Зэсийн орд “агнах” Хятадын төлөвлөгөө үргэлжилсээр
Уул уурхайн томоохон төслүүд царцаж, таваарын үнийн төлөв тодорхойгүй байгаа ч Хятад улс шаргал металлын хангамжийн найдвартай байдлыг хадгалах зорилгоор хилийн чанадад зэсийн уурхай, орд худалдаж авах ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын металлын томоохон борлуулагч хэлж байна.
Хятадын Minmetals- ийн дэд тэргүүн Жерри Жяо “Хятад зэсийн тун бага нөөцтэй орон. Зэсийн хангамжийг тогтворжуулах цорын ганц арга бол бусад улс орны зэсийн ордыг худалдаж авах” хэмээн Чилийн нийслэл Сантьягод болсон Дэлхийн зэсийн чуулганд оролцохдоо хэлжээ.
Дэлхийн уул уурхайн аваргууд өрийн ачааллаа буруулах зорилгоор хөрөнгөө багасгах арга зам эрэлхийлж, олон төрлийн түүхий эдэд чиглэсэн өргөн цар хүрээтэй бизнесийн загвараас татгалзаж эхлээд байна. Швейцарийн олборлогч Glencore Чили дэх зэсийн Lomas Bayas уурхайгаа худалдахаар зэхэж буй бол АНУ-ын зэсийн олборлогч Freeport-McMoRan Өмнөд Америк дахь El Abra уурхайн тодорхой хувийг зарж магадгүй тухай мэдээлэл цацагдах боллоо.
Хятадын Minmetals бол энэ жилээс усан тээврээр зэсийн экспорт хийж эхлээд буй Перуд байдаг зэсийн томоохон уурхай болох Las Bambas-ийг эзэмшигч юм. Minmetals уурхайгаас олборлосон зэсийн баяжмалаа Перу дэх Хятадын Citic группийн салбарт нэгдүгээр сараас борлуулж эхэлснээ мэдэгдэв. Энэ тухай ноён Жяо “Las Bambas шиг том орд олон байдаггүй. Том уурхайг ажиллуулна гэдэг амаргүй. Нэг тонн зэс олборлох ажил улам л ажиллагаатай, ярвигтай болж байна” хэмээв.
Арванхоёрдугаар сард Хятадын төрийн өмчит Хөрөнгийн хяналт, удирдлагын комиссоос 1950 онд байгуулагдсан Minmetals Хятадын дэд бүтэц, барилгын Metallurgical Corp-тай нэгдэнэ хэмээн мэдэгдсэн. Ингэснээр уул уурхайгаас барилгын салбарт ашиглах металлын эцсийн бүтээгдэхүүн үүсэх үйл явцыг хамтын аж ахуйн нэгж хянах боломжтой болох аж.
Өнгөрсөн жил Minmetals- ын зэсийн олборлолт 217 мянган тоннд хүрч, хамгийн өндөр амжилт тогтоосныг төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг мэдээлж байсан юм. Гэхдээ Minmetals шаргал металлын ирээдүйг эергээр харж буй Rio Tinto болон BHP Billiton зэрэг аваргуудтай зэсийн ордын ширүүхэн өрсөлдөөнд орж магадгүй юм. Барууны хоёр аваргын хэн хэн нь ямар ч төслийг мөнгө цохиод авчих хөрөнгийн бядтай. Энэ арван жилийн төгсгөлд шаргал металлын нийлүүлэлтэд хомсдол үүсэх төлөвтэй байгаагаас аварга олборлогчдын аль нь ч зэсийн томоохон ордуудаа зараагүй нь тайлан тооцооны хүснэгтээс харагдана.
Хятад өнгөрсөн арван жилд металл хайлуулах үйлдвэрийн багтаамжаа зэрэгцэн нэмэгдүүлснээр хэрэглээ нь өсөж, дэлхийн зэсийн 40 орчим хувийг эзлэх болсон. Гэсэн хэдий ч зэсийн түүхий эдийн үйлдвэрлэл нь гаднын ордуудаас хамааралтай хэвээр байгаа. Хятадын зэсийн хэрэглээ уруугаа харсан пирамидтай төстэй гэдгийг ноён Жяо учирлажээ.
Тодруулбал, долоон сая тонн зэсийн катод үйлдвэрлэхийн тулд 11 сая тонн зэс хэрэглэдэг байна. Харин дотоодын уурхайнууд дээрх хэмжээнээс дөнгөж 1.7 сая тонныг нь л хангаж дөнгөдөг аж. “Зэс хайлуулах үйлдвэр барих нь хятадуудад ядах юм биш. Гол нь нөөц олох л амаргүй. Зэсийн баяжмал олборлохын тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарын багагүй хэсгийг өөрийн болгосоор байх болно” хэмээв.
Автомашин, сэргээгдэх эрчим хүч зэрэг Хятадад хүч түрэн хөгжиж буй үйлдвэрлэлийн салбарт зэсийн хэрэглээ мөн нэмэгдэж буйг ноён Жяо онцлов. Гэхдээ металлын үнийн төлөв нь Хятад улс тэдгээр шинэ үйлдвэрүүдээ эдийн засгийн тэргүүлэх салбар болгож, үеэ өнгөрөөж буй аж үйлдвэрийн салбаруудаа орхих эдийн засгийн шилжилтийг хэр амжилттай хийж чадахаас шалтгаалах юм.
Тэгвэл зэс болон таваарын бусад төлөвийг бууруулдаг банкуудын нэг болох Goldman Sachs Хятадын хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн шилжилт амжилттай болсон цагт л зэсийн эрэлт нэмэгдэж, 0-ээс гурван хувьд хүрнэ хэмээн анхааруулав.
Хэнри Сандерсон
Засгийн газрын мэдээ
URL: