Хоёрхон сарын настай сайдын ХОЖОО НЬ ЮУ БАЙХ ВЭ
Эрүүл мэндийн салбар бол улс орны хамгийн эмзэг, чухал болоод бусад ямар ч салбараас илүү мэргэжил, мэргэшилтэй боловсон хүчин шаарддаг салбар. Гэтэл Монголд энэ салбарын сайдыг томилохдоо мэргэжил, мэдлэг, туршлагыг шаардлага болгохоосоо илүүтэй нам хүчин, эвсэл, фракцуудын тохиролцоо, томилгооны наймаа, өгөө авааны хавчуурга төдий үзэх болсоор удаж байна. Тиймдээ ч сүүлийн хэдэн Засгийн газрын бүрэлдэхүүн дэх энэ чиглэл, үүргийн сайд нар дандаа мэргэжлийн бус, салбарын биш хүмүүс томилогдож байсан. Эрүүлийг хамгаалах чиглэлээр ганц нэг номын дуу сонсож өнгөрсөн гэхээс өөр холбогдох намтаргүй, хамаатуулах гавьяагүй улстөрчид л “бялуу” хуваах тохиролцооны үр дүнгээр энэ салбарыг толгойлох болсон нь нууц биш. Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайгаас эхлэх ийм жагсаалт Н.Хүрэлбаатараар үргэлжилж, авлига авсан хэмээн шалгагдаж буй сүүлчийн сайд Г.Шийлэгдамбаар төгсөнө. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд олон ч хүний нэр Эрүүл мэнд, спортын сайдын суудалд яригдлаа. Тэдгээр дотор мэргэжлийн хүн алга байсан гэхэд болно.
Хамгийн бодитой зүтгүүлсэн хувилбар бол Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайд болж, түүний оронд МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох шийдэл. Хэрвээ АТГ-аас Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэж албан хариу ирүүлээгүй бол энэ хувилбар биелэх байсан билээ. Гэвч АТГ-аас дээрх хариуг ирүүлээд зогсохгүй, Н.Энхбаярт дахин хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа учраас энэ нь бүтэх ямар ч боломжгүй болж хувирав. Ингэмэгц Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг эрх баригч АН өөртөө авч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нарын аль нэгийг сайдаар томилно гэх яриа дуулдаж эхэлсэн. Учир нь МАХН-ыг засгаас гаргах талаар ярилцаад эхэлсэн гэх мэдээлэл гарсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч УИХ-ын чуулган хуралдаж эхлэх үед эрүүл мэндийн салбарыг сайдтай болгоно гэдгээ хэлээд байв.
“Шударга ёс” эвслийн бүлэг өөрт оноогдсон сайдын суудлыг зүгээр алдчихыг хүссэнгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард доктор Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд саналыг нь хүлээж аваагүй учраас нэг бол өөр хүний нэр оруулж ирэх, эс бөгөөс нэг сайдын квотоо АН-д алдах гэсэн хоёр л сонголт “Шударга ёс” эвсэлд үлдээд байв. Ингээд МАХН Бага чуулганаа хийж, академич Ц.Лхагвасүрэнгийн нэрийг Ерөнхий сайдад өргөн барихаар болсноо зарлалаа. Энэ бол салбарын сайдад мэргэжлийн хүнийг нь дэвшүүлж буй утгаараа сайн мэдээ болж байна. Нэр яригдаж байсан хувилбарууд дундаас доктор Л.Жамбалжавыг эс тооцвол салбараа мэддэг, эрүүл мэндийн мэргэжил, мэдлэг, туршлагатай хүн байгаагүйг хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс ч Ц.Лхагвасүрэнд тааламжтай хандаж буйгаа өмнө нь нэгэнтээ мэдэгдсэн байдаг.
Тэрээр “Академич Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар тавих хувилбар анхнаасаа яригдаж байсан. Шадар сайд Ц.Оюунбаатар, Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би “За, Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад, Н.Энхбаярыг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгох хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн” хэмээн ярьсан удаатай.
Тиймээс хэрвээ Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг АН “Шударга ёс” эвслээс булааж авахааргүй болсон тохиолдолд Ц.Лхагвасүрэн дараагийн сайдаар батламжлагдах магадлал өндөр гэсэн үг. Ц.Лхагвасүрэн 1954 онд төрсөн бөгөөд хүний их эмч мэргэжилтэй, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич цолтой. Тэрээр өмнө нь Ази, Номхон далайн бүсийн Анагаах ухааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил гүйцэтгэж байсан туршлагтай нэгэн. Өдгөө Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгчийн алба хашиж буй юм. 1978 оноос их эмчээр ажлын гараагаа эхэлсэн тэрээр багш, эрдэм шинжилгээний ажилтан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал зэрэг албыг эрхэлж, эрүүл мэндийн салбарт 40 орчим жил тасралтгүй ажилласан ажээ.
Ц.Лхагвасүрэн мэдлэг боловсролын хувьд хэнд ч гологдохгүйгээс гадна өмнөх бүх хувилбараас дээрдүүлсэн хувилбар гэдэг нь хэн бүхэнд илэрхий байна. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш салбарын яамыг нь Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан, Төрийн нарийн бичгийн даргаар нь С.Ламбаа томилогдон ажиллаж буй билээ. Сайдгүй байх өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энэ салбарт маш их асуудал, бэрхшээл хуримтлагдсаар байгаа. Халдварт өвчний тархалт хяналтаас гарч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан тухай мэдээлэл гарах боллоо. Тиймд Ц.Лхагвасүрэн сайдаар томилогдлоо гэж үзэхэд юу хийж чадах вэ.
Юу хийж чадах вэ гэдэг асуултаас илүү, юу хийж амжих вэ гэдэг асуулт түүнд тулгарч таарна. Учир нь сонгууль хүртэл буюу дараагийн Засгийн газар эмхлэгдэн байгуулагдах хүртэл ердөө хоёрхон сарын хугацаанд тэр салбараа толгойлно. Түүнд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хугацаа байхгүй. Тэр бодлого тодорхойлж ч амжихгүй. Бас тэрээр төсөв батлуулна гэж байхгүй. Тиймд нэгэнт батлагдсан төсөв, өмнөх сайдын тодорхойлсон бодлогын хүрээнд л ажиллана.
Эрүүл мэндийн салбарт шинэ салхи савир оруулах хэмжээний, өөрчлөлтийг эхлүүлэх дайны шинэчлэлийг тэр хийж угаасаа амжихгүй. Магадгүй тэр халаа сэлгээ л хийж амжих байх. Гэвч энэ нь ямар ашиг тустай гэж. Хэн нэгэн даргын нэр, зүс л өөрчлөгдөхөөс өөр шид гарахгүй. Тиймээс түүнээс ямар ч үр дүн хүлээх хэрэггүй болж байна. Гагцхүү сайдгүй, сулдаа ганхсан нэг яам байснаас салбарынх нь хүн сайд болоосой билээ. “Ядаж л элэг нь наашаа биз” гэж эрүүл мэндийн салбарынхан хоёр сар сэтгэл өег байг дээ.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
URL: