С.Баярцогт: Инфляцийг арван хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой

Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхээр холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын даргад өнгөрөгч долоо хоногт өргөн барив. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм.

-Төсвийн жил дуусахад хэдхэн сарын хугацаа үлдээд байхад тодотгол хийх шаардлага байгаа юм уу. Хамгийн гол нь Олон улсын валютын сангаас төсвийн тодотгол хийхийг эрсдэлтэй болохыг анхааруулсан. Салбарын сайдын хувьд, энэ бүхэнд тайлбар хийнэ үү?

-Төсвийн хуулийг баталсан өдрөөс хойш УИХ, Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, тодорхой ажиллагаа явуулахад зардал гаргасан. Тиймээс хуульд нийцүүлж зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Тэр утгаараа намрын чуулганаар төсөвт тодотгол хийхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгасан. Холбогдох хуулиа ч УИХ-ын даргад өргөн бариад байна.

Жишээ нь гэхэд л, төсөв батлагдсан цагаас хойш ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Гэх мэтчилэн зүйлүүдийг төсвөөс гадуур байлгаж болохгүй. Тиймээс иймэрхүү чиглэлээр зарцуулах хөрөнгийг заавал төсөвт суулгах ёстой. Нэг үгээр хэлбэл, хууль зүйн үндэслэлээр энэ бүхэнд зохицуулалт хийх шаардлагатай учраас хуулийн дагуу тодотгол хийх ёстой болоод байна.

-Төсвийн тодотголд урсгал зардал нэлээд нэмэгдэж буйг эдийн засагчид шүүмжилж байна. Энэ талаар тодруулна уу?
-УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тодорхой хэмжээний орон тоо нэмэгдсэн. Түүнээс гадна хэд хэдэн барилга байгууламжуудыг шинээр ашиглалтад оруулсан. Тухайлбал, спорт цогцолбор, соёлын төв, сургууль гэх мэт. Тиймээс эдгээр барилгыг дагасан урсгал зардал гарах нь ойлгомжтой. Мөн гурван талт хэлэлцээрээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн буюу төсөв баталснаас хойш өөрчлөлт оруулсан гэсэн үг. Түүнчлэн УИХ-аас төсвийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-н гэхэд баталчихдаг шүү дээ. Үүнтэй уялдаж маш олон зүйл өөрчлөгдсөн.

-Энэ жил нийт нутгаар ургац сайн байгаа. Тариалантай холбогдуулан хэдий хэмжээний урсгал зардал гаргаж байна вэ?

-35 тэрбум төгрөг гаргасан. Нэг тонн улаан буудайн үнийг 350 мянган төгрөгөөр тооцсон. Харин улсын хэмжээнд 100 мянган тонныг худалдаж авахаар Засгийн газрын төвшинд шийдвэрлэсэн. Гэхдээ энэ ажлыг мөн л төсөв баталснаас хойш шийдвэрлэсэн байгаа.

-Өөр ямар арга хэмжээнд урсгал зардал гаргах вэ?
-УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хэд хэдэн зүйл шинээр бий болсон. Тухайлбал, утаатай тэмцэх хөтөлбөрийг баталж, хөрөнгө оруулалт болон урсгал зардал нь тодотголд туссан байгаа. Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхтэй холбоотой тодорхой хэмжээний урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төсөлд суусан байгаа. Ер нь нийт урсгал зардлын хэмжээг 151 тэрбум төгрөгөөр нэмсэн.

-Төсвийн тодотголоос гарах сөрөг үр дагаврыг хэрхэн тооцсон бэ?

-Энэ оны эхний долоон сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 67.2 хувиар өссөн дүнтэй байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөх бодлого барьж байгаа. Засгийн газар ч мах, бензин шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд байлгахад анхаарна. Ингэснээр инфляцийг арван хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа.

О.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих