Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам УИХ-д суудалтай боллоо
Өнгөрсөн 7 хоногт Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд УИХ-ын нэр бүхий гишүүд элсэн орж, улс төрийн гуравдах хүчин болж удахгүй болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон тухай яриа чих дэлссэн. Олны үг ортой гэдэгчлэн баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам өчигдөр буюу 4 сарын 10-ны өдөр 200 орчим гишүүдтэйгээ “нууцхан” хурлаа хийж, тус намын даргаар УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгаг сонгосон байна. Ийнхүү Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам УИХ-д суудалтай нам болжээ.
Г.Уянга гишүүний хувьд өнгөрөгч 4 сарын 08-ны өдөр МҮАН-ын гишүүнээсээ татгалзаж байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд хүргэж байсан нь аль эртнээс төлөвлөсөн үйлдэл байсан бололтой. Учир нь МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзсан эрхэм гишүүн 2 хоногын дараа буюу 4 сарын 10-ны өдөр болсон ТТЭНН-ын хуралд оролцон, тус намын даргаар сонгогдсон байна.
Монголын улс төрд эрх баригч хоёр намаас гадна гуравдахьч улс төрийн хүчин илт үгүйлэгдэж байгаа. Энэ орон зайг УИХ-ын гишүүн Г.Уянгаар удирдуулсан Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намынхан нөхөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Тэгээд ч өнөө цагт бид тусгаар тогтнолоо баталгаажуулан, эв нэгдлээ сахиж, гадны улс орны элдэв “зөвлөгөө, дэмжлэг, зээл”-ээс тодорхой хэмжээгээр татгалзаж улс орноо хөгжүүлэх шаардлага улс төрчдийн өмнө тулгараад байгаа билээ. Ийм цаг үед Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын үүрэг оролцоо улс оронд юу юунаас чухал байж мэдэх юм.
Удахгүй энэ намд өнгөрсөн 7 хоногт яригдаж байсанчлан МАН, АН-ны зарим гишүүд, бизнесменүүд, урлаг соёлын алдартнууд элсэн орж 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдвөл нэг их гайхах хэрэг биш бололтой.
Ц.Мөнх
URL: