Тэгвэл хоёр хоногийн өмнө Женко группын охин компаниудын санхүүгийн тайлан тооцоонд шалгалт хийж, холбогдох бичиг баримтуудыг хурааж авсан.
Үүний дараа өчигдөр МоАХ харьяалалтай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийж Ерөнхий сайдад нөлөөлөл үзүүлэхийг оролдлоо. Тэрбээр, Цагдаагийн Ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Цагдаагийн газар толгойж нэгжлэг, баривчлагаа хийгээд байна. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газрын даргыг огцруулах шаардаж байна. Хэрвээ огцруулахгүй бол Засгийн газрыг тараана” гэж мэдэгдэв. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохироо хийгдэх гэж байгаа гэдгийг мэдээлж байгаа юм.
Хэрэв тийм бол хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн санаатай алхам гэж тайлбарлаж болох юм. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын дотоод зөрчил нэлээд туйлдаа хүрч байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрт хуралдаж асуудлаа шийдэх гэсэн боловч бөөн хэрүүл болоод ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй тарцгаасан аж. Тэрхүү хурлын үеэр Н.Алтанхуяг, Женко нар Ерөнхий сайд болон намын даргатайг муудалцаж “ийм намын дарга гэж байдаггүй юм”, “Шалгах ажиллагаагаа зогсоохгүй бол засгийг тараана” гэж шантаажилсан сурагтай.
Удтал хүлээлт үүсгээд буй АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд хуралдахаар товлогдсон. Энэ хурлаас бүх асуудал шийдэгдэх магадлалтай. Гэвч тус намын “дотор халуун” туйлдаа хүрч, эрх мэдлийн төлөө ёстой “нүдээ ухаж” өгөхөд ч бэлэн байна. Хэвлэлээр өрнөж буй АН-ын “томчуудын” буюу фракци хоорондын “зодоон савнаасаа халив”. Энэ бүх асуудлаа ҮЗХ-ноос урьтаж нэг тийш болгох шаардлагатай болоод байна. Харин эв нэгдлээ хэрхэн олж авахаас тэдний ирээдүй шалтгаална. Ямартаа ч сонгууль дөхсөн энэ өдрүүдэд нэн түрүүнд дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хэрэв тэд ямар нэгэн байдлаар үл ойлголцлоо шийдэж чадсан бол тэд эх орны төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л хийх болно.
Г.Ган
URL: