Хохирогчдод халгаатай, гэмтнүүдэд ээлтэй Шүүхийн шинэчлэл
Архангай аймгийн Хайрхан сумын Улсын сайн малчин З.Өлзийбадрах
2012 оноос хууль зүйн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн. Хууль зүйн яамыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин толгойлж байхдаа тэрээр “Монгол орон шоронжчихлоо, дээхэн үед манайд 6000 орчим хүн хоригддог байсан бол одоо 8000 болсон байна. Иймд анх удаа хэрэг төвөгт орсон хүнийг заавал шорон гянданд хорих шаардлагагүй бид энэрэнгүй ардчилсан нийгмийг бүтээхээр зорьж буй улс” хэмээн ярьж ажлаа эхэлсэн. Манай хүн ам 1,5 сая байсан бол одоо гурван сая болсон. Энэ талаас нь авч үзвэл хоригдогсдын тоо харин ч буурсан. Нөгөө талаар сайдын энэ суртал гэмт хэргийн ертөнцийнхөнд тун таатай сонсогджээ. 2013 оны намраас малын хулгай мэдэгдэхүйц өссөн.
Айлын үхрийг тав зургаагаар нь бэлчээр дээр нь төхөөрөөд, хонийг амьдаар нь ачаад явчихдаг байсан үе. Энэ байдал он дуустал үргэлжилсээр 2013 оны жилийн эцсийн статистик мэдээгээр гэмт хэргийн гаралт улсын хэмжээгээр 14 хувь өссөн дүн гарсан юм. Үүнээс малын хулгайн гэмт хэргийг салган авч үзвэл үүнээс ч өндөр хувь гарч байлаа.
Цагдаагийнхан хулгайтай тэмцэж илрүүлсэн ч хохирогчид нь хохирлоо барагдуулах, гэмтэн цээрлэлээ үзэх нь ховор тохиолдол болж хувираад байна. Үүнийг бодит жишээгээр өгүүлэе. 2012 оны сонгуулийн дараагийн жил буюу 2013 оноос Эрдэнэт хотын харъяат 4 залуу, урьдчилан төлөвлөж нарийн зохион байгуулалттайгаар машин техник хөлөглөн Булган аймгийн сум түүнчлэн Архангай аймгаас мал хулгайлж Эрдэнэтэд борлуулдаг байжээ. Тэдний мал амьтныг нядалж төхөөрсөн байдлыг харахад ярьж бичихэд ч зүрх шимширмээр, хуулийн хэллэгээр сэжигтэн гэж тэднийг өхөөрдөн нэрлэх боловч сүргийн бэлчээрт цусан зам татуулсан жинхэнэ яргачид юм. Тэд эл ажилдаа улам гаршиж малын хулгайн зэрэгцээ зам зуурт тааралдах айлын гэр, байшинг ч зүгээр өнгөрөөдөггүй. 20 гаруй удаагийн үйлдлээр 16 айлын мал, эд хогшил хулгайлж иргэдэд 100 сая шахам төгрөгийн хохирол учруулсан юм. 2014 онд Булган аймгийн цагдаагийнхан тэднийг баривчлан шалгаж, хэргийг хүлээлгэн шүүхэд шилжүүлсэн. Ингээд 2015 оны зургадугаар сард шүүх хурлын тов гарч Архангайн болон Булган аймгийн хохирогчид 16 гэр бүлийн 30 орчим хүмүүсийг Булган аймгийн шүүхэд дуудлаа.
Гэвч шүүх хурал болсонгүй, учир нь өмгөөлөгчдийн бүрэлдэхүүн дутуу байсан тул 7 дугаар сард хуралдахаар болж тарцгаав. Энэ үед Ерөнхийлөгч, Өршөөлийн хуулийг УИХ-д өргөн барьсан үе. Үүнээс болж 7 дугаар сарын шүүх хурал хуралдсангүй, мөн л тарцгаав. Гэтэл уг хууль гурван сар сунжран байж арайхийн батлагдсан. Нэгэнт Өршөөлийн хууль ингэж удаж гарсан тул өмгөөлөгчдөд хурлыг дахин дахин хойшлуулах шалтаг гарснаар 3,4,5 дахь удаагийн хурлыг эхлүүлэлгүй тараасан юм. Гэмт хэрэгтнүүд 7-8 өмгөөлөгч хөлсөлсөн байх бөгөөд өмгөөлөгчдөд хүндэтгэх шалтгаан гарсан, шинэ өмгөөлөгч хэрэгтэй танилцаж амжаагүй байгаа гэх зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж тэд хурал хойшлуулахдаа бас гаршсан. Ингэсээр 6 дахь удаагийн шүүх хурал оны эцэст товлогдон шүүх хурал анх удаа албан ёсоор эхэлсэн боловч өмгөөлөгчдөд хурлыг үргэлжлүүлэх сонирхол байгаагүй тодорхой бус хугацаагаар одоо болтол хурлыг хойшлуулчихаад байна. Энэ хооронд сэжигтнүүд төлбөрийн чадваргүйн дүрд чадамгай жүжиглэж олон өмгөөлөгч хөлслөн баруун солгойгүй мөнгө цацаж шүүх хурлыг гацааж хуулийн байгууллагаар даажигнасаар өдий хүрэв.
Гэмтнүүд одоо Өршөөлийн хуульд хамрагдах нь тодорхой болсон боловч, тэдэнд хорих ял оногдуулалгүйгээр гэр оронд нь хөл хорио тогтоогоод хүмүүжүүлэх шинэ төсөл, санал, санаачлагыг хэрэгжүүлэхээр болжээ. Шүүхийн эрх зүйн шинэчлэл ийм орчныг бүрдүүлжээ. Гэмтний хорьж шийтгэхгүй, гэрт нь хүмүүжүүлнэ ялыг нь эдлүүлнэ гэсэн төсөл яригдаж байгаа юм байна. Социализмын үед энэ аргыг туршиж үзээд үр дүнгээ өгөөгүй юм. Анх удаа удаа хэрэгт холбогдож байгаа хүнийг хамт олных нь дунд тэдний хараа хяналтад хүмүүжүүлчихье гээд “хамт олны мэдэлд” гэсэн заалтаар ялаас чөлөөлж байв. Гэтэл гэмтнүүд угаасаа хамт олны дунд байж байгаад л хэрэг хийсэн, хамт олон нь ч тэдэнтэй мөр зэрэгцэн ажллахыг хүсдэггүй, удирдлагууд цаашид яаж ч мэдэх нөхрөөс салахын тулд ямар нэг шалтаг олоод ажлаас халж өөрсдөөсөө холдуулдаг байлаа. Ингэж гэмт хэрэгтнүүд ял завшиж гудамжинд гарснаар, хэргийн гаралтад түлхэц болсноос үүдэн энэ туршилтаас аажмаар татгалзсан түүх бий. Түүнчлэн эрсдэл өндөртэй, жижиг зах зээлд манай бизнесийнхэн гэмтэнтэй ханьсахыг хүсэхгүй нь мэдээж хэрэг.
Ингэхээр гэрт хүмүүжилнэ гэдэг нь Монголын өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжгүй юм. Гэрт нь хүмүүжүүлнэ гэсэн чимээнээр хэрэгт холбогдогчид нь өөрийн хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй гээд баримт материал бүрдүүлж түүнийгээ албажуулахаар хугацаа хожин улайран хөөцөлдөж, төлбөр барагдуулахгүй гэцгээж байгаа. Хохирогчид шүүхийн хаалга татахаас залхаж “Цуглараад, тарчихдаг шүүх хуралд очихгүй” гэх явдал ч гарч байв. Ийм тохиолдолд тэднийг тахарын албаныхныг явуулж албадан авчруулж, гарсан зардлыг нь төлүүлдэг юм байна. Энэ нь хохирогчдын хувьд тэмээн дээр ямааны гарз болж байгаа бол гэмтнүүдийн хувьд хөрөнгө зоорио нууж, түүнийгээ баримтжуулах, мөнгө зодон өмгөөлөгчдөөр элдэв шалтаг хайлган хэрэг сунжруулан хохирогчдыг залхаан хэргийг замхруулах нөхцлийг бүрдүүлж байна.
Тахарын алба гэдэг шинэ байгууллага гэрч, хохирогчийг хамгаална гэж ярьж байсан бол амьдрал дээр хохирсон хохирогчоо албаддаг байгууллага болжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, эдийн засаг хямралтай энэ үед төсөв хөрөнгө багатай тусдаа байгууллага шаардлагагүй, цагдаагийн байгууллага байхад л болно гэж байсан. Давж заалдах шатны шүүхийг аймаг дунд бүсчлэн байгуулах Х.Тэмүүжингийн төслийг Ц.Нямдорж болон бусад гишүүд ч хүчтэй эсэргүүцсэнээр хуучнаараа аймаг бүртээ шүүхтэй байхаар болох шиг болсон. Давж заалдах шатны шүүхийг Х.Тэмүүжин сайдын гаргасан санлын дагуу бүсчилсэн бол ард түмний давж заалдах эрхийг хассантай адил болох байжээ. Давж заалдах нь бүү хэл, анхан шатны цуглаж тардаг хуралд олон удаа дуудагдсан хохирогчид залхаад тахарын албанд албадуулсаар өдий хүрч байна.
Уг нь бол хулгайн хэрэг нь нэгэнт илэрдгээ илрээд 2-3 жилийн нүүр үзэж байхад хэргийг шийдвэрлэхэд нэг их ур ухаан ороод баймааргүй. Бодит амьдралд шүүх шинэчлэгдээд сайжирчихлаа гэхээсээ илүүтэй, саармагжаад ухарчээ гэмээр болжээ. Хуулийнхны цалин нь хэргийн илрүүлэлт үр дүнгээс хамааралгүйгээр тогтмолоор олгогддог бол хэргийг шийдэх гэж яаравчилдаггүй ч байж мэдэх юм. Өмнө нь энэ мэт тодорхой хэргийг аймгийн шүүхээс шүүгчид суманд ирээд газар дээр нь хэргийг шийддэг байсан. Цаашид шүүхийн шинэчлэл ийм байдлаар үргэлжилвэл эрүүгийн хууль завхрах болоод байна. Ер нь эрүүгийн хуулиар хэн дуртай нь оролдоод байдаггүй юм гэнэ лээ. Эрүүгийн хуулиараа ихээхэн оролдвол ард түмнийхээ аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг хангаж чадахгүйд хүрдэг юм гэдгийг хуулийн экспертүүд хэлдэг.
Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа Цагдаагийн байгууллагын тухай хуулийг Цагдаагийн албаны тухай хууль болгон өөрчилж 2013 онд батлуулсан. 1993 онд батлагдсан хуулиас цагдаагийн байгууллагын эрх зүйн зохицуулалтын хэсгийг нь хасчихсанаар одоо албан хаагчид нь эрх зүйн зохицуулалтгүй орчинд ажиллаж байгаагаас ихээхэн төвөг учирч байгааг хошууч генерал Б.Пүрэв дурджээ /Өдрийн сонин. 2016 он, №021/. Улс орныг эрч хүчтэй залуучууд авч явна гэх нь хэт туйлширсан үзэл бөгөөд ахмад, дунд, залуу үеийнхний хамтын ажиллагаан дээр л төвлөрөх учиртай.
Хятадын улаан хамгаалагч залуучууд Дэн Сяо Пэнийг хоцрогдсон хөгшин гэж бүх албан тушаалаас нь зайлуулж хөдөө хөөж явуулж байсан боловч түүнд хувь заяаны эрхээр 80 насандаа нүсэр том Хятад орныг социализмаас капитализмд хамгийн гарц хохиролгүйгээр шилжих түүхэн өвөрмөц шилжилтийг манлайлан удирдах үүрэг ногдсон билээ. Хүнд эрдэм боловсролоос гадна туулж өнгөрүүлсэн амьдралынх нь алдаа оноо, туршлага асар их үнэтэй байдгийн жишээ энэ болов уу. Хуулийн шинэчлэлийг хийгсэд ч үүнээс санаа авахад илүүдэхгүй бизээ. Товчхон хэлэхэд шүүхийн шинэчлэл хуулийн завхрал,хохирогчийн цөхрөл, гэмтний бааш болж байна.
URL: