“Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулган болно
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БҮСИЙН ХӨГЖИЛ – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЧУУЛГАН
JCI байгууллага үүсэн байгуулагдаад 100 жилийн түүхийг бүтээж, 120 орчим орны залуучуудын идэвхтэй манлайллыг бодитоор хэрэгжүүлэх дэлхийд тэргүүлэх байгууллага болжээ. НҮБ-д зөвлөх эрхтэй байгууллагын хувьд хүний хөгжилд чиглэсэн олон зуун төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. www.jci.cc
Энэхүү олон улсын байгууллагын Монгол дахь салбар болох JCI Монгол байгууллага нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эдүгээ 25 жилийн хугацаанд идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй залуучуудын сайн дурын, ашгийн бус, төлөвшсөн байгууллага юм. Бид Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тодорхойлж буй зуу зуун манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болохын хувьд нийгэмдээ хариуцлагатай, бүтээлч хандлагатай байхыг эрхэмлэж ирснийг бидний нийгэмд хандан хэрэгжүүлдэг олон арван төслүүдийн үр дүн, эерэг нөлөөллүүдээс харж болно.
Бид өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байрлах салбар байгууллагуудаараа дамжуулан тухайн орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд цаашид Монгол улсын хөгжлийн гол гол зангилаа болсон бүсийн төвүүдэд залууст хөгжлийн боломжийг олгох, тэднээр дамжуулан эерэг өөрчлөлтийн боломжийг илүү түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааныхаа царааг өргөжүүлэн ажиллах хэрэгцээ шаардлага байгааг анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.
Энэхүү зорилгын үүднээс, нөгөө талаасаа НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд JCI Монгол байгууллагаас “Хүний хөгжлөөс Бүсийн хөгжилд” концепцыг гарган Монгол Улсын 21 аймгаас төлөөлөл болгосон залуучуудын хүрээнд Улаанбаатар хотноо JCI Монгол байгууллагын 13 салбар байгууллага анх удаа хамтран “БҮСИЙН ХѲГЖИЛ – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЧУУЛГАН арга хэмжээг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхээр ажиллаж байна.
Бид чуулганаар аймаг орон нутгийн нийгмийн идэвхтэй давхаргын төлөөлөл болох залуучуудтай хамтран тухай тухайн орон нутгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн олон улсын жишгүүдээс санал болгох, тэдэнд шаардлагатай тодорхой сургалтууд явуулах, уулзалт зохион байгуулах, цаашлаад тухайн орон нутагт хэрэгжүүлэх боломжтой тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэж санал зөвлөмж гаргах юм.
Энэхүү үзэл баримтлалын хүрээнд:
Нэг. Бүс нутгийн буюу аймгуудын өнөөгийн нөхцөл байдлын зураглалыг тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа манлайлагч залуучуудаар өөрсдөөр нь хийлгэж, аймгуудыг хооронд нь судалгаагаар харьцуулан харуулах. Ингэснээр тухайн аймагт нэн тэргүүнд шаардагдаж байгаа нийгэм эдийн засгийн өгөгдлүүд, тэдгээрийг хэрхэн бий болгох боломжууд, арга замуудыг нээх, хөгжүүлэх, давуу ба сул талыг хамтран тодорхойлох, өөрсдийн орон нутгийг хөгжүүлэх эерэг төсөөллийг тухайн залуучуудад бий болгох, тодорхой хөгжлийн саналуудыг дээрх судалгаанд тулгуурлан бэлдэх.
Хоёр. Тухайн аймагт олон улсын хэмжээний хөгжлийн жишиг туршлагуудыг нэвтрүүлэхэд чуулганд оролцогч залуучуудаар дамжуулан дэмжлэг үзүүлэх. Ингэснээр тухайн бүс нутагтай байгаль, цаг уур, хөгжлийн хувьд ижил төстэй дэлхийн бусад улс орнуудын хот суурин, төвүүдтэй холбон харилцаа тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, дээрх судалгаа, хөгжлийн зураглал дээр үндэслэн тухайн аймаг, орон нутагт амжилттай хэрэгжих боломжтой төслүүдийг санал болгох, хамтран эхлүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой.
Гурав. Бүс нутгийн залуучуудын туршлага мэдээлэлд тулгуурласан хөгжлийн асуудлуудаар сэдэвчилсэн чөлөөт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, манай нийгмийн тэргүүлэх тодорхой салбарын нэр хүнд бүхий хүмүүстэй уулзалтууд зохион байгуулах.
Дөрөв. Бүс нутгийн залуучуудыг хооронд нь танилцуулах, өөр өөр аймгийн залуучууд мэдээллээ хоорондоо солилцох боломж нээгдэх, үүгээрээ бүсийн аймгуудын харилцан хамаарлыг сайжруулах
Тав. Бүс нутгийн залуучуудад тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг явуулж, ингэснээр өөрсдийн эрхэлж байгаа ажил хэрэг, үйл ажиллагаандаа эерэг үр дүн гаргах боломжийг бүрдүүлэх
Зургаа. JCI байгууллагын “Local community leader” буюу бүс нутагтаа эерэг манлайллыг амжилттай хэрэгжүүлэх залуус олон нийтийг дэмжих, иргэдийн бодит мэдээлэл, хүлээлт, бүс нутгийнхаа хөгжлийн ерөнхий зураглалыг ойлгох, санал бодлоо тусган улмаар итгэл үнэмшилтэй хамтран хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болно.
Чуулга уулзалт энэ баасан гаригт буюу 4-р сарын 15-нд Блү Скай зочид буудалд болно.
URL: