ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ-д: Тангараг өргөсөн шүүгч, Тампуу мөнгөнд худалдагдав уу?
ШҮҮГЧДИЙН “ТАВАН ТОЛГОЙ”-Н ХУВЬЦААНЫ ЛУЙВАР ГИННЕСИЙН НОМОНД ОРОХ УУ
Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор зохион байгуулсан 6002 бөхийн барилдаан амжилттай өндөрлөв. Энэ нь монгол хүн бүрт баяр, бахархал төрүүллээ. Харин яг энэ өдрүүдэд дээрх гайхам сайхан үйл
явдалтай зэрэгцэн, Монголын шүүх засаглалын зарим нэг гоц хүмүүст холбогдох Гиннесийн номд бүртгүүлэхүйц хачин жигтэй үйлдлийн талаар гадаадын зарим иргэний гаргасан гомдол шил даран хөврөх боллоо.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монголд үйл ажиллагаа явуулж буй “Говь-Урал” компанийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн К.Д.Романовский Улсын Дээд Шүүхийн Сахилгын хороонд нэгэн гомдол гаргажээ. Мөн тэрбээр Улсын дээд Шүүхийн иргэний танхимд хандан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 1107 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 740 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШ тухай хуулийн 172.2.1-д заасан “…хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн…”, мөн зүйлийн 172.2.2-д заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн“ гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгаагаа илэрхийлээд, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохыг хүссэн байна.
Энэ хэргийн талаар товч дурьдвал, “Тавантолгой Транс”-ын 50 хувийг нь эзэмшдэг охин компани нь банкнаас хоёр тэрбум 500 сая төгрөг зээлжээ. Ингэхдээ тус компаний 25 хувийг эзэмшигч, ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж буй “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10231 ширхэг хувьцаа, хүнд даацын 25 ширхэг машин, чиргүүл, өргөгч кран зэргийг барьцаалсан байна.
Гэтэл зээлийн барьцаанд байсан хүнд даацын машин, чиргүүлүүд нь Монголбанкны аккредитивын нэг тэрбум 400 сая төгрөгийн өртэй, туйлын эрсдэлтэй барьцаа болох нь тогтоогдсон тул хуулийн байгууллага уг зээлийг олгосон банкны захирлаар ажиллаж байсан А.Е. Новожиловт энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. А.Е.Новожилов нь шүүхийн шатанд шалгагдаж байх үедээ оргон зайлсан.Мөн үүнтэй зэрэгцэн “Тавантолгой Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж зээлдүүлэгч банкиндаа мэдэгдэлгүйгээр гэрээгээ зөрчин зээл төлөх хариуцлагаас бултан, охин компаниас гарчээ.Ийнхүү уг зээлийг өгсөн, авсан гол этгээдүүд “арилж өгчээ”.Дээр нь “Тавантолгой транс“ ХХК уг зээлд эрх зүйн хувьд ямар ч хамаагүй болж хувирсан аж.
Гэнэт зээлдэгч компанийн дансанд 800 мянган ам.доллар орж ирмэгц гэрээний дагуу банк дээрх зээлүүдэд нь суутган авсан байна. Гэтэл мөнөөх алга болсон “Тавантолгой Транс“ ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж гэнэт гараад ирэв. Тэрбээр “Танай зээлдэгчийн дансанд 800 мянган ам.долларыг шилжүүлсэн эзэн нь би байна. Зорилго нь барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлж, өөрийн болгох гэсэн юм аа.Энэ тухай тус банкны нэгэн ажилтантай утсаар ярьж тохирсон” гэсэн байна. Зээлдүүлэгч банкны удирдлагууд “Уучлаарай, бид та болон танай компанитай эрх зүйн ямар нэг харилцаанд ороогүй. Гэрээгээр хүлээсэн үүрэггүй. Банк хэмээх байгууллага нь утсаар ярьсан хүнд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийдэггүй юм. Бид зээлдэгчийн данснаас гэрээний дагуу мөнгөө авсан.Хэрэв та бүхний эрх ашиг хохирч байгаа бол хуулийн байгууллагад хандана уу” гэжээ.
Зээлдэгч компани нь зээлдүүлэгч банктай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд өөрийн дансанд орж ирсэн 800 мянган ам.долларыг хэрхэн захиран зарцуулж, аль зээлээсээ, хэдий хэмжээний хасалт хийх талаар төлбөр хийсэн гүйлгээ бүрийг зөвшөөрч, гарын үсгээ зурсан байдаг. К.Д. Романовский ч мөн адил гарын үсэг зурж, зөвшөөрсөн аж.Зээлдэгч компани нь үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөрөө барагдуулахаар уг гэрээнд тусгасныг Чингэлтэй дүүргийн шүүгч М.Болормаагийн 816 тоот захирамжаар баталдаг. Гэтэл “Тавантолгой Транс” компани нь “Говь Урал” компани миний 800 мянган ам.долларыг авч, өрөө төлсөн нь буруу байна. Манай эрх зөрчигдлөө” гэж М.Болормаа шүүгчийн захирамжид гомдол гаргажээ. Чингэлтэй дүүргийн шүүх “Тавантолгой Транс” компанийн эрх зөрчигдөөгүй гэсэн хариу өгчээ.
Шүүхэд арай ч зохион байгуулалттай авилгалын нууц бүлэглэл буй болоогүй л байлтай.
Д.Дагвадорж нь банк руу хандаж, зээлдэгч компанийн данснаас суутгасан 800 мянган ам.долларыг “Тавантолгой транс” руу буцаан шилжүүлэхийг шаардсан албан тоотуудыг илгээсээр байв. Банк дансны эзэмшигчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийх эрх байхгүйг тайлбарладаг. Гэвч тэрбээр “Банкны ажилтнууд миний 800 мянган ам.долларыг залилаад авчихлаа” гэж Эрүүгийн хуулийн 148.4-өөр прокурорт хандсан байна. Уг мөнгийг өр төлбөртөө захиран зарцуулсан эзэн нь банкны ажилтнууд биш, зээлдэгч компани байдаг.Тиймээс зээлдэгч компани нь Чингэлтэй дүүргийн шүүхийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлж, өр төлбөрийг барагдуулах гэрээг зээлдүүлэгч банктай байгуулжээ. Уг гэрээгээр зээлдэгч компанийн данснаас суутгуулсан 800 мянган ам.долларыг буцаан шилжүүлж, барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжин, хоёр байгууллагын хооронд үүссэн бүх өр төлбөрийг барагдуулахаар зээлдэгч компани, К.Д.Романовский, банк гурав тохиролцож, нотариатаар баталгаажуулсан байна.
Дээрх гэрээний дагуу 800 мянган ам.долларыг зээлдэгч компанид, түүнийг нь зээлдэгч компани өөрийн данснаас “Тавантолгой Транс”-ийн данс руу шилжүүлж, хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжиж эхлэхээр болоод байв. Гэтэл “Тавантолгой Транс” компани Хөрөнгийн биржээс далдуур 800 мянган ам.доллараар худалдаж авах гэрээг гар-гаж ирэн хариуцагчаар банкыг татсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргажээ.Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүх авч хэлэлцээд, арилжааг зогсоож, хувьцааг битүүмжлэх захирамж гаргасан байна. Шүүх гэрээний оролцогч тал биш банкыг хариуцагчаар татаж, нэг ч төгрөг төлөлгүйгээр бүх хувьцааг чөлөөлөн “Тавантолгой Транс”-т олгуулах тухай Гиннесийн номд орохуйц шийдвэр гаргах нь тэр.
Энэхүү 10231 ширхэг хувьцаа нь “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаа нэг сая 500 мянган төгрөгт хүрч байх үед 15 тэрбум төгрөгийн үнэ хүрч болох байлаа. Одоогийн ханшаар найман тэрбум төгрөг, багц хувьцаа арилжаанд ороход Хөрөнгийн бирж дээр эрэлт ихтэй байдаг тул өрсөлдөөн ширүүсч, 15 тэрбум төгрөгөөс ч илүү үнэ хаялцах магадлалтай ажээ.
Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй “Тавантолгой” ХК-ийн хувьцаа. Тус хувьцааны үнэ хэтэрхий өндөр байсан тул арилжааны идэвхийг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шалтгаанаар задалж зарахаар болж, өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдрөөс арилжааг зогсоогоод байсан юм.
“Тавантолгой” ХК нийтдээ 526 652 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 100 ширхэг болгон задалснаар 52 сая 665,200 ширхэг хувьцаатай болж байгаа юм. Хувьцааны ханш арилжаа нээгдсэн эхний өдрөө л хамгийн өндөр хэмжээгээр өсч байна.Эхний өдрийн үнэт цаасны арилжаагаар ердөө хоёр ширхэг хувьцаа тус бүр нь 8395 төгрөгөөр худалдагджээ. Тус хувьцааны арилжааг өнгөрсөн долдугаар сарын 5-нд зогсооход 7300 төгрөгийн ханштай байсантай харьцуулахад үнэ ийнхүү 15 хувь өсчээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэрхүү 10 мянган хувьцааг задалвал 1 сая ширхэг болох нь.Тэгэхээр манай шүүхийнхний хийсэн Гиннесийн амжилтын үнэ цэнэ улам л нэмэгдэж тоосгүй манлайлах нь.
Гэвч манай шүүхийнхэн Гиннесийн номд ганцхан алдаа “сойгоогүй” аж. Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ц.Даваасүрэн 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нарын хуулиар хамгаалагдсан бүх эрхийг зөрчин, эрх зүйн харилцаанд огт ороогүй, албан тоотоор хүсэл зорилгоо илэрхийлэн 800 мянган ам.доллараа буцаан авч биржээс далдуур, Үнэт цаасны тухай хуулийг зөрчин хууль бусаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан “Тавантолгой Транс”-ын Ерөнхий захирал Д.Дагвадоржид дээрэмдэн авч өгснийг хачирхаад баршгүй. Ийнхүү шүүхийн шийдвэрээр зарим нь азтан сугалаанд орсон юм шиг хагарталаа баяжиж нөгөө нь хэт хохирч байгаа нь шударга ёсноос хэт гажсан үйлдэл. Ийнхүү 800.000 ам.долларыг банкны ажилтнуудад хилсээр эрүү үүсгүүлэн, албан тоот бичиж буцаан авсаны дараа ЧДШүүгч Ц.Даваасүрэн нь 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг Таван Толгой Трансын Д.Дагвадоржид нэг ч мөнгө төлөлгүй банкны барьцаанаас чөлөөлж өгүүлэх гайхаад барахгүй шийдвэр гаргажээ. Нэг ч мөнгө төлөхгүйгээр 15 тэрбумын хөрөнгөтэй болчихдог үлгэр ч байдаггүй билээ.
Төрөөс төрсөн тэрбумтануудын жагсаалтыг шүүхийнхэн үргэлжлүүлэх үү
“Гиннесийн амжилт” үүгээр дууссангүй. Уг хэргийг давж заалдахад Нийслэлийн шүүхийн шүүгч П.Золзаяа даргалан, Д.Мөнхтуяа, О.Гэрэл нар хэргийг хэлэлцээд “Хэтэрхий олон тэрбум төгрөгийн үнэ хүрэх хувьцааг мөнгө төлөлгүй авах нь арай хэтэрсэн хэрэг болно” гэж АТГ шалгагдахаас эмээсэн үү шүүхийн шийдвэрийг уншихдаа “Банк уг гэрээний оролцогч тал биш болохыг тогтоов” гэжээ. Мөн “Тавантолгой Транс” компани 800 мянган ам.долларыг банкинд шилжүүлж, банкны барьцаанд байсан 10231 ширхэг хувьцааг зээлдэгч, зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр “Тавантолгой Транс”-ын Д.Дагвадоржид өгүүлэхээр боллоо. Энэхүү 800 мянган ам.долларыг банкинд буцаан шилжүүлэх асуудал нэхэмжлэгчийн хүсэлтэд байгаагүй. Мөн гуравдагч этгээд болох К.Д.Романовский “Д.Дагвадорж 800 мянган ам.доллараа буцаан авч гэрээнээс татгалзсанаа удаа дараа албан тоотоор илэрхийлсэн. Мөн миний бие уг гэрээ нь Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль, Барьцааны тухай хуулиудыг зөрчсөн болохыг мэдэж, гэрээнээс татгалзсан. Иймд хувьцааг зөвхөн биржээр арилжаалж, зээлдүүлэгч банкны 2,5 тэрбум төгрөг, Монголбанкны аккредитивын 1,4 тэрбум төгрөгийн өрийг тус тус барагдуулахыг хүссэнийг зээлийн гэрээнд оролцогч талууд зөвшөөрч, эвлэрлийг шүүх баталсан. Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй” гэжээ.
Дашрамд дурьдахад 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг 800 мянган ам.доллараар “хаалаа” гэхэд зөрүү нь хэнд очих бол. Шүүхийн энэхүү шийдвэрүүдэд авлига аваагүй гэх баталгаа байна уу. Тэд наанадаж 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Тавантолгой”-н хувьцааг Д.Дагвадоржид “дээрэмдэн” авч өгөхийн төлөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ч, Барьцааны тухай болон Үнэт цаасны тухай хуулийг ч, эрх зүйн харилцаанд орсон талуудын эрх ашгийг ч хохироон сүйрүүлжээ. Мөн анх охин компани байгуулж, гэрээний дагуу банкнаас авсан хоёр тэрбум 500 сая төгрөгийнхөө зээлийн 50 хувийг төлөх ёстой боловч нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй, тус банкийг зээлдэгчтэй, барьцаалуулагчтай нь хамт “амаар нь шороо үмхүүлэхэд” тусалсан бус уу. Ийнхүү манай мэргэн шүүгч нар нэг талыг нь хоосруулж, нөгөө талаас хагартал баяжуулах шийдвэр гаргаж байна.Эндээс гэнэтийн ашгийн татварыг авахад буруудах юмгүй л юм.Учир үүн шиг гэнэтийн олз, ашиг гэж энэ дэлхий дээр байхгүй л болов уу.
Өршөөлд хамрагдсан хүн дархлагддаг уу
Уг нь Д.Дагвадорж захирал хууль зөрчиж, Өршөөлийн хуульд хамрагдаж байсан гэлцдэг.Харин тэрбээр Төрийн өршөөлийг хэрхэн ойлгож явдаг юм бол.Ямартай ч төр түүнийг дархалсан хэрэг биш байлтай. Эцэст нь хэлэхэд энэ явдал өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа хууль, шүүхийн нийт хамт олонд хамаарахгүй ч “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн ганц хоёрхон хүний буруутай үйлдэл шүүх засаглалын нэр хүндийг сэвтээхэд хүргэж буйг анхаарахад илүүдэхгүй болов уу.
Ирэх сонгуулийн улс төрчдийн хөзөр нь Таван толгойн хувьцаа.Таван толгойн хувьцаагаар Монголчууд бултаараа баяжиж амар сайхандаа жаргах ухааны юм яриад байгаа.Гэтэл иймэрхүү шүүх засаглалтай орны иргэд хувьцааны ашиг хүртэнэ гэдэг үлгэр л болох байх.Ер нь манайхан авилгалтай тэмцье гэж их ярьж байгаа.Авилгалтай тэмцэх газар байгуулагдсан цагаас эхлэн олигтой хэрэг шүүн хэлэлцээгүй. хааяа нэг загас жараахай барьсан шигээ тэрийгээ тэнгэрт тултал хөөргөж байгааг иргэд ихэд шүүмжилдэг.Харин энэ мэт хэргийг анхааралдаа авах юм бол томоохон тул дэгээдэх авахыг хэн байг гэхэв.
Монголын нэг өдөр
URL: