WikiLeaks: Америк энэ Панамын шуугианыг зохион байгуулсан
Панамын “бичиг цаас”-ын эргэн тойронд өрнөсөн дуулианы учрыг ”WikiLeaks” сайт тайлллаа. “Үүнийг Америкийн Засгийн газар зохион байгуулсан юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг довтолгоондоо ашиглах гэж Панамын бичиг цаасыг нийтэлсэн хэрэг” гэж Викиликс сайт мэдэгдэв.
“WikiLeaks” сайтын баталж буйгаар офшор бүстэй холбоотой санхүүгийн олон сая, нууц бичиг баримтыг цацах ажиллагааг Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг, тэрбумтан Жорж Сорос нар санхүүжүүлжээ. “Нийт 11,5 сая баримт бичиг байгаа. Гэхдээ “Mossack Fonseca” компаний энэ архивыг одоогоор дэлгээгүй. Бүрэн хэмжээгээр дэлгэх ч үгүй байх” гэж Викиликс бичжээ. Энэхүү архивт дэлхийн 50 орны 140 улстөрч, спортын болон соёлын алдартай зүтгэлтний офшор мөнгөний талаарх мэдээлэл байгаа гэнэ. Үүнээс болж Исландын Ерөнхий сайд бүр ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд орсон бол Украины Ерөнхийлөгч ч бас хусагдаж магадгүй болоод байна. Харин Леонель Месси зэрэг зарим алдартан шүүхдэхээ мэдэгдсэн. Мөн зарим нэг нь иймэрхүү зүйлд анхаарлаа хандуулахгүй гэж байна.
Нууц бүхнийг дэлгэж чаддаг Викиликс сайтын энэ мэдэгдэлтэй оросууд санал нэг байна. “Америк энэ бүх дуулиан шуугианы тусламжтайгаар “нэг сумаар хоёр туулай буудах” гэж төлөвлөсөн. Эдийн засгийн болон улстөрийн өрсөлдөгчдөө устгах гэж байгаа хэрэг. 3 жилийн өмнө Киприйн офшор бүстэй холбоотой шуугиан дэгдэж, Киприйг сүйрүүлснийг санаж байна уу? Одоо яг тийм замаар явж байна” гэж Оросын “Правда” мэдэгдлээ.
Панамын архивыг уудлахад Киприйг нурааж хаясан нөгөө л “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум” (ICIJ) оролцжээ. Бүр тодруулбал “The Guardian”, “BBC”, “Le Monde”, “Sьddeutsche Zeitung”, “Norddeutscher Rundfunk”, “The Washington Post”, “Canadian Broadcasting Corporation” (CBC) зэрэг манай медиа ертөнцийн 31 этгээд. Дээр нь Авилга, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв (OCCRP)-ийг нэмэх хэрэгтэй.
“Энэ бүгдийг Америкийн магнат Сорос, бас АНУ-ын төсвөөс хооллодог олон улсын төрийн бус байгууллагууд санхүүжүүлдэг. Тэд бүгдээрээ Америкийн тусгай албадтай ямар нэг байдлаар холбоотой. Дэлхийн улстөрчдийн нэр хүндийг гутаах нь гол асуудал биш. Цэвэр бизнесийн төлөө гэж тэд хашгирдаг ч үнэн хэрэгтээ хамаг асуудал офшорт байгаа 32 триллион долларт оршино. Харьцуулахад, Америкийн өр 18 триллион доллар шүү дээ. Одоо энэ бүх мөнгө хаашаа очно гэж бодож байна? Тааварлахад хэцүү биш, Америкийн офшор бүс рүү. Нөгөө Каймановын арлууд, Дэлавер муж, бас Невада, Вайоминг зэрэг муж руу. Түүнээс биш Панам өөрөө энд ямар ч хамаагүй. “Mossack Fonseka” фирмийн ажилтнууд ч гэсэн өөрсдийн ажлыг алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч энд санхүүгийн гэмт хэрэгт огт байхгүй” гэж Правда бичжээ.
Панамын экс Ерөнхийлөгч Эрнесто Перес Бальядарес “Америкийн Делавэр муж, Английн Виргиний арлууд бол Панамын офшор бүсийн өрсөлдөгчид. Тэдний офшор сайн, тэгээд манай офшор муу хэрэг үү?” гэж өчигдөр интернэтэд асуужээ. “Тэр зөв асуулт тавилаа. Гэвч хүчтэй нь үргэлж зөв байдаг хойно яах ч билээ” хэмээн оросууд энэ үйл явдлыг тайлбарлав.
“Панамын архивыг дэлгэсэн явдал Панамын эдийн засагт цохилт болсон. Одоо эндээс мөнгө капитал гадагшаа урсана. Дараагийн цохилт хаана ирэх бол? 2014 оноос хойш дэлхийн 97 орон нэгэн чухал бичиг баримтад гарын үсгээ зураад байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан ”Татварын мэдээллээ харилцан солилцох нэгдсэн стандарт” хэмээх энэ баримтыг зөвхөн Америк, Вануату, Бахрейн, Науру улс эрс эсэргүүцсэн. Харин Панама энд гарын үсгээ зурж, хоёр талын хэлэлцээр байгуулсан билээ. Панама гэхдээ Америктай гэрээ байгуулаагүй. Ийм учраас л Панамыг сүйрүүлж байгаа бололтой. Америк үнэндээ дэлхийн санхүүг захирахыг хүссээр л. АНУ-ын магнатууд, улстөрчид ийм байдлаар бусад орны баячууд, капиталистуудаас “мөнгө саах”-аар шийдсэн аж. За, тэгээд тэд эдгээр асуудлаа шийдэхээр шинэ дайн л дэгдээхгүй бол боллоо” хэмээн Правдагийн нийтлэлд онцлон тэмдэглэжээ.
Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn
URL: