Танхайрсан жолоочийг байцааж байна
Өнгөрсөн сарын өдийд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар сургуулийн хойд замд “9494 ӨВА “дугаартай машины жолооч Х гэгч зам тавьж өгөөгүй хэмээн явган зорчиж явсан М-ыг хоёр хүүхдийнх нь дэргэд зодож танхайрсан. Цахим сүлжээгээр уг үйлдлийг тарааснаар олон нийтйин анхаарлыг татсан. Энэ хэргийг үйлдсэн жолооч Х-д эрүүгийн хэрэг үүсгэн танхайрсан зүйл ангиар байцааж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн 181.1-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар мөрдөн байцаалт хийж байна.
Иргэн М хоёр хүүхдийн хамт замын гарцаар гарч байхад “9494 ӨВА” дугаартай машины жолооч зам тавьж өгөлгүй, харин ч шууд зодож танхайрсан. Иргэн М ч зам тавьж өгөөгүйд уурсан жолооч Х-гийн машин руу өшиглөжээ. Эдгээр үйл явдлын зургийг авч, олон нийтийн сүлжээнд тараасан нь цагдаагийн байгууллагын анхааралд өртөж, олны хүсэлтээр ийнхүү шалгаж байгаа юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: