ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжив

olloo_mn_1426912916_3115ad8d02879d63originalЧуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид  хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин  бусад сайдыг гаднаас томилохоор заасан. Хэрэв хуулийг баталвал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж буй гэдгээ мэдэгдсэн. Учир нь “Их хурал болон Засгийн газрын гишүүдийн хийх ёстой ажил үүрэг нь ялгагдахаа больж байна. Тухайлбал, УИХ-ын дарга нь ипотекийн зээл яриад суугаад байхаар нь Засгийн газарт байгаа барилга хариуцсан сайд нь юу хийх болж байна” гэсэн юм.

Харин Д.Лүндээжанцан гишүүн энэ хуулийг батлагдана гэдэгт итгэхгүй байна гэв. Учир нь мөнгөтэй байж их хурлын гишүүн болдог, харин их хурлын гишүүн болсныхоо дараа сайд болдог гэсэн ойлголтыг хүн бүхэн авсан байна гэлээ. Мөн М.Батчимэг гишүүн хуулийн төслийг дэмжихгүй байна гэдгээ хэлсэн. Учир нь “давхар дээл”-тэй байх сайд нарын тоог өөрчиллөө гээд ямар нэг ялгаа гарахгүй гэсэн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 42 нь буюу 77.8 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг цаашид хэлэлцэхээр болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих