“Ягааны гудамж” нэхсэн гуталны өчил
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монгол эмэгтэйчүүд мөнгө олохын тулд Сингапур, Малайзад гарч ажил хийж яваад амиа алдсан тохиолдол ихээр бүртгэгдэх болсон. Хамгийн сүүлд гэхэд л гэрийнхэн рүүгээ өөрийг нь алах гэж байгаа тухай мэдэгдсээр байтал Монголын цагдаагийнхан тоогоогүйн улмаас нэгэн Монгол эмэгтэй Малайзад харамсалтайгаар амь алдсан хэрэг гарсан тухай мэдээлэл олон нийтэд ил болж хирдхийлгэсэн. Мэдээж энэ бол мэдэгдсэн хэрэг нь. Мэдэгдээгүй олон хэрэг нуугдаж байх нь лавтай.
МЗХ-ноос өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Гуталтай жагсаал”-ын үеэр Ягааны гудамжны асуудлыг нэгэн гутал хөнджээ. Мэдээж энэ асуудлыг олон нийт өөрсдийн өнцгөөр хүлээж авч байгаа. Шүүмжилж байгаа нь ч бий, сайшаах нь ч байна.
Монгол Улсад нүүрлээд байгаа улаан цагаандаа гарсан янхнуудын асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол хууль бус үйлдлүүд цэцэглэсээр, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Цаашлаад амар хялбар аргаар ахиухан мөнгө олох гэсэн охид, эмэгтэйчүүд хүний наймаанд өртөх асуудал ч улам томорч байгааг сүүлийн хэдэн жил гадаадад ажил хийх гэж яваад амиа алдсан эмэгтэйчүүдийн гунигт түүх гэрчлэх биз ээ.
Нөгөөтэйгүүр, Монголыг зорих эрэгтэй жуулчид “секс жуучлал” хийх гэж энд ирдэг гэсэн албан бус мэдээлэл ч чих дэлсэх нь бий. Гадны жуулчны компаниуд иймэрхүү мэдээлэл бүхий тайлан гаргахын сацуу, энэ төрлийн жуулчлалыг сонирхсон жуулчдад зориулсан тусгай программ хүртэл хэдийнэ нэвтрүүлчихсэн гэдгийг олон хүн ярьдаг. Энэ бүхнээс үүдээд бэлгийн замын халдварт өвчний үүр уурхай Монгол Улсыг чиглэж байгааг мэргэжлийнхэн өнөөдрийг хүртэл анхааруулсаар ирлээ.
Муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр муу юм бүхэн Монгол Улсад ямар ч хараа хяналтгүйгээр орж ирж, нутагшсаар байгаа асуудлыг нэг тийш нь цэгцлэх цаг хэдийнэ ирсэн. Ингэхийн тулд хөгжингүй орнууд энэ асуудлаа хэрхэн шийдсэнээс жишээ авч, “Ягааны гудамж” байгуулж яагаад болохгүй гэж.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эрэлт байхад хэрэгцээ байх нь зайлшгүй үзэгдэл. Тийм болохоор хууль бусаар энд тэнд орогнон өдөр хоногийг аргацааж байгаа эсвэл их мөнгө олохын тулд гадны улсуудыг зорьж, амиа алдаж байгаа янхнуудаа цэгцэлж, хуулийн дагуу “Ягааны гудамж”-тай болгоод өгчихвөл асуудалгүй л юмсан, улстөрчид өө. Сайны хажуугаар саар зүйл байнга байдаг гэдгийг ухаж, саар болгоныг дэврээлгүйхэн шиг бусдын жишгээр асуудлаа шийдээд явчих нь л улстөрчдийн уран ухаан гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байлгүй.
Янханд дуртай хэн л байв гэж. Гэхдээ бид дургүй байлаа гээд тэд устаад үгүй болчихгүй. хэрэгцээ байхад эрэлт байдаг гэдэг зах зээлийн хуулийн дагуу л бүх зүйл үргэлжилсээр байх болно. Энэ ч үүднээс хөгжингүй орнууд энэ асуудлаа Ягааны гудамжаар шийдчихсэн байдгийг манай улстөрчид сайн мэдэх биз. Зарим нэг нь өөрсдийн нүдээр очиж, туршлага судалсан нь ч бий байх. Монгол Улсыг хэдий болтол муухай харагдуулах гэсэн юм бэ, улстөрчид өө.
У.Жанцан
Цензургүй.мн
URL: