“Төрийн нууц” гэсэн нэрийн дор 200 гаруй шонхрыг хууль бусаар хил давуулан худалджээ

1460440149570c8c5578368“Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-аас Шинэчлэлийн Засгийн газрын байгаль орчны эсрэг хийж буй гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэд Монголын үндэсний бахархалт шувуу болж өргөмжлөгдсөн Шонхор шувууг хууль бусаар нууцаар хил давуулан харийнханд өндөр үнэ өртөгтэй худалдсан талаар баримттай мэдээлэл өгсөн юм.

Монголын байгаль орчны ТББ-уудын холбооны ерөнхийлөгч, БОНХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга асан Ж.Батболд “Өнөөдөр бид Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй шонхрын нууц наймааг илчлэх гэж хэвлэлийн бага хурал зарласан юм.

Гэхдээ бид ганц шонхроо ярихгүй. Шинэчлэлийн Засгийн газар байгаль орчны эсрэг ямар гэмт хэрэг хийж байгаа тухай мэдээлэл хийж баримтыг дэлгэж тавина. Шонхрын хувьд, БОНХАЯ 2012 онд шонхрын наймааг зогсоох асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн тус оны аравдугаар сард шонхрыг “Монгол Улсын үндэсний бахархалт шувуу” хэмээн нэрлэсэн.

Гэтэл  Ч.Сайханбилэгийн Засгийн Газар нь 2015 оны долоо, найм, есдүгээр сард хуралдаж,  Засгийн газар гурван удаа нууц тогтоол гаргасан. Ингээд нийт 200 орчим шонхрыг хил давуулсан. Үүнийгээ Тагнуулын ерөнхий газарт “төрийн нууц” гэж хэлж байсан. Бид үзэхдээ Монголын ард түмний бахархалыг уландаа гишгэсэн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байна.

Үүнээс гадна 2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ ”Хямралаас гарах” гэсэн хөтөлбөрийн тогтоолыг яарч, баталсан.

Энэхүү тогтоолын заалтад:

Зарим газрыг улсын тусгай хамгаалалттай газраас гаргах

Урт нэртэй хуулиар хамгаалагдсан гол мөрний эх, ойн санг сүйтгэх эрх олгох заалтууд орсон байсныг УИХ-ын гишүүд мэдээгүй.

​Ингээд үүний дагуу 18 нэр бүхий компанид /Монгол газар, Сэншивэе Монгол, Эм Жи Эйч, Алтандорнод Монгол, Алтай голд, АУМ, Уулс ноён, Шохой цагаан булаг, Буд Ундрам, Бүүргэнт, МБГЦ, Болдтөмөр Ерөө гол, Нифинити Спэйс, Хатан түшиг, Жамп, ДБТХ, Ди Зэт Энд Ай, Гацуурт/ 27 тусгай зөвшөөрөл олгосон.

Үүний дараа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Монгол Улсад цөмийн хог хаягдлыг хаях, булшлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган  болсон. Хоёр протокол, нэг конвенцоор халхалж, Монгол Улсад цөмийн хаягдал оруулж ирэхийг санаархсан. Эдгээр үйлдлүүд хэрээс хэтэрсэн үйлдэл болоод байна. Шинэчлэлийн Засгийн газрын бусармаг үйл ажиллагаатай  бид нар болон байгальдаа хайртай хүмүүс хатуу тэмцэнэ ээ.

Тодруулбал, доор аргаар тэмцэх болно.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Урт нэртэй хуулийг зөрчсөн үйлдэл, Цөмийн конвенцод Монгол Улсыг нэгдүүлэх гэсэн үйлдлээр нь шүүхэд өгч байна.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг Ардчилсан намын дарга З.Энхболдод хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газарт Урт нэртэй хууль зөрчсөн байгаль сүйтгэх хоёр тогтоолоо (289, 302), шонхрын нууц наймааны хоёр тогтоолоо хүчингүй болгох шаардлагыг хүргүүлж байна.

УИХ эдийн засгийн хүндрэлээр далимдуулан гол мөрөн, ойгоо устгах, мөн Улсын тусгай хамгаалалттай газрыг ухуулах боломжийг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт олгосон 41 дүгээр тогтоолоо эргэн харж өөрчлөх, мөн Шийдлийн Засгийн газрын 289, 302, шонхрын наймааны нууц тогтоолуудыг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлж байна.

Эцэст нь, эх нутаг, байгаль дэлхийдээ хайртаа хүн бүрт байгаль орчны эсрэг түрэмгүүллэгчдийг Монголын төрд дахин ойртуулахгүй байхын чухлыг ойлгуулахын төлөө цуцалтгүй ажиллахаа сонордуулж байна.

Дээрх тэмцэл, гэмт хэргийн эсрэг ажлыг сонгууль ойртож байгаа учраас хийлээ гэж иргэд хардаж магадгүй. Харин ч бид сонгууль ойртож байгаа учраас сэрэмжлүүлж, анхааруулж байна. Энэ хүмүүс ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлгүй байна. Үүний төлөө бид тэмцэж байна” гэв.

Д.Хурц: 5,4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан эзэд хэн бэ

“Монголын байгаль орчны ТББ-уудын Амьтны хорооны гишүүн тэрбээр “Шонхрыг арилжааны бус соёл, шинжлэх ухааны зорилготойгоор гадаад руу гаргаж болдог. Үүний дагуу 2-3 шонхор гаргаж болох байтал албан бус байдлаар 200 орчмыг гаргасан.

Үүний талаар Байнгын хорооны хурлаар ярилцах үед “Үнэхээр соёл, шинжлэх ухааны зорилгоор шонхрыг гаргах бол нэгийг нь 20.000 ам.доллараар зарж, улсад ашиг оруулах хэрэгтэй. Үүний тал хувийг байгаль орчинд нь зарцуулах хэрэгтэй” гэж ярилцаж, зөвшөөрсөн. Гэтэл бидэнд хэлэлгүй 240  орчим шонхрыг нууц тогтоолын дагуу зарчихсан байсан. Гэтэл амьтны тухай хуульд нууц гэсэн заалт байхгүй. Ингээд гаргахдаа нэг шонхроос улсад 11.760 ам.долларын ашгийг оруулах ёстой байсан ч 3000 ам.долларыг улсад оруулаад, бусдыг нь идчихсэн байгаа. Ямар журмаар яаж гаргасан талаар судалсан. Үүнээс үүдэж 5,4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байгаа юм.

Үүний эзэд, байгууллагууд хэн бэ. Ганц хүн зуучилж, наймаа хийдэг биш. Цаана нь эзэд байдаг. Бид хууль хяналтын байгууллагад хандаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэтэл тухайн зарсан иргэн нь гадаад руу гарсан учир боломжгүй гэсэн хариу авсан” гэв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих