Шинэчлэл үгүйлсэн өсөлтийн хүсэл

182557-07042016-1460018727-1810147378-shinechlel

Дэлхийн эдийн засгийг бусниулж, улс төрийн тогтолцоог доргиож мэдэх үлбэгэр өсөлттэйгээр дахиад хэдэн жилийг өнгөрөөхгүйн тулд бодлого тодорхойлогчид эдийн засгийн цуврал шинэчлэл өрнүүлэхийг Кристин Лагард уриалав.

Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн тооцоогоо бууруулж таарна хэмээн нийтээр таамаглаж буй. Харин тус байгууллагын хаврын уулзалтын өмнөхөн хатагтай Лагардын уриалга гарч байна. Тус сангийн эдийн засагчид хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн тухайд онцгой гутранги бодолтой байгаа. Мөн Бразил, БНХАУ, ОХУ зэрэг хөгжиж буй гол зах зээлээс хамааралтай шинэ цохилт дараалан үүсч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэх боллоо.

ОУВС нь энэ онд дэлхийн эдийн засаг 3.4 хувиар өснө гэсэн тооцоог нэгдүгээр сард гаргасан. Дэлхийн эдийн засгийн өсөлт “Хэт удаан, хэт эмзэг хэвээр” байгааг мягмар гарагт Франкфурт хотноо тайлбарласан хатагтай Лагард дахиад шинэ “үхээнц байдал” тулгарч болзошгүй хэмээн анхааруулав.

“Өсөлт хэтэрхий бага хэмжээнд, дэндүү удаан үргэлжилж байгаагаас хүмүүсийн олонх нь анзаарахаа больж” хэмээн тэрбээр өгүүлээд эдийн засгийн улбэгэр нөхцөл, улс төрийн тодорхой бус байдал эцэстээ “Үүссэн тогтолцоо, олон улсын хэм хэмжээнд итгэх хүмүүсийн итгэлийг сулрахад хүргэнэ” хэмээн тайлбарласан юм.

Хатагтай Лагардын тайлбар нь зах зээлийн бас нэг эрсдэлтэй өдрийн угтал боллоо. Евро бүсийн үйлчилгээний салбарын өсөлт сүүлийн жил гаруй хугацаанд тохиолдож байгаагүй бага хувьтай гарсны дараахан Европын хувьцааны Stoxx 600 индекс өглөөний арилжаагаар 1.6 хувиар унав. Германы бондын өгөөж 10 нэгжээр унасан нь сүүлийн нэг жилд тохиолдоогүй үзүүлэлт боллоо.

ОУВС-гийн тэргүүн АНУ-д холбооны цалингийн доод хэмжээг өсгөж, орлогын татвараас орох орлогыг ихэсгэж, айл өрхөд ээлтэй халамжийн арга хэмжээг сайжруулахыг уриалж байна. Евро бүсийн хувьд хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа ажилгүйдлийн түвшинг багасгахын тулд сургаж дадлагажуулах, ажилд авах бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай. Таваар экспортлогчид, бага орлоготой улс орнууд бизнесээ төрөл бүрийн салбарт төрөлжүүлж олшруулах нь зүйтэй.

ОУВС-г хоёр дахь удаа таван жилээр тэргүүлэх нь тодорхой болсон хатагтай Лагард саяхан Хятадад чуулсан G20-ийн Сангийн сайд нарын уулзалтын өмнөхөн тус сангаас уриалсан “Уялдаатай нэгдмэл арга хэмжээ” авах уриалгаа давтсангүй өнгөрлөө. Энэхүү уриалгыг өөрийнх нь орлогч Дэвид Липтон ч хэдхэн долоо хоногийн өмнө дурдаж байсан. Уг уриалгыг “Их 20”-ийн зарим гишүүд эсэргүүцсэний дотор Германы Сангийн сайд, “хэт түгшигч” Вольфганг Шаубл багтжээ.

ОУВС-гийн тэргүүн энэ удаад зарим улс орнууд “Санхүү, мөнгөний бодлогоо өргөжүүлэх боломжтой”-г дурдах төдийгөөр зочидтойгоо сөргөлдөж зүрхэлсэн юм. Татвар багасгаж, Засгийн газрын зардлыг ихэсгэх замаар эдийн засгийг 46 тэрбум ам.доллараар эрчимжүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн сард Канад дэвшүүлсэн. Канад нь уг бодлогод тохирч буй цор ганц улс болж байна.

Харин ноён Шаубл төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байхаар тооцож Европын холбоонд төсвийн тэнцвэр бариулах ёстой гэсэн бодолтой. АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогыг дэмжигч хатагтай Лагард бодлогын хүүг арван хоёрдугаар сард өсгөх шийдвэр нь “оновчтой алхам” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр мөн Японы болон Европын төв банкны хасах хувьтай бодлогын хүү хэрэгжүүлэх стратегийг сайшааж байгаа.

Клэйр Жонс, Шон Доннан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих