АН ойлголцсон дүр эсгэхээр шийдэв үү
Ойрын хэд хоног АН-ынхан ойлголцохыг ихэд хүсч байна. Учир нь сонгууль болж байхад хэдэн лидерүүд нь бас төрийн гурван өндөрлөг нь нэгнийхээ эсрэг баахан мэдэгдэл хийчихсэн. Тиймээс өнгөрсөн бямба гаригт УИХ дахь АН -ын бүлгийн гишүүд, АН-ынхаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хамт Их тэнгэрийн аманд харуул хамгаалалттайгаар хуралдаж дотоод асуудлаа ярилцсан.
Тус хурлаараа АН-ынхан “Намын дотоод асуудлыг голчлон хэлэлцлээ. Тодруулбал, бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай ярилцсан. Онцлоход хуралдаанд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. УИХ-ын гишүүн Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Г.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар оролцоогүй” хэмээн тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдэгдсэн.
Мөн тус намынхан “Сонгууль дөхөж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ буруутгаж мэдээлэл хийж болохгүй гэдгийг хэлж ярьсан. Үүний оронд мөрийн хөтөлбөрөө ярих цаг болсон гэдгийг ч анхааруулсан” гэсэн.
Хэдий тийм ч тэд сайтар ойлголцож чадаагүй учраас өнөөдрийн бүлгийн хурал нь хаалттай, ширүүхэн болж байгаа сурагтай. АН-ынхан тэр дундаа төрийн гуван өндөрлөгт байгаа нөхдүүд, бас Н.Алтанхуяг, Х.Баттулга нар тийм амархан ойлголцоход хэцүү л болов уу.
Учир нь тэд зөвхөн нам дотроо ойлголцох асуудлаар хагаралдаагүй харин ч Монгол улсын устөрийг цаашлаад эдийн засаг, санхүүг муухай харагдуулж, нам дамнасан улстөр бизнесийн бүлэглэлээсээ болоод л хагаралдсан. Тиймээс АН-ын нэр бүхий хүмүүс ойлголцтолоо удах байх.
Харин тун удахгүй хоёрхон сарын дотор сонгууль болох учир энэхүү үл ойлголцлоо түр хойноо нуух талаар ярьсан гэвэл илүү зохих байх. Тэгээд сонгуулийн дараа ялсан, ялагдсанаасаа үл хамаараад ахиад л “байлдаж” гарахаар шийдсэн бол гайхах хэрэг алга. Гэхдээ л хэн нэгнээр дуу хоолойгоо хориулах дургүй АН-ын лидерүүд тийм амар ойлголцоно гэдэгт итгэх хүн итгэхгүйгээсээ олон байгаа.
Тэгэхээр АН-ынхан ойлголцсон дүр эсгэхээр шийдсэн байх гэдэг хамгийн бодит дүгнэлт байж мэднэ.
Г.Самбаа
gereg.mn
URL: