Эрх ашгийн төлөөх Эв нэгдэл
Өнгөрсөн бямба гарагт Их тэнгэр цогцолборт болсон УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан улс төр сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Эв нэгдэл уриатай “Их тэнгэр”-ээс гарах шийдвэрийг ажиглагчид сонирхож чих тавьсаар өнжлөө. Хаалттай хуралдаанаар АН-ынхан тогоон дотроо асуудлаа нээлттэй хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “2016.4.9-ний өдөр АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” хэмээн цахим хуудсандаа жиргэн, цагаан мэдээ хөрвүүлжээ.
Нэгэнтээ цаг, хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүлгийн гишүүд саналаа хуваалцан, нэгдсэн байр суурьт хүрч чадах нь тодорхой. Цаашлаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах эсэх нь олонхи ямар саналтай байснаар шийдэгдэнэ. Харин АН-д үгүйлэгдсэн, шийдэлд хүрэх хамгийн том асуудал нь эв эеийг эрхэмлэх. Хэн нэг нөхөр намын удирдлагуудынхаа эсрэг мэдэгдэл хийхэд “намын гишүүд эрх чөлөөтэй, нээлттэй саналаа хэлж, нам ардчилалтай” байгаагийн илрэл хэмээн тайлбарладаг байсныг хүлээн зөвшөөрдөг цаг байсан.
Харин өнөөдөр тэртээх 1990-ээд он биш. Нийгэм хөгжихийн хэрээр олон нийтийн сэтгэлгээ ч өөрчлөгдсөн. Иргэд “би эрх чөлөөтэй хүн, ардчилсан орны хүн” гэж цээжээ дэлдэхээ больчихсон. Энэ хэрээр “нэг хэсэг нь намынхаа эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтэд хандан намаасаа сонгож болохгүй эрхмүүдийг цохолж, нөгөө нэг нь өөрийн намаас сонгогдсон төрийн тэргүүнээ хуйвалдааны загалмайлсан эцгээр цоллож, жирийн гишүүн нь намын дарга руугаа оймс шидэхийг ардчиллын үзэгдэл гэж хүлээж авахаа больчихсон. Эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцэн тэмцэхийн зааг ялгааг олон нийтийн хэдийнэ мэдэрчихсэн байгаа. Тиймээс л эрх баригч хүчинд өнгөрсөн дөрвөн жилд өрнөсөн хагарал хуваагдал үүсэн байгуулагдсан 20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн тэмцэл болон “наалдлаа”. Уг нь тус намын дарга З.Энхболд “Фракцгүй АН” уриа дэвшүүлээд өнөөдрийн байдлаар хэрэгжсэн зүйлгүй, хэмлэлдсэн гишүүд оймсоо шидээд зогсч байна.
Аль ч намаас сонгуулийн өмнөх хоёр сарын хугацаа гэдэг эв нэгдлийг шаарддаг. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан “Эв нэгдэл” уриан дор явагдсан. Харин энэ хуралдаанаар нам дахь фракцын удирдлагууд эвлэлдэж чадсан уу. Спорт, их наадам олон нийтийг эв нэгдэлд уриалдаг шиг сонгууль улс төрийн намуудыг хэсэг хугацаанд ч болов эвлэрүүлдэг. Тэд эрх ашгийн төлөө эв найрамдлын гар барилцахаас өөр гарцгүй.
Зургаан цаг орчим үргэлжилсэн АН-ын бүлгийн хуралдааны уур амьсгал ширүүхэн эхэлсэн буулт нь хэр байсныг тааварлахад бэрх. Гэхдээ тодорхой хэмжээний асуудлаар фракцууд тохиролцоонд хүрсэн бололтой. Ямартай ч АН-ын экс дарга Н.Алтанхуяг намын удирдлагуудтайгаа гар барилцан эвлэрч, “Фракцгүй АН-ын төлөө” эвлэлдсэн сураг дуулна. Харин “Тавантолгой”-н асуудал хэвээр үлдсэн сурагтай. Тиймээс Х.Баттулга гишүүн удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсэн эсэх талаар ямар нэг бор шувуу ниссэнгүй. Гэхдээ сөргөөлцөлдсөн гишүүд тодорхой хугацаанд тохиролцооны зарчмаар намаа магтдаггүй юм гэхэд сөрөг үйлдэл гаргахгүй байх шийдэлд хүрсэн байх.
“Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй” гэх алдарт үгийг цаг үеийн шаардлагаар өнөөдөр аль ч улс төрийн хүчин ид хэрэгжүүлж байна даа.
Н.Энхлэн
URL: