“Халдашгүй” гэх малгайн дор нуугдагсад, нуугдахыг хүсэгчид

2914Улстөрчид, мөн бизнесийнхэн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэх далбаан дор нуугдахыг хүсдэг болж. Энэ нь мэдээж тэднийг ямар нэг но-той болохыг нь илтгэж буй. Гэсэн ч парламентад орж, дөрвөн жилийн хугацаанд айх аюулгүй явах зорилгыг юун түрүүнд тавьдаг улс олон болсон бололтой. УИХ-ын гишүүн болохыг хүсэгчдийн дийлэнх нь өөрийн ашиг сонирхлын төлөө л мөнгөө үрэн байж ийшээ зүтгэх. Угтаа бол гишүүний бүрэн эрхийг эдэлж, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх гэсэн уриатай юмсан. Харин харамсалтай нь энэ нь тийм ч олон нөхдөд хүрч үйлчлэхгүй байсаар өдийг хүрсэн. Шинээр гарч ирэгсдэд ч мөн ялгаагүй биз. Парламентын гишүүн болж, олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг чин сэтгэлээ хүсэж байгаа хэсэг тун цөөн байгаа гэхэд буруудахгүй л болов уу. Ингэж хардах ч үндэслэл бий. Өмнөх УИХ-ын гишүүд, улстөрчид аливаа хэрэгт нэр холбогдож, бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж байгаагаас нь харахад тэр шүү дээ.

Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга байна. Төмөр замыг барих нэрийдлээр хэчнээн тэрбумыг идсэн, уусан нь баримтаар гарч ирэн, хуулийн байгууллага тойрон хүрээлэгчдийг нь шалгаж эхэлсэн. Учир мэдэх хүмүүс үүнийг нь зүгээр улс төр, өш хонзон гэж харахгүй байгаа юм билээ. Мөнгө идсэн нь худал биш бололтой хэмээн өөр хоорондоо ярих. Уг нь түүнийг хамгийн шударга гэж боддог хүмүүс маш олон. Ийм байтал тэр хүртэл авлигын хэрэгт нэр холбогдон явна. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой мөнгөний асуудал байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эргэн тойрныхон мөн л Нүүрс хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх асуудал шалгагдсаар байгаа. Гишүүн байсан Л.Гансүх хүртэл Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахдаа мөнгө идсэн хэмээн шүүхдэж буй юм.

Гишүүдтэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Өмнөх парламентын гишүүд ч тодорхой хэргүүдэд нэр холбогдож байлаа. Д.Дондог, Ц.Батбаяр, Л.Гүндалай нараар дуусахгүй. Тэд бүрэн эрхийн далбаан дор шалгагдахгүй байсан. Харин Д.Дондог, Ц.Батбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа шалгагдаж байв. Хуулийн шүүхийн байгууллагад шалгагдахгүйн тулд гишүүд хуульд өөрчлөлт оруулж, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах тухай оруулсан. Мэдээж ингэж барих их хэцүү гэдгийг тэд ч өөрсдөө мэдэж байгаа. Иймээс л УИХ-ын гишүүд дахин гишүүнээр сонгогдох гэж, шинэ хүмүүс парламентад орох гэж сонгууль гэх “мөнгөний тулаан”-ыг хийнэ. Гишүүний бүрэн эрх дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөх хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс дахин сонгогдох хүсэл тэдэнд маш их. Ялангуяа ямарваа нэг хэрэгт нэр нь холбогдон яваа гишүүд. Тэдэнд хэдий хэмжээний мөнгө зарах нь тийм ч сонин биш байх. Тэднийг дагаад бизнес эрхлэгч, улстөрч шинэ хүмүүс УИХ-ын гишүүний “халдашгүй” гэх малгайн дор нуугдах сонирхол их болж. Энэ удаагийн сонгууль ч энэ эрх ашигт л зангидагдан явагдах бололтой. Уг нь УИХ-ын сонгуулийн үндсэн зарчим нь өөр л байдагсан.

М.Төр

Цензургүй.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 11 April 2016

Үнэхээр гэмт буруугүй юм бол энэ Женко ингэж сенсацлаад байлгүй чимээгүйхэн л хуулийн байгууллагынханд шалгуулж нэгжүүлэх хэрэгтэй шдээ, хэрэг нь илэрлээ гэсэн шиг хамаг гар хөлөө дуудаж интернет ертөнцөөр хүмүүсийн тархийг угааж цуглаалаад ноотой л байна

Нэр: Зочин Огноо: 11 April 2016

Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л болж байх шив дээ

Нэр: Зочин Огноо: 11 April 2016

УИХ-ын гишүүд Баттулаг гэхээр бүгд долигоноод үхэх гээд байх юм, бүгд тэр луйвардсан мөнгөнөөс нь хүртчихсэн юм биш үү сда

Сэтгэгдэл бичих