ХОТОД ГЭРЭЛТҮҮЛГИЙН СТАНДАРТ ЧУХАЛ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яаруухан…
Нийслэл Улаанбаатар хотын тухай олон дуунаас Г.Пүрэвдоржийн аялгуу, П.Сандуйжавын шүлэг энэ дууг илүүтэй сонсох дуртайгаа “Филипс гэрэлтүүлэг” компанийн ерөнхий захирал Арилдийрагчаагийн Ганхуяг тодотгов.
“Хэчнээн ч дуучин энэ дууг өөр өөрийнхөө өнгөөр дуулсан юм бэ дээ. Ямар ч дуучин дуулсан сонсоо л баймаар” хэмээн нэмж хэлсэн. Түүнтэй хотын сэдвээр цөөн хором хөөрөлдөв.
-Их хоттой, Улаанбаатартай анх хэрхэн танилцсан тухай тань сонирхмоор байна…?
-Би Улаанбаатар хотын унаган хүн. Улирагч зууны жаран нэгэн онд нийслэлийн хоёрдугаар төрөхөд мэндэлсэн. Төрсөн, өссөн, сурсан, ажиллаж амьдарч байгаа тавин таван жил минь Улаанбаатар хоттой салшгүй мөнхийн холбоотой. Өөрөөр хэлвэл, хотын тавин таван жилийн түүх ч надтай холбоотой гэсэн үг.
Модны 2-ын орчимд Дарьгангын гудамж гэж байв. Манайх тэнд, Гандангийн улаан булангийн баруун талын хашаанд амьдарч байсан, жаран зургаан оны их үерийн жил хүртэл.
Зун өвөг эцгийнх маань 22-ын товчооны урд гүү барина. Жаран зургаан оны тэр их үерийг санадаг юм. Шөнө нь өвөөтэйгээ хоёулхнаа хэдэн авдар тавьчихсан арал дээр хонож байснаа мартдаггүй. Арлын хойгуур ч цэлийсэн ус, урдуур ч цэлийсэн ус. Тэр хавьдаа арай өндөр газар нь л тэр арал байсан хэрэг.
Дараахан нь манайх Дарьгангаасаа хойш 500 руу нүүсэн.
-500 гэдэг нь…?
-Одоогийн гурав, дөрөвдүгээр хорооллын арын дэнжид олон айл бууж суурьшсанаас тийн нэрлэсэн байх. Үерээс үүдээд өндөрлөг газар руу айлуудыг дээрээс хотын бодлогоор нүүлгэсэн байж болох.
Тэр үед одоо гурав, дөрөв, аравдугаар хороолол байгаа газраас нэгдүгээр хорооллын орчим цахилдагтай эзэнгүй тал хөндий. Таван шарын хэдэн байшин тээр тэнд, их л хол харагддаг байсан юмдаг. Үхрээ тууж авчраад аравдугаар хороолол байгаагийн арын далангийн урд худгаас усална.
28 дугаар сургууль, 22 дугаар сургууль, өндөр Жанрайсэг… ийм л хэдэн цомхон байшинтай. Гэр хороолол л байсан даа, манай тэр хавь.
-Та аль сургуульд нь анх элсээ вэ?
-36.
-Нэгдүгээр хорооллын уу?
-Одоогийн нэгдүгээр хорооллын том цогцолбор сургууль чинь тухайн үед хойд 500-гийн дэнж дээр байв. Дөрвөн жилийн бага сургууль. Хожим нь нэгдүгээр хороолол босоход тийшээ нүүсэн. 36-д дөрөв төгсөөд 47 дугаар сургуульд орсон. Бүх сургууль л галлагаатай. Тодорхой хугацааны дараа хот шал өөр болж дээ. Хотод одоо галладаг сургууль байхгүй шүү дээ.
Хэдхэн автобус явна. Хүмүүс нь багтахгүй. Автобусанд суух гэж бараг худлаа хэлсэн хүнд гадаа нь дүүжлээстэй явдаг байсан.
Хүүхэд цагийн үеийг дурсахад нэг явдал санаанаас гардаггүй.
-Юу тэр вэ?
-Бага сургуульд байхад хожим эхнэр болсон хүн маань сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байв. Сонин нь намайг гуравдугаар ангидаа пионерт элсэхэд улаан бүчийг маань зүүж өгч байлаа.
Пионерт элсчихсэн, улаан бүчтэй болчихсон, хичээлээсээ тарж ирээд орой болтол бүчээ тайлаагүй. Тайлчихвал буцаагаад уяж чадахгүй болохоор аав ээжийг ажлаасаа иртэл улаан бүчтэйгээ. Пионерт элссэнээ харуулах гэж өдөржингөө л нэг улаан бүчтэй нөхөр байж билээ. Гоё шүү.
Ер нь улаан бүчгүй яваа хүүхэд муухай харагддаг байсан даа. Одоо ч тэр зүгээр цагаан цамцтай ч энгэр нь задгай хүн нэг өөр харагддаг. Харин зангиа зүүхээр цэмцийгээд нэг л өөр болоод явчих шиг санагддаг.
-Танд улаан бүч зүүж өгсөн тэр эмэгтэйг хэн гэдгийм бол?
-Төгсөөгийн Оюунбилэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Монголын өдөр тутмын “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд мэргэжлээрээ ажиллаж байгаад “Номун далай” гэж сургууль байгуулсан. Боловсролын салбарт оюун ухаанаа сорьж байгаа эмэгтэй бий.
-Одоо та гэрэлтүүлгийн бизнес эрхэлдэг. Юунаас үүдэн гэрэлтүүлэг хийхээр шийдээ вэ?
-Өө, үүнийг ярихын тулд урт түүх өгүүлэх болно.
-Товчилж дурдаж болно шүү дээ…?
-Дунд сургуулиа төгсөөд “хойшоо” сургуульд явж ирээд барилгын цэрэгтэй холбогдсон хүн дээ, би. Барилгын цэргийн ерөнхий газар гэж том айл байв. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, аймгуудын том том бүтээн байгуулалтыг гардаж хийж байсан буянтай газар. Тэнд би наян хоёр оны дөрөвдүгээр сарын 20-нд барилгын цэргийг хариуцсан сурвалжлагчаар томилогдож байв. Тухайн үед Барилгын цэрэг 27 ангитай, 25 мянган хүнтэй байсан.
Улаанбаатарт 13, бусад нь хөдөө орон нутагт бүтээн байгуулалтад оролцдог байлаа. Монголын том том үйлдвэр, орон сууцны хорооллуудыг барихад барилгын цэрэг туслан гүйцэтгэгчээр их ажлыг нь нугалж өгч байсан даа.
Хүмүүс тэр бүр мэддэггүй л болохоос биш Улаанбаатар хотын хамгийн том барилгуудыг барилгын цэрэг барьсан байдаг. Хөдөө орон нутагт гэхэд Сангийн аж ахуйн иж бүрэн барилгууд, сургууль цэцэрлэгийг барьж, хар зам тавьж байлаа. Өргөн уудам нутгийг хамарч байсан даа, барилгын цэргийн хийсэн ажил, гүйцэтгэх үүрэг.
Ингэж байтал ерэн оноос нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн.
Би ч бусдын жишгээр хувьд гарсан. “Ганбагана” нэртэй нөхөрлөл байгуулсан, хэдэн нөхдийн хамт. Компани гэсэн нэр томьёо тухайн үед байсангүй. Нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй, пүүс гэсэн гурван нэршил л зонхилж байлаа.
-Та нөхөд нөхөрлөл байгуулаад ямар үйл ажиллагаа явуулав даа?
-Сансрын түнэлийн урд байшингийн подваль түрээслээд гипсээр маск хийж эхэлсэн. Нүүрний маск. Анхны бизнес тэр. Эхлээд хэвээ хийгээд гипс цутгаад, будаад… тэгээд жинхэнэ маск бий болж байгаа юм.
-Нүүрний маск тийм эрэлт хэрэгцээтэй байсан хэрэг үү?
-Хүмүүс тэр бүр хийдэггүй байсан болохоор сонирхоно. Гипс хямдхан. Хэвэнд цутгаж чадахгүй хүнгүй. Хамгийн хэцүү нь будаж зурах л байв. Маскаа дэлгүүрүүдэд тавьж тав, гурван төгрөгөөр заруулна. Зарагдаад байдаг. Гадны, явуулын хүмүүс голцуу авна.
Дараагаар нь мужаан цех байгуулсан. Цахилгаан хөрөө араам байхгүй. Гараараа хөрөөднө. Хавтангаар ванны өрөөний янз бүрийн тавцан хийдэг байв. Тэгээд орон сууцны айлуудад давхар хаалга хийх болсон. Давхар хаалгатай айл Монголд тэр үед байгаагүй.
Хамгийн анхны давхар хаалгыг “Цэцэрлэгжилт” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Магсаржавынд хийж өгч байлаа. Айлууд дан хаалгатай байсан бол давхар хаалгатай болж эхэлж байгаа юм. Дулаан хадгалах талаасаа ч, элдэв хулгай зэлгийгээс ч хамгаалж хүмүүс ихэд сонирхон хийлгэдэг байв. Сүүлдээ цахилгаан хөрөө араамтай ч болсон. Олон айлд давхар хаалга хийж өгсөн дөө, манай “Ганбагана”-ынхан. Хөөрхөн ашигтай.
Давхар хаалганаасаа дамжаад барилгын засвар руу орж байгаа юм. “Хэт” гэж пүүсийн харуул суудаг хамгаалалтын жаахан байшин барьж өгсөн, анх. Мөн “Шим” компанийн Таван шард байдаг байшинг засварлаж, хаалга үүд, энэ тэрийг нь бүгдийг солиод, Биокомбинатын дөрвөн давхар байшингийн засварыг хийж байлаа. Ер нь барилга руу нэлээд явлаа.
Анхны нөхөрлөлөө хувиараа эрхлэх аж ахуй болгоод, дараа нь пүүс болгов. Пүүс нь нөгөө хоёроосоо жин бангаараа арай том л доо. Гэтэл ерэн зургаан онд Компани нөхөрлөлийн тухай хууль гараад, шинэ хуулиар компани аж ахуйн нэгж нэр давхардаж болохгүй гээд.
Дорнодод нэг нөхөр “Ганбагана” гэдэг нэрийг өмнө нь авчихсан байж таараад, улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байсан болохоор нэрээ солихоос аргагүйд хүрсэн.
Яахав, гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаад “Омэга” гэж компани байгууллаа.
-Яагаад энэ нэрийг сонгоо вэ. Зүгээр л олдсон нь тэр үү?
-Гэр бүлийн гишүүдийн маань нэрний эхний үсгийн нийлэмж юм. Задалвал Оюунбилэг, Мөнхтуул, Энхтуул, Энхтөр, Мөнхшүр, Ганхуяг гэсэн үг.
Ер нь бол омега гэж агуулгын хувьд зах хязгааргүй гэсэн утгатай үг. Компаниа байгуулаад бас л олон төрлийн үйл ажиллагаа явуулсан. Гаднаас машин, илгээмжийн бараа оруулж ирж, дэлгүүр, цайны газар, нарийн боовны цех ч ажиллуулж, гахай, тахиа ч үржүүлсэн. Үйлчилгээний бизнес нэлээд хийсэн. Тууштай нэг зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэж бодох үе гарч ирсэн.
Ингээд л гэрэлтүүлэг хийхээр зориг шулуудсан даа. Гэрэлтүүлгийн ажил улс, хот болоод хүний амьдралд хамгийн их хэрэгцээтэй, ус агаар шиг чухал зүйл юмаа гэдгийг бодолцож энэ ажилд ханцуй шамлан орсон доо.
-Гэрэлтүүлгийн ажлаа хаанаас анх эхэлж байв?
-2003 оныг манай улс аялал жуулчлалын жил болгон зарласан шүү дээ. Энэ хүрээнд Жуулчны гудамжийг тохижуулж сайжруулах тухай яригдсан. Засгийн газрын ордноос Шар дэлгүүр хүртлэх гудамжийг өөрчлөх тухай гэсэн үг.
Тэгэхэд л би гэрэлтүүлгийг нь хиймээр санагдаад судалж, судалснаа төсөл болгон бичиж хотын удирдлагуудад танилцуулсан. Хот дэмжсэн. Гэхдээ эхлээд нэг үүрэг өгсөн.
-Ямар үүрэг…?
-Самбуугийн гудамжны гэрлийг солих. Яаж ажиллаж, ямар зүйл хийхнэв гэж тандсан биз. Түүнийг хийсэн. Сайхан ч болсон. Өвөл нь гудамжны цэцэрлэгийн моддыг гэрлээр чимсэн. “Омэга” компанийн хийсэн анхны том ажил тэр байлаа.
Жуулчны гудамжны гэрэлтүүлгийг гадна дотнын гудамж талбайн гэрэлтүүлгийг ихэд судалж байж хийсэн. Нэг талд нь Улаанбаатар хотын, нөгөө талд нь аялал жуулчлалын жилийн ерөнхий эмблемийг байрлуулж хийсэн маань олон хүнд таатай сэтгэгдэл төрүүлж чадсанд урам орж билээ.
Гэрэлтүүлгийг хариуцдаг, хийдэг улсын хоёр компани л байв, манайхыг гэрэлтүүлэг хийж эхэлж байхад.
Түүнээс хойш өнөөдрийн байдлаар манай “Омэга” компани Улаанбаатар хотын хэмжээнд арван мянга гаруй гэрэл тавьсан байна. Өөрөөр хэлвэл, түмэн гэрэл тавьсан байна. 40 гаруй гудамжны гэрэлтүүлгийг хийсэн байна. Хотын гэрэлтүүлгийн 20-30 хувьд оролцсон байна.
Гэрэлтүүлгийн хувьд Улаанбаатар хот маань асар хурдтай хөгжиж байна. Урьдын үеийг бодвол танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн гэж хэлж болно.
Манай компани зөвхөн хотын төвөөр үйл ажиллагаагаа хязгаарлаагүй. Гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг санаачлан хийснээрээ бахархаж явдаг. Гэр хорооллыг гэрэлтүүлэх ажлыг Баянгол дүүргээс эхэлж, Хан-Уул дүүргийн удирдлагатай яриад дөрөв, тавдугаар хорооны хэдэн гудмыг бүгдийг гэрэлтүүлсэн.
-Танайхыг гэрэл тавихаас гадна гэрэлтүүлэгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа эрхэлдэг “Филипс гэрэлтүүлэг” гэж компани байгуулсан гэж сонссон…?
-Тийм ээ. Тийм охин компани байгуулсан. Гэрэлтүүлгийн худалдаа эрхэлдэг. Гэрлээ худалдаж байна. Гэрэлтүүлгийн дотоод эд ангиудыг худалдаж байна.
Ухаан нь лед гэрлийн бууруулагч шатлаа гэхэд дөч, тавин мянгаар солих болдог. Түүнийг 7-10 мянгаар сольж өгдөг цех байгуулсан. Нэг ёсондоо сервер үйлчилгээний салбар ажиллуулж байгаа.
2005 онд манай компани Тээврийн товчооноос Баянгол дүүрэг хүртэлх замын ашиглалтыг хариуцья гээд өөрийн зардлаар ашиглалтыг нь хариуцан ажиллаж үзсэн. Хувийн компани төрийн ажил үйлчилгээг хариуцаж ажиллаж чадах юм байна аа гэдгийг харуулахыг зорьсон. Харуулж чадсан. Энэ бол бас л нэг эхлэл байв.
Түүнээс хойш 13 компани Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
-Тухайлбал, танайх…?
-Ганцхан Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд нийтийн эзэмшлийн төв замын 2300 ширхэг гэрлийн ашиглалтыг хариуцаж байна. Гэр хорооллын 4000 орчим гэрлийг хариуцаж байна. Гэрлээ тавина. Асаана. Харицсан гэрлийн маань 95 хувь бол ямар ч үед асч байгаа. 100 хувь л байлгах гэж зорьдог.
-Гэрэлтүүлгийн хувьд Улаанбаатар хот танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн тухай дээр хэллээ. Арваад жилийн өмнө хотыг гэрэлтүүлэх арван тендэр дээр хорин компани өрсөлддөг байсан бол одоо бараг 250 компани өрсөлддөг болсон тухай яриа байдаг. Энэ үнэн үү?
-Өнөөдөр толгойтой болгон гэрэл тавьж чадна гэж орж ирж байна. Зөвхөн бизнесийн нүдээр харж орж ирж байгаа нь ч байна.
Сүүлийн үед гэрэлтүүлэг дээр хөрөнгө мөнгийг маш сайн шийдэж өгч байгаа. Хэдэн зуун саяар биш, хэдэн тэрбумаар өгч байгаа. Түүнийг дагаад зөвхөн мөнгө хөөсөн бизнесийн бүлэглэлүүд олноор бий болж байна. Гэрэлтүүлгээс ашиг л олохыг бодохоос цаашдаа яахав ийхэв гэдгийг боддоггүй.
Надад нэг санал байдаг. Ажил хэрэг болгомоор. Энэ нь юу вэ гэхээр Гэрэлтүүлгийн стандарттай болохгүй бол болохгүй нь. Манайд орон сууцны хорооллын доторх гэрэлтүүлгийн стандарт л гэж байсан.
Гэтэл өнөөдөр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн стандарт гээчийг бий болгохгүй бол болохоо байчихсан.
Жишээлэхэд, төв гудамжны гэрлийн хүчин чадал 120, долоон метрийн өргөнтэй гудамжных 100, орон сууцны дундах 90, гэр хорооллынх 30 батт байна гэдэг ч юм уу, стандарт бий болгохгүй бол хэн дуртай нь дураараа 90, 98, 100 баттын гэрэл тавьж байна.
Энэ нь эргээд ашиглалтдаа сөргөөр нөлөөлж байна.
Стандарттай болохгүй бол цаашдаа нөгөө гэрлүүдээ ашиглаж чадахаа болих гээд байна шүү дээ. Хотын нэг зовлон нь энэ. 26 янзын хүчин чадалтай гэрэл тавихаар шатчихвал 26 төрлийн үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрч байна шүү дээ.
-Үүнийг анх тавихад нь хянах шалгах арга байдаггүй юм уу?
-Стандартгүй болохоор хяналт тавих боломжгүй болчихож байгаа юм.
Хуучин манайд хоёр гуравхан стандарт мөрдөж байсан. 400, 250, 150 баттын гэрэл хэрэглэнэ гэсэн. Лед гэрэл орж ирэхээс өмнө үед. Одоо нэр томьёо нь 24, 25 хүрээд явчихлаа.
Тэр хэрээр гэрлүүдийн төрөл хоорондоо таарахгүй боллоо. Солонгосынх Хятадынхтай таарахгүй, Японых Солонгостой таарахгүй. 12 баттын аккумлятортой машинд 15 баттын аккумлятор тавивал шатчихна биз дээ. Эсвэл 15 баттын аккумлятортой машинд 12 баттын аккумлятор тавихаар хүчин чадал нь хүрдэггүй. Яг түүнтэй адилхан. Энгийнээр хэлэхэд.
Машинаар бодоход 25 төрлийн аккумлятор тавих болоод байна, гэрэлд.
Бидний олон жилийн туршлага, туршилтын явцад утаа, тоосжилт ихтэй манай Улаанбаатар шиг хотод нэвтрэх чадвар сайтай гэрэл чухал юм байна аа гэдгийг олж харсан. Зөвхөн өнгөний хувьд шүү. Үүнд бас л стандарт хэрэгтэй. Гэр хорооллын гудамж талбайд шар өнгийн гэрэл тавих нь ашигтай байна. Гэтэл өнөөдөр дандаа цав цагаан гэрэл тавьж байгаа.
Машинд манангийн шар гэж гэрэл яагаад тавьдаг юм. Манан будан, утааг нэвтлэх чадвар сайтай болохоор л тэр шүү дээ. Гэрэл тавиад л байдаг. Тоо бол асар өндөр байна.
Одоо чанар, стандарт ярихгүй бол болохоо больжээ.
-Таныг Монголын гэрэлтүүлгийн холбоог удирдан ажиллаж байгаа гэж сонслоо. Танай холбоо энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Манай холбооны давын өмнө шийдэхийг, шийдвэрлэхийг зорьж байгаа ажил гэрэлтүүлгийн стандартай болох. Бид төслөө боловсруулж байна. Гэрэлтүүлэг бол хотын хөгжлөө дагасан маш том соёл. Хэрэглээ, хэрэгцээндээ нийцсэн шалгуур бий болгох хэрэгтэй байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй явахгүй бол болохоо байлаа.
Юуны түрүүнд Улаанбаатар хот маань гэрэлтүүлгийн стандарттай, гэрлийн өнгөний сонголттой болох шаардлагатай болоод байна даа.
-Хотын хүний хувьд таны бахархал юу вэ?
-Гэрэл гэгээтэй холбоотой бизнес их сайхан юм байдаг юм байна. Хотын өнгө, тав тух, аюулгүй, амгалан тайван байх нь гэрлээс хамааралтай. Тийм болохоор эрхэлж буй ажил хөдөлмөрөөрөө бахархдаг даа.
-Хотын хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Хотын дэг журмаа барьж байгаа хүнийг л.
-Манай нийслэлийнхний нийтлэг муухай зан юу вэ, таныхаар…?
-Аминчхан.
-Ардчилсан нийгэмд шилжсэн жилүүдэд Улаанбаатарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтыг нэрлэнэ үү?
-Зам харгуй, дэд бүтэц сайжирсан. Мөн гэрэлтүүлэг байна.
Урин дулаан цагт цэцэрлэг, цэцгийн мандлууд гоё харагддаг. Арав хорин тэрбумаар ийм цэцэг тарьж яадаг байна гэж ярих хүн байдаг. Би үгүй гэж боддог. Сайхан цэцэг хараад нүд баясна. Хөдөөний хүн уул усаа, сайхан морь хараад баясна. Хотын хүн гудамж талбай, цэцэг харж баясна шүү дээ.
Хүнийг баясгах зүйлийг өгч байх хэрэгтэй. Түүнд гар татах хэрэггүй. Сайхан зүйлийг харчихаад муухай гэж хэлж болохгүй байх. Хотынхноо, хотын хүмүүсийг баясгах хэрэгтэй шүү дээ.
URL: