ЖЕНКО ЯЛЖ, ЗИ ЯЛАГДАЖ БАЙНА

zi jenkoОрчин үеийн улс төрийн урлагт орон зайн тухай ойлголт илүү чухал болж намууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьдралын мөчлөгтэй.

Ялангуяа эрх баригч намын хувьд шийдвэр гаргах эрх мэдлээ сонгогчдоос авсны дараа улс төрийн зах зээл дээр бодитоор тэлж чадсан уу, ерөөсөө тэлэх стратеги байна уу гэдэг нь дараагийн ялалтад нэн чухал. Энэ удаа чөлөөт нийгэмд намуудын тэлэх стратегийн хамгийн гол элемэнт болох монголчуудад ПР гэх товч нэрээр ойлгогддог олон нийттэй харилцах урлагийг эрх баригчдын жишээн дээр товч хүүрнэе.

НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЮУ АН-ЫН ЗОДООН
1971 онд археологийн гайхамшигт нээлт Монголоос олдсон тухай дэлхийн хэвлэлүүд шуугижээ. Энэ нь Өмнөговийн Баянзагаас олдсон ноцолдож байгаад хамтдаа үхсэн хоёр үлэг гүрвэлийн олдвор юм. Өнөөдрийн Ардчилсан намын нөхцөл байдал төдийгүй ирээдүйн төлөв нь улс төрийн археологийн олдвор болоход тун ойрхон байна. Мэдээж динозаврууд дэлхийн анхаарлыг татсан бол ардчилсан нам олдворт тооцогдох нь ирээдүй үеийнхэнд огтоос сонин биш. Ардчилсан намын олон нийттэй харилцах ажил өнөөдөр нэгдсэн стратегигүй, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд нь тус тусын харьяалагддаг фракц бүлгийн толгойлогч нарт харьяалагдаж үйлчилж байна. Тодруулбал, энэ намын олон нийттэй харилцах ажил нь бүлэг фракцын хэрүүлд живж, хоорондын хэвлэлийн дайнд нэгнээ хэрсэн, барьцаалсан байдалтай зууралдан хэвтэж байна. Одоо элсээр шуурахад л шууд улс төрийн зах зээл дэх археологийн олдвор болж хувирна.

АН-ЫН СУЛ ТАЛ-ТАВАНТОЛГОЙН ХЭРҮҮЛ
Нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг харьцуулахад эрх баригч ардчилсан намын рейтинг дунджаар 18 хувьтай буюу дөнгөж 10 сонгогчийн хоёрынх нь л дэмжлэгийг авч байна. МАН ч гялтайгаад тодроод байх юмгүй мөн 20 хувийн хатуу дэмжлэгтэй. Эрх барьж буй намын хувьд ийм суя рейтингтэй байгаагийн үндсэн шалтгааныг эдийн засгийн хямрал гэхээсээ намынх нь дотоод хэрүүл, лидерүүдийнх нь зөрчлөөс гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Хэрүүлийн гол бай нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн асуудал болсон Тавантолгой. Өнгөц харахад Женко “Энэржи ресурс” хоёрын аж ахуйн зодоонд эрх баригч намын лидерүүд таван хэсэг толгой болон татагдан орж зодолдож байна. Эдгээр лидер хувь улстөрчийнхөө хувьд нийгэмд муухай харагдаж буй мэт боловч бодит хохирол нь намын дарга З.Энхболдод ирж буйг судалгаанд оролцогчдын дүгнэлт, намын рейтинг унаж байгаагаар нотолж болно.

Хэрвээ ардчилсан намын рейтинг ийм замаар тасралтгүй доошилж, Тавантолгойн хэрүүл үргэлжилсээр байвал 2016 оны сонгуулийн үр дүнгээр ялагдах нь гарцаагүй. Тэр үед ялагдлын хариуцлага хүлээх цорын ганц субьект нь намын дарга З.Энхболд юм. Улс төрийн том нам ялангуяа засгийн эрхийг бүх түвшинд барьж буй АН-ын хувьд Монгол-2020 хэмээх мөрийн хөтөлбөртөө амалсан шударга ёс хайсан хууль эрх зүй, ёроолдоо тулсан эдийн засгаа босгох суурь шинэчлэлүүд, унаад байгаа спорт, эрүүл мэндийн салбарыг босгох талаар иргэд сонгогчдодоо ярих, тайлбарлах үндсэн ажлаа орхиод үндэснийхээ нэг компанитай аж ахуйн хэрүүл хийх нь гол пиар нь болтолоо “жижгэрчихэж”. Тавантолгойн уурхайг хэн эзэмших хэрүүл АН-ын гол ажил мөн үү гэдэг намын даргын хувьд сайн бодох асуулт юм.

ЖЕНКОГИЙН ТОМ ПИАР
Сонгуулийн сүүлийн жил АН-ынхан нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар бодож хийсэн сайн кампанит ажил бол малчны зээлийн хүүгийн бууралт, орон сууцны ипотекийн зээлийн таван хувь байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ипотекийн зээлээ сурталчилж, АН-ын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөлгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Х.Баттулга гишүүний хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг Монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив.

Хамгийн харамсалтай нь Х.Баттулга гишүүний хийж буй эдгээр пиар, эвэнтүуд нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн АН-ын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор дүүрч байна. Х.Баттулга гишүүний энэ бүх гео бөгөөд том пиарын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.

ОРОСУУД ДАЙНЫГ ХҮСЭЭ ГЭЖҮҮ
Ийм нэртэй агуу их эх орны дайны тухай Оросын алдартай дуу бий. Ийм утгатай дууг хамгийн чангаар гэхдээ цээжин дотроо дуулж буй нь АН-ын олон мянган гишүүн гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь Тавантолгойн хэрүүл бол АН-ын гишүүдэд огт хамаагүй хэрүүл юм. Тэдний нийтлэг сонирхол бол ирэх сонгуульд бөөнөөрөө ялагдаж дахин гудамжинд олон жилээр гарчих вий гэсэн айдас л байна. Тиймээс олноороо зодоонд оролцохгүй, чимээгүй ажиглаж, “дайныг” хүсэхгүй эсэргүүцлээ чимээгуй илэрхийлж байна.

Одоо яах вэ? Одоо зүгээр Тавантолгойн аж ахуйн хэрүүлээс АН-ыг татан гаргаж улс төрийнх нь талбарт буцааж оруулах хэрэгтэй. Бодит байдал дээр тэртээ тэргүй Тавантолгойн эзэмшигч энэ хавар, энэ Засгийн газар, энэ парламентаар тодрохгүй нь үнэн. Тиймээс Тавантолгойг түр “мартаад” сонгуулийн ажилдаа орж, эвээ хичээх нь АН-ын гол стратеги, намын даргын үүрэг, гишүүдийнх нь эрх ашиг шүү дээ.

 

О.АМАР
(Улс төр судлаач) /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих