Автомат тоглоом Монголд хэрэгтэй юу?
Сүүлийн хэдхэн жилийн дотор нийслэл хотод автомат тоглоомын төвүүд гэх газрууд нэлээд хэд бий боллоо. Үүнтэй холбоотойгоор иргэдээс багагүй гомдол ирдэг ч тэрхүү гомдлыг тэгсгээд намжаадаг, дардаг нь нууц биш. Иргэдээс гол төлөв автомат тоглоом гэх энэ зүйлд нөхөр нь, хүү нь, аав нь их хэмжээний мөнгө алдаж, ирэх болгонд нь хармааг нь хоосолж буй энэхүү газруудыг хааж өгнө үү гэсэн гомдол түлхүү ирдэг байна.
Хүүхдээсээ сүүний мөнгө харамлатал хүнийг донтуулж хармааг нь хоосолдог тэрхүү автомат тоглоомын төв гэгчтэй танилцахаар өнгөрсөн ням гаригийн өглөө орж үзлээ. Автомат тоглоом гэж гаднаа бичсэн ч хаагуур орох нь тодорхойгүй тэрхүү газар уруу нэг юм орлоо. Хар хуулга битүү наасан хаалгатай, цонхгүй ийм газрууд цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаггүй гэхэд хэцүү. Ямартай ч, ням гаригийн өглөөгүүр хүн багатай үед нь ороход тэрхүү газарт 15 орчим хүн байлаа. Төд удалгүй 20 болов. Бүгд эрчүүд. Карт худалдагч охиноос өөр энд эмэгтэй хүн алга. Хамгийн гол нь, автомат тоглоом гэх иймэрхүү газруудад гаднын казинод байдагтай адил рулет, баккарат зэрэг тоглоомууд байна. Хэдийгээр иймэрхүү газруудад нээх их биш төгрөгөөр карт цэнэглэж тоглодог ч өдөржингөө тоглож, өдөртөө нэлээд хэдэн удаа карт цэнэглэж тоглоход басхүү бага биш мөнгө алдана.
Ганцхан өдрийн дотор хэдэн зуугаас авахуулаад хэдэн сая төгрөг алдах боломжтой. Үндэсний гамшиг гэгддэг PС тоглоомын газарт цаг нь 500 төгрөг байдаг. Тэгвэл автомат тоглоомын төвд цагийн дотор 50 мянган төгрөг ч алдаж болдог. Тэгээд ч мөнгөөр мөрий тавьж, хожвол бооцоогоо өсгөж авна, хожигдвол бооцооныхоо мөнгөө алдана гэдэг тоглоомыг мөрийтэй тоглоом буюу гадаадаар казино гэдэг санагдах юм. Тэгэхээр манайд автомат тоглоом гэх нэрийн доор анхан шатны “казино”-нууд байгуулагдаад ч байгаа юм шиг. Нөгөө талаас цөөхөн хэдэн хүн амтай Монгол Улс, цөөхөн хэдэн эрчүүдтэй манай орны хувьд энэхүү автомат тоглоом гэгч зүйлийг дан эрчүүд тоглож байна. Ингэж хэлэхийн учир тоглож буй хүмүүс нь дан эрчүүд, тэгээд 20-иос 40 насны хүмүүс байна. Ид хийж бүтээх насны, ирээдүй болсон энэ хүмүүс хайран цагаа автомат тоглоомонд зориулж байна.
Хамгийн гол нь, амралтын өдрийн өглөө хар үүрээр босоод тэнд очиж суугаад “Өнөөдөр өдөржингөө тоглоноо” хэмээн ярьж байна. Нөгөө “нүдээ хуу татаад” тэнд очжээ. Автомат тоглоомын төвд очсон хүмүүсийн нэг хэсэг нь тоглож, нөгөө хэсэг нь буюу тоглогчдын найз нөхөд бололтой хүмүүс ард нь зогсч бие, сэтгэлээрээ дэмжин, хоол цайг нь дөхүүлэх нь холгүй “алтан үзэгч” хийж байна. Ийм “алтан үзэгч”-дийн нүднээс ирээдүйн шилдэг казиночин болох чин хүсэл ажиглагдана. Үнэхээр тэд өдөр шөнөгүй маш сайн алтан үзэгч хийж, бэлтгэгдэж байна. Тоглогчдыг алдахад түүнээс илүү уулга алдаж, өөрөө алдсан юм шиг харамсч буй шинэ цагийн мөрийтэй тоглоомчид эрчимтэй бэлтгэгдсээр. Хамгийн сүүлд нь, автомат тоглоом гэгч энэ зүйл Монголд хэрэгтэй юу, юу гэж бодож байна. Хар тамхи, секс жуулчлал хэдийнэ бий болчихлоо, одоо ганц казино л дутаа байх шив дээ.
Нинж
URL: