MCS-ийг сүйрүүлэх хэрүүлийн алим

asem-copy-768x505-Улс төрд MCS хэтэрхий гүн холбогдсон, нам дамнасан бизнес бүлэглэлийн архитекторч болтлоо хяналтгүй хол явсан, эс бөгөөс хэрцгий гүтгэлэгт зүгээр л хэрчүүлж байгаа түүхий алим. Энэ хоёрын аль нь үнэн болохыг тэд тайлбарлах, тайлбарлаад зогсохгүй нотлохоос нааш нэр хүнд нь 17 давхрын цонхоор шидэгдсэн цаасан онгоц шиг аажим аажмаар уруудсаар газардах биз-

“Монголын улс төртэй хамгийн ихээр хутгалдсан компанийг нэрлэ” гэвэл сонин гарчиглах хэмжээний бичиг үсгийн боловсролтой, цаашлаад гэртээ зурагттай, хувийн сошиал хаягтай хэн боловч “Эм Си Эс” гэж хариулах хэмжээнд хэдийнэ хүрчээ. Ерэн хэдэн оны эхэн үеийн өмч хувьчлалаар хямд, төсөр аргаар ганц нэг объекттэй болсон, 2000 оны үед хэд гурван лицензийг хууль бус аргаар хувьдаа авсан, өнөөдөртөө төсвөөс санхүүжилттэй арав, хорин тендерийн ажил “хуссан” гээд үүх түүхийг нь сөхвөл Монголд авлигын сүлжээнд орооцолдоогүй ариухан цэвэр аж ахуйн нэгж, бизнесмэнийг олж нэрлэхэд мэдээж бэрх л дээ. Гэсэн хэдий ч тэдгээрийн нэг адилаар хөл дээрээ босч ирсэн үндэсний компаниудаас өнөөгийн Эм Си Эс шиг улстөртэй гүн орооцолдсон компани цөөн байх.

Саяхныг хүртэл “үндэсний компани” гэж өргөмжлүүлж, их л сайндаа “үндэсний” гэх тодотголд хүрэхийн тулд үндэснийхээ хэмжээнд хувьцаа тараасан байх ёстой байдаг юм гэх басамжлалаас өөрийг сонсч байгаагүй MCS-ийн имиж, нэр хүнд сүүлийн хэдхэн жилд өөрсдийнх нь босгосон 17 давхар барилгын өндөр дээрээс огцом доош унаж байна. Үүний шалтгаан нь сүүлийн хэдэн жилд өрнөсөн улс төр дэх хуваагдал, хагарал, тэмцэл бүрийн цаана  энэ компанийн нэр, бизнес нь холбогдож байсантай холбоотой.

С.Баяр 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болоод өнөөдрийн хэрүүлийн алим Тавантолгойн лицензийг MCS -ээс төрд эргүүлэн авах хүртэл тэд нүднээс далд, яг л Оджаргал шигээ орчин үеийн шилдэг, боловсролтой бизнесмэний имижээр амьдарч ирсэн юм. Монголын иргэн бүрт 1072 хувьцаа болж хуваагдах хэмжээний их баялгийг эзэмших эрхийн бичгийг MCS ганцаараа гартаа атгаад сууж байсныг олон нийт мэдэх хүртэл “Монголын газрын баялаг бүх ард түмний мэдэлд байна” гэдэг Үндсэн хуулийн заалтыг бараг хэн ч мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй биз.

Энэ үеэс Үндсэн хуулийн энэ заалт иргэдийн эдийн засгийн эрх чөлөөний мэдрэмжийг дуудан сэрээж, тэдний өргөн хэрэглээний үг болтлоо эргэлтэд орж, улам бүр эрчээ авсан юм. Тавантолгойн тусгай зөөвшөөрлийг эзэмшиж байсан тус компаниас төр лицензийг эргүүлэн авахдаа нийт ордын нөөцийн зургаан хувь болох Ухаахудагийн уурхайн зөвшөөрлийг өмчлүүлэн үлдээсэн нь тэднийг улс төрийн тавцан дахь “хэрүүлийн алим” болгон хувиргасан. Хэрүүлийн алим төд удалгүй “хорт алим” болж, өнөөдөр тус компанийн нэр хүндийг идэж эхлэв ээ. Ухаахудагийн уурхайн нөөцийг түшиглэн олон улсын бирж дээр IPO гаргасан MMC корпораци нь өнөөдөр дампуурлын ирмэгт зогсож байна.

Монголын ардчилсан төр сайн ч, муу ч түүхэн цаг үе бүртээ өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татвар төлөгчдөө дэмжих, баялаг бүтээгчдээ дэмжих гэдэг сайхан үгсийг индэр дээрээс хэлдэг байв. Энэ удаагийн хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын даргын хэлсэн шиг дотоодын аж ахуйн нэгжээ нэр заан намнасан тохиолдол үгүй байх. MCS шиг эрээгүйгээр чичлүүлж, нэрлүүлсэн компани ханаа байна, их л сайндаа цагдаа, шүүх, цаашлаад АТГ-т хэдэн арваараа дуудагддаг л байх. Тэдний дунд MCS шиг үндэсний аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн гэх улстөрчдийн хуйвалдаанд нэр холбогдсон нь бий юу?

Улс төрд MCS хэтэрхий гүн холбогдсон, нам дамнасан бизнес бүлэглэлийн архитекторч болтлоо хяналтгүй хол явсан, эс бөгөөс хэрцгий гүтгэлэгт зүгээр л хэрчүүлж байгаа түүхий алим. Энэ хоёр замын алинаар нь явж ирснээ тэд тайлбарлах, тайлбарлаад зогсохгүй нотлохоос нааш нэр хүнд нь 17 давхрын цонхоор шидэгдсэн цаасан онгоц шиг аажим аажмаар уруудсаар газардах биз. Ганц Х.Баттулга MCS-т дургүй гэвэл худлаа, бусад хүмүүс “Женко”-д хайртай болохоороо бас л  MCS-т дургүй гэвэл бүүр ч худлаа. Тэдэнд MCS-т дургүйлхэх нэг бус шалтгаан байдаг. Төрд эргэн ирсэн Тавантолгойн баялгаас хүрз нүүрс хүртээгүй боловч нийгмийн тодорхой хэсэг лиценз бүхэлдээ нэг компаний мэдэлд байсанд дургүйцдэг.

Төрөөс зарласан бараг тендер бүрийг, зуухны, живхний гэж ялгалгүй тэд авдаг байсанд бусад өрсөлдөгчид нь атаархдаг… Тэдэнд мэдээж хийж бүтээсэн сайн сайхан зүйл бишгүй бий ч тэдгээр бүтээн байгуулалтдаа бусад бизнесмэнүүдийг туслан гүйцэтгэгчээрээ урьдаггүйд жөтөөрхдөг. ACEM-ийн зочдын байр сав барихаас эхлээд төрөөс бүхий л хаялгатай, ханштай ажлыг тэд авч чаддаг ч бусадтай хуваадаггүй. Зөвхөн дотоодын компаниуддаа “жижиглэн”-гээ өгдөгт гоморхдог юм.

Хамгийн сүүлд энэ компани “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас таван тэрбумыг халааслаж, удирдлагуудад нь өндөр зэрэглэлийн байруудаа худалдсан байна. Үндэсний үйлдвэрлэгчид, өндөр өртөгтэй бүтээн байгуулалтуудаа дэмжих гэж өр, зээл тавин байж өндийлгөсөн Хөгжлийн банкнаас тэд бас 40 сая төгрөгийг өөрийнхөө эмнэлэг рүү үзлэгийн төлбөрт авсан байна. Хариуд нь ажилтан нэг бүрийг нь өндөр түвшний үзлэг оношилгоондоо оруулсан л байх.

Гэхдээ Улаанбаатарт хэдэн арван эмнэлэг байгаа. Тэд яагаад MCS шиг сүйхээтэй маркетинг хийж чаддаггүй юм бэ гэж тохуурхахаасаа өмнө MCS-ийг “жинхэнэ утгаар шударгаар өрсөлд” гэж хэлэхийг хүсч байгаа олон хүн бий. Ийм л учраас энэ компанид улс төрийн дуулиан шуугианыг эс тоолоо ч олон хүн дургүй байдгийг анзаарах амархан.

Энэ дэлхийг өөрчилсөн гурван алим бий гэдэг. Нэг нь Евагийн хазсан алим, нөгөөх нь Ньютоны толгой дээр унасан алим, гурав дахь нь ухаалаг төхөөрөмжийн эрин үеийг эхлүүлсэн алдарт Apple корпорацийн алим. Харин MCS компанийн хувьд өнөөдрийг хүртэл тоосго, тоосгоор нь өрж босгосон нэр хүндийн пирамидыг нь өөрсдийнх тарьсан улс төрийн хэрүүлийн алим л сүйрүүлэх бололтой.

politik.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих