Өрийн хавханд буй монголчууд хийгээд Монгол Улсын ирээдүй

Ed_700x700Өнөөдөр том гүрнүүдийн алсын бодлого Монголд сайн хэрэгжиж байна. Энэ нь товчхондоо далд аргаар Монгол Улсын хөрөнгийг идэж шамшигдуулах ажиллагаа юм. Үүнийг зарим нь сүүдрийн эдийн засаг, нөгөө нь далд эдийн засаг гэж нэрлэдэг. Харин хохирогчид нь эгэл борчууд болоод эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бизнес хийх гэж оролдсон хүмүүс. Тэд ажлаа явуулахын тулд хөрөнгө мөнгө босгохоор шийдэж банкнаас зээл авч “шатаад” иймэрхүү хэргийн золиос болдог аж. Үүнийг бодит жишээн дээр тайлбарлахын тулд иргэн Б, Ө, Г нарын амьдралд тохиолдсон явдлаас эхэлье.

Одоогоос есөн жилийн өмнө Б нь Г-тэй ажил хэргийн шугамаар анх танилцжээ. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоон дээр даналзаж, эрх баригчид мөнгөөр бороо оруулахын өмнөхөн ийм зүйл болж. Бизнес эрхлэгчид л эхлээд ирэх цагийн чимээг түрүүлж мэдэрдэг болохоор Г-д нэг санаа байж. Харин түүнийгээ хэрэгжүүлэх гэхээр бэл бэнчин үгүй. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө бас байхгүй. Ингээд Г Б-д нэгэн төсөл танилцуулж, хамтарч ажиллая гэж ятгасан байна. Иймэрхүү яриа хэлэлцээ хоёр сарын турш үргэлжилсэн гэж байгаа.

Хаврын улирал байсан тул байгаль дэлхий өнгөө засч, барилгын салбарын ажил ч ид оволзож эхэлсэн үе. Эцэст нь энэ боломжийг тэд ашиглахаар шийдэж гадаадаас шавар зуурдаг хоёр машин, шавар шахдаг найман метрийн нэг помп авъя гэж тохирчээ. Гэхдээ Б “Хаанаас яаж мөнгө олдог билээ” гэтэл Г “Надад зээл авдаг газар бий. Та хөрөнгөө барьцаалчих” гэжээ. Ингээд Б-ийн150 ам метр байр, “Лексус-470” машиныг барьцаалж зээл авахаар “Монгол шуудан” банкны 130 дугаар салбар /Занабазарын музейн урд талд байсан/ дээр очсон байна. Хамгийн сонирхолтой нь 80 сая төгрөгийн зээлийн гэрээ тэр дороо л хийгдэж, Г гүйж гараад мөнөөх гэрээгээ нотариатоор батлуулжээ.

Тэрээр Б болон түүний гэр бүлийн хүн Ө нарт “Та нар настай хүмүүс юм чинь наанаа суугаад хүлээж бай” гэж хэлчихээд л өөрөө гүйгээд байж. Байрны гэрчилгээ хоёулангийнх нь нэр дээр учраас хамтад нь аваачиж гарын үсэг зуруулсан юм билээ. Тухайн үед Б учраа ч сайн ололгүй, мөнгө олж, хамтарч бизнес хийнэ гэж бодоод л зээлийн гэрээнд гарын үсэг зурчихжээ. Ингээд зээлийн эдийн засагч нь “Та нар 16:00 цагт ирээрэй” гээд тэднийг гаргасан байна.

Болзсон цагтаа бөөн мөнгө авах юм бодоод очтол “Танай хүн зээлээ аваад явчихсан” гэхээр нь “Юу ярьж байгаа юм бэ. Бид хоёр эзэн нь шүү дээ” гэтэл “Та нар чинь хамтарсан юм байх чинь билээ” гэдэг хариулт сонсчээ. Хоолой нь аргаж хачин болсон ч Б-д Г рүү утас цохихоос өөр хийж чадах зүйл үгүй. Гэтэл утсаа авдаггүй. Үнэн, худал нь мэдэгдэхгүй “Гадаад явахаар онгоцонд сууж байсан” гэдэг л сурагтай. Онгоцонд суусныг нь “алагаараа харж, арваараа тэмтрээгүй” учраас эргэлзэв.

Сүүлд нь Б Г-г өөрийнх нь мөнгөөр өөр хүмүүстэй хамтран Эрээнээс цемент оруулж ирснийг мэджээ. 2007 оны хавар Монголд цемент тасарч, үнэ өссөнийг уншигчид санаж байгаа байх. Гэтэл тэд 2007 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зээл авахдаа бүх мөнгөө Г-дээ өгнө гэж тохироогүй, Б яг хэдийг нь гаргахаа ч шийдээгүй байж.

“Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай” байдгийн үлгэрээр Б  Г-ийн араас гүйдэг ажилтай болов. Ингээд Г-г наймдугаар сард шавар шахдаг машин оруулж ирсэн гэдгийг мэджээ. Гэтэл зургадугаар сард буюу энэ машиныг орж ирээгүй байхад Н гэдэг хүний нэр дээр мөнөөх машинаа УБИ 87-75 улсын бүртгэлийн дугаартай гэж тавиад “Монгол шуудан” банкнаас дахин зээл авчих­сан байж. Өөрөөр хэл­бэл, огт байхгүй машины дугаар бичигдэж, бүр зээл авч амжсан байх юм. Үүнийг Б 2010 онд Аудитын шалгалтаар тогтоолгосон юм билээ. Тухайн үед хоёр машин оруулж ирээд нэгийг нь Амгалангийн цаана байдаг “Арга барил” гэдэг компанид түрээсээр ажиллуулаад арвэннэгдүгээр сарын сүүлчээр айлын хашаанд аваачиж тавьжээ. Сүүлд нь “Машинаа тавих газаргүй” гэхээр нь Б тэдэнд тавих газар олж өгсөн нь энэ. Б-ийн нэр дээр тэр машин бичигдээгүй ч хэдэн төгрөгөө олчих санаатай хөөцөлдөж гүйжээ.

Тэгсэн чинь нөгөө нэг машиныг нь Эрдэнэтэд аваачаад “Хур ноёд” гэдэг компанид хуйвалдаад зарчихсан байжээ. Харин Н-ийн нэр дээрх машинаа зарж чадаагүй гэнэ. Тэр машин нь нөгөө тавьсан айлынхаа хашаанд одоо хүртэл өгөршөөд хэвтэж байгаа аж. Тэр айл нь “Машинаа ав” гээд загнаад байдаг. Банк болохоор “Манайх авлагаа авчихсан. Манайд хэрэггүй” гээд байдаг. Яагаад ч юм банкны зээлийг нь Н төлсөн байна.

Харин Б-ийн хувьд гар дээрээ нэг ч төгрөгийн зээл аваагүй байж, байр, машин гээд эдийн засаг, дээр нь сэтгэл санаагаараа хохирсон гэж үзээд анхан шатны шүүхэд хандтал “Банкны зээлээ төл” л гэж. Дараа нь Магадлангийн шүүх, тэгээд Дээд шүүхэд ханджээ.

Энэ хугацаанд нөгөө 80 сая төгрөгийн зээлийн хүү өсөөд 137 сая болох нь тэр. Анхан шатны болон Магадлангийн шүүх Б, Ө, Г нарыг 137 сая төгрөгийг гурав хуваагаад төл гэдэг шийдвэр гаргажээ. Харин Дээд шүүхээс Анхан шатны шүүх рүү “Б, Ө  хоёр гэр бүл юм байна. Тиймээс 137 сая төгрөгийг хоёр хувааж төлүүлье” гээд буцаажээ. Ингээд Б 67 сая төгрөг төлөх болсон байна. Энэ мөнгийг төлөхгүй бол байраа алдах гээд байж. Иймээс Б байраа алдахгүйн тулд “Ди Эй Эм Өү Эй” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авчээ. Авсан зээлээрээ байшингаа буцаан авчээ. Гэтэл мөнөөх зээлийн үлдэгдлийн өр одоо хүү нь өссөөр 106.8 сая төгрөг болжээ. Ингээд ямар нэгэн ажил эрхлээд энэ өрөө төлье гэтэл банкнаас зээл авч болдоггүй гэнэ. “Тэтгэврийн улсад зээл өгдөггүй. Банк бус санхүүгийн байгууллага болохоор барьцаа хөрөнгөтэй бол зээл өгдөг юм билээ” гэсээр Б манай сонины редакцид хавтас дүүрэн бичиг баримт барьсаар орж ирсэн юм.

Харин бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүд­нээс Г рүү утас цохиж холбогдлоо. Тэрээр “Би шүүхэд сөрөг нэхэмжлэх гаргачихсан байгаа. Энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй” гэдэг ха­риултыг өгсөн юм. Өөр зүйл ч ярихыг хүссэнгүй.

Гэвч ийм асуудал өнөө­дөр зөвхөн Б, Ө, Г нарт то­хиолдс­он хэрэг биш. Иймэрхүү өр зээлийн маргаан бизнес эрхлэгч болоод иргэдийн дунд цөөнгүй бий. Үүний цаана өнөөдөр Монголд юу болоод байна вэ. Эдийн засагт яаж нөлөөлөх вэ.

Үргэлжлэл бий    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих