Үнэт зүйлгүй үнэ цэнэтэй Ардчилал

avilga

Ийм сэдвээр ярихаар цаг үеэ мэдэрдэггүй хүн гэж ухаалаг жиргээч нарт чичлүүлнэ. Цаашлаад хамгийн сонирхолүй сэдвээр бичсэн ангилалд орж болно. Гэхдээ яахав. Сонгуулийн сэдэвтэй харьцуулахад жижиг сэдэв ч “үнэт зүйл”-ийн тухай дуугарья.

 

Улсын Ерөнхийлөгч байсан төрийн ноён нуруу болж явсан эрхэм Үндсэн хуулийн цэцэд манаач хийхдээ өчигдрийн үгээ өглөө нь залгичихсан, тэс өмнөө шийдвэр гаргаж байхад байдаг зүйл гээд өнгөрүүлж байна. Төсөв гэдэг тогоог цөлмөж дууссан бүлэглэлүүд Бонд зээл, хөрөнгө оруулалтын гэрээ, Олон улсын арга хэмжээ гэсэн шинэ сувгаар мөнгө гулгуулж эхэллээ. Тулсан үедээ боом халдварт өвчний тархалтаар сенсаацлаж, төсвийн нөөц хөрөнгөнөөс хэдэн зуун саяар нь гаргах замыг нээж байгаа нь ажиглагддаг.

 

Энэ бүх улигт хар жишээнүүд явсаар бидний үгүйлэхээ больсон үнэт зүйлстэй холбоотой болж ирнэ. Захын жишээ бол эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих гэдэг зарчим алдагдаад даруй 10 жил болсон байгаа. Ардчилсан нийгэмд албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэн ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болсон байх ёстой. Энэ үнэт зүйл хаана гээгдсэнийг МАНАН-гаас асуух ёстой болов уу. Эрх мэдлээ хэтрүүлэх хамгийн нийтлэг хэлбэрийн нэг авилга “даам” гараад удлаа. Үүнийг хаах үзэл санаатай хуулийн төсөл санаачилж өргөн барихад хэлэлцэгдэх дарааллаас хасагдах нь хэвийн үзэгдэл.

 

Үүнтэй зуузай холбоод хадуурсан завхрал бол Хуульд захирагдах ёс. Бидний тунхаглаад байгаа ардчилсан төрд ерөнхийлөгч, сайд, хөрөнгө бэлтэн, агуу эх оронч, дуурсах алдар гавьяатан ер нь хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй. Үүнийг хуульд захирагдах ёс гэдэг. Хүн бүр хуулийг сахина, зөрчвөл мөн адил ялгаварлал алагчлалгүй хариуцлага хүлээнэ гэсэн үг. Энэхүү чухаг үнэт зүйл ямар улс төрийн шоу болж байгааг бид энэ өдрүүдэд харж байгаа.

 

“Эрх тэгш биш байх” гэдэг зарчим үнэндээ байхгүй болсныг өдөр тутам харж байна. Жирийн нэг эр эндэж эрэг нурлаа. Хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул шууд төдөн жил. Эрх дархтан эрдэж идэж ууж яваад “баригдлаа”. Тусдаа журмаар шалгуулахаар тэмцэнэ. Хүний эрхийг дээдлэх, хууль журам барих хэм хэмжээг бүх процедурт дээд зэргээр хангахыг шаардана. Жагсана. Алдар цуутнууд тусад нь “үгээ” зориулж нулимс дуслуулна.

 

“Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж чадсан нь гайхамшиг мөн” гэж манай нэг улстөрч илтгэл тавьж байж билээ. Энэ гайхамшигийг олж авангуутаа ардчиллын үнэт зүйлсээ гээх замаар буцааж алдаад өдгөө хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагын мухардалд тулж ирсэнийг бүгд хэлж байна. Харин масс үүнийг тоож сонсохгүй дүлийрсэн байгаад харамсал байгаа юм.

 

Тун нарийн тооцож нийгмийн бүлэг бүрт тухайлан бий болгосон цаг нөхцөөж зугаацах талбар, сошиал зэрэг сатаарах орчин бэлдэж өгсөнөөр ардчиллаа үнэт зүйлтэй нь холбож харах сэхээ өгөхгүй сорох балчиг хөрсийг их даяаршлаар бий болгоод байна. Манайд үүнийг улс төрийн зорилгоор ашиглах том туршилтууд амжилттай хийгдсээр байгаа нь ирэх сонгуулийн түгшүүр гэдгийг дашрамд дахин сануулмаар.

 

Маргааш “трэнд” болох хов жив чимээлэн утсаа дэрлэн унтах массын тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байхад нийгэмд үгүй болж буй үнэт зүйлийн тухай ярих нь яг одоо бол хадны цуурай мэт байж болох.

 

Дэлхийг нөмөрсөн гэх асар их зээл өрийн сүлжээ, үл хөдлөх хөрөнгийн дуусаагүй хямрал биднээс холуур өнгөрөхгүй. Сүүдэр нь хаяаны газар байгаа юм. Энэ хямралын цаана их гүрнүүдийн бодлоготой нягт холбогдсон жинхэнэ “том бүлэглэл” өөрийн эдийн засгийн саварт дэлхийг нэгтгэх алхмуудыг алгуур хийсээр байгаа дохиог бид тайлж унших ёстой.

 

Тэд энэ алхмаа буурай хөгжилтэй, нэг бол хөгжиж буй орнууд дээр амжилттай хэрэгжүүлж байгааг адил төстэй орнуудын үндэстэн дотроо хийх хагарал мөргөлдөөний мэдээнээс харж байгаа бид. Том нь жижгээ залгих, эдийн засгаар боолчлох алхмаа тухайн улсын ардчиллын үнэт зүйлсийг нь үгүй хийх замаар эхлүүлж, үндэсний бахархал эрмэлзэл итгэлийг нь мөхөөж, дотоод хямрал үүсгэж, дараа нь тусалья гэсээр орж ирснээр хэрэгждэг.

 

Үүнийг тун соргог мэдэрч үндэсний дархлаатай, улс төр эдийн засгийн бие даасан хөгжлийн замыг сонгосон бол үнэт зүйлсээ гээлгүй “үнэ цэнэтэй” байлгах ёстой.

 

Дэлхий нийтэд ардчилал нэг талдаа мухардалд орсон гэж буй судлаачдын үгийг тусдаа том сэдэв гэж чихнээсээ холуур өнгөрөөх нь хэтэрхий өөрсдийгөө дорд үзсэн болно. Хамар доорх Хятад улс энэ аюулыг тойрохоор өөрөөр хөгжиж байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих