Байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдсэн Тавантолгой

c1249b3cde92798dbf3dc3b22304b71dМонголын ард түмний Тавантолгой Монголдоо үлдлээ гээд л ярьж байна. АН-ын дарга, УИХ-ын дарга энэ шийдвэрээ хамгаалж, УИХ Тавантолгойн ордоор өрөө дарах гэсэн санаархлыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж буй. Мэдээж сонсоход бол сайхан л хэрэг. Гэвч Монголын ард түмний мэдэлд үлдлээ гээд, монголчуудад үр өгөөжөө өгөхгүй байвал ямар хэрэг байх билээ. Өнөөгийн нөхцөлд Тавантолгойн ордоос “Эрдэнэс ТТ” компани олборлолт хийж, экспортолж буй. Энэхүү экспортоороо өмнөх Засгийн газрын үед тавьсан өрөө дарж байгаа.

“Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр Тавантолгойн том ордоос олборлолт хийж байгаа ч тэр нүүрсээрээ зөвхөн өрөө л төлж байгаа. Өрөө төлөхийн төлөө л нүүрс олборлож, экспортолж байна. Нэг ч төгрөгийн орлогогүй. Энэ утгаар нь харвал Тавантолгой чинь аль хэдийнэ хүнийх болчихсон юм биш үү” гэж байжээ.

Харин энэ өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд “УИХ Тавантолгойг гадныхны өрөнд алдахаас сэргийлж, ард түмэндээ үлдээж чадсан” хэмээн ярьж байна. Нэг жилийн өмнө Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар орж ирсэн “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” одоо өрөө төлж чадахгүйд хүрч, “дифолт” зарлаад байна. Энэ байдал цаашид хүндэрвэл “Энержи Ресурс” ХХК ч дампуурна гэсэн үг. Муу ч, сайн ч монголчуудын бүтээн босгосон нэг компани дампуурлаа зарлана гэдэг харамсалтай хэрэг. Гэхдээ MCS группийн ТУЗ-ийн гишүүн Ж.Оджаргал “ММС-ээс үл хамааран “Энержи Ресурс”-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Бид Тавантолгойтой, Тавантолгойгүй цаашид ч хэвийн ажиллах болно” гэсэн.

Нэг жилийн өмнө болсон процессыг эргэн сануулъя. Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар болоод байв. Энэ гэрээг УИХ-аар оруулахгүйгээр шийдэх гэж байсныг УИХ-ын дарга мэдэгдэл хийж, таслан зогсоосон билээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж, улмаар “хууль тогтоомжийн маш их зөрчилтэй” гэж дүгнэсэн. Улмаар төслийг Засгийн газарт буцаасан.

Тухайн үед Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчаар ажиллах гэж байсан “Шенхуа Энержи” болон “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан консорциумын ажил, төлөвлөгөө ингэж гацсан юм. Нэг жил өнгөрөхөд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ дахиж яригдсангүй. Өөр ямар нэгэн ахиц, дэвшил ч гарсангүй.

Тавантолгойн орд дээр нүүрс баяжуулах үйлдвэр баригдаагүй. Төмөр зам тавигдаагүй. Нүүрсээ экспортолж байгаа ч орлого олдоггүй байдал ч яг л хэвээр байна. Тавантолгой Монголын ард түмний өмч нэртэй ч монголчууд тэндээс нэг ч төгрөгийн өгөөж хүртээгүй хэвээр. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа байгаа гэх боловч тэр нь ердөө бэлгэдлийн шинж чанартай. Хэрэв Тавантолгой олон улсын зах зээл дээр IPO хийвэл монголчуудын хувьцаа “амь орох” учиртай.

Мэдээж Тавантолгойн ордоо “тавиад туучихаж” болохгүй. Гэхдээ тэглээ гээд бас бүр гацаагаад байж болохгүй. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн “Тавантолгойн ордыг хүсвэл монголчууд өөрсдөө 100 хувь эзэмшээд, нэг ч төгрөгийн гадны хөрөнгө оруулалтгүйгээр аваад явчих боломжтой” гээд байгаа. Гэхдээ бодит байдалд хөрөнгө оруулалт татаж, арай илүү менежмент, илүү зүйлийг нэвтрүүлэхгүй л бол Тавантолгой тийм амар үр ашигаа өгөхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр үеэс хойш л өр төлсөөр ирсэн. 2016 он болоход ч өрөө төлж дуусаагүй байна.

Нүүрсний үнэ унасан гэх зэрэг шалтгаан байж болох. Гэхдээ энэ хугацаанд зөвхөн төрийн компанийг зүтгүүлэлгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтарсан бол өнөөдөр нөхцөл байдал шал өөр байхыг ч үгүйсгэхгүй.

“Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойг бүтэн мэдэлдээ авлаа гээд сайжирч, дээрдсэнгүй. “Энержи Ресурс” Тавантолгойг алдлаа гээд бас хүндрэлд ороод, сүйд болсонгүй. Өрөө төлж чадахгүйд хүрсэн гэх боловч энэ тийм ч том асуудал биш гэдгийг тус компанийнхан хэлж байгаа. Харин энэ хоёрын дунд Тавантолгой гэх 6.4 тэрбум тонн нөөцтэй нүүрсний их үүц өмнийн говьд зүгээр шахуу хэвтсээр л байна.

Яг нэг жилийн өмнө Тавантолгойн ордын талаар эдийн засагчид хэрхэн, юу ярьж байсныг хүргэе. Учир нь эдийн засагчдын тухайн үед хэлж байсан зүйл одоо ч хуучраагүй хэвээр байгаа юм.

Б.Лхагважав: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

(МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч)

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Гэхдээ Монгол өмчлөлийн асуудлаа буюу дараа нь төрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хэнд өгөх нь манай төрийн ажил шүү дээ. Түүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Манайх тодорхой болгож чадахгүй байгаа юм. Тавантолгой, Оюутолгой дээр нэг л асуудал бий. Ерөөсөө л төрийн, нийтийн хамааралтай өмчийн хуулийг нэн даруй гаргаж, төрийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг 100 хувь ил тод, нээлттэй болгохгүй бол төрийн өмч үе үеийн улстөрчдийн тоглоом болоод дуусч байна.

Д.Батжаргал: Тавантолгой улстөржих асуудал биш

(СЭЗДС-ийн захирал, эдийн засагч)

-Маш хурдан энэ ордын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ чинь цэвэр эдийн засгийн, хөрөнгө оруулалтын асуудал. Энд улс төр ямар ч хамаа байхгүй. Аль аль талдаа асуудлаа шийдээд яв гэж хэлмээр байна. Эдийн засгийн талаас тооцоо судалгааг нь гаргаад явуулах гэж байхад улс төр хийж, нэр олж авах гэсэн асуудал байж болохгүй.

Л.Оюун: Хөрөнгө оруулагчтайгаа тохиролцоод явах хэрэгтэй

(МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш)

-Тавантолгойн орд бол Монгол Улсын өмч. Хайгуулын ажлаа ч Монголын Засгийн газар хийсэн учраас 51 хувиа төр эзэмших нь зүйтэй. Хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй, техник тоног төхөөрөмж гаргах мөнгө манайд байхгүй учраас хамтраад ажиллах нь зөв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцох асуудал л байгаа юм.

Ж.Дэлгэрсайхан:  Төр лицензийн хэлбэрээр л хувь эзэмших нь зөв

(СЭЗДС-ийн багш, эдийн засагч)

-Өмчлөлийн хувьд төр тодорхой хувь байх ёстой л доо. Консорциумд бүх үйл ажиллагааг нь даатгачихаад тэндээсээ ашиг хүртэнэ. Тавантолгой гэсэн лиценз нь төрийн мэдэлд буюу “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байх Засгийн газрын байр суурь буюу М.Энхсайхан сайдын байр суурь байгаа юм. Нөгөөдүүл нь болохоор цаана өгчихөөд байгаа үйл ажиллагаанд ач холбогдол өгч, консорциум дотор орж 51 хувийг эзэмшинэ гэж бодоод, төмөр зам яриад байгаа юм билээ. Миний байр суурь бол төрийн эзэмшлийн хувь хэмжээ байх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ лицензийн хувилбараар байх нь зөв.

Л.Энх


URL:

Сэтгэгдэл бичих