Аль нэг нь бүрэн ялтал үргэлжлэх АН-ын нанчилдаан

a nam1-Н.Алтанхуягийн цочир мэдэгдэл хаяг андуурав уу, эсвэл байндаа тусав уу-

Эрх баригчид нэг намд битгий хэл нэг улсад багтахааргүй болсон мэт зөрчил тэмцлээ ил тод илэрхийлсээр байна. Тавантолгойн олборлогчийг шалгаруулах, төмөр зам тавих зэрэг улс орны хөгжлийн бодлогын асуудалд хувийн эрх ашгаа шургуулах сэдлээс үүдсэн ан цав хэзээ хаана хүрч дуусахыг хэн ч мэдэхгүй байна.

Зөвхөн энэ ч бус сайд дарга болох гэсэн фракц хоорондын зөрчил тэмцэл ээлжит сонгуулийн өмнө хамгийн хурц үедээ иржээ. Эрх баригчдын энэ хэрүүлийн бузар Монгол улсын эдийн засгийг хүндрүүлж, гүн гүнзгий хямралд хүргээд байна.

Эхлээд МоАХ-ны Х.Баттулга ба түүний фракц, УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор”-ынхон хамтарч Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хүчинтэй “хамтарч” намнасан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ерөнхийлөгчтэй хамтарч Х.Баттулгыг намнах гээд байгаа дүр зураг харагдаж байв. Харин Х.Баттулга нарыг АН-ын болоод УИХ-ын дарга З.Энхболд нар өмөөрч хамгаалаад байх шиг харагдаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү, Лу.Болд тэргүүтнүүд шууд сэлэм эргүүлэхээс илүүтэй холуур тойрч өөрсдийн МоАН санаачилга хэмээх фракцыг томруулчих гээд гүйж байгаа бололтой.

Гэтэл энэ бүхнийг харж тэвчихээ байсан зарим нь гэнэт л цочир мэдэгдэл хийн үйл явдлын дундуур баруун, солгойгүй нанчилдахаар орж явчих нь гайхмаар. Энэ бүх тэмцэл нанчилдаан нөхцөл байдлыг улам л ноцтой болгон хүрээгээ тэлсээр байна.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрхон хоногийн өмнө Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрбээр ” төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна. Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэхээс өөр аргагүйд хүрлээ” гэж хэлсэн юм.

Түүгээр ч тогтохгүй өөрийнх нь хийсэн мэдэгдэл амь насанд нь, ойр дотныхонд нь хэдий аюултай ч хэлэхээс өөр аргагүй байсан гэлээ. Ингэж шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн Н.Алтанхуяг үнэхээр байгаа онов уу. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын дарга байхад нь охиноос нь эхлээд ойр дотно нөхдийг нь толгой дараалан шалгаж, баривчлан хорихыг нь хорьж, сүүлдээ заримд нь ял өгсөн. Энэ бүхний ард ихэнх хуулийн байгууллагуудын удирдлагыг нэр дэвшүүлж томилуулдаг Ерөнхийлөгчийг байгаа гэдэг нэг талаас зөв хардлага мэт.

Нөгөө талаас бол өөрийг нь Ерөнхий сайдын суудлаас огцруулахад гол нөлөө үзүүлсэн МоАХ, “Шонхор” фракцынханд тэрбээр “юм санасан” байх учиртай баймаар. Гэтэл өнөөдөр Х.Баттулга нартай шадарлаж, Ерөнхийлөгчийн эсрэг “босоод” байгаа ч юм шиг.

Гэвч үнэндээ бол Н.Алтанхуяг сүүлийн дөрөв, таван жилд өөрийнх нь нүдэн дээр задран доройтсон “Алтангадас” фракцаа бүр оргүй болохоос өмнө аврах гэсэндээ ийм мэдэгдэл хийсэн болов уу. Үнэнийг хэлэхэд З.Энхболдын “Шонхор”-ын олонхи, одоогийн Засгийн газрын тэргүүн тэргүүтнүүд ч “Алтангадас”-ын бүтээгдэхүүн билээ. Гэвч эдүгээ тэд мөр мөрөө хөөн, өөрсдөө ноён суух үгүй юм гэхэд даам гарахаар хоорондоо тэрсэлдэж байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттерээрээрээ ердөө л “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн жиргэв.

Гэвч тэр удахгүй үүнээс илүү “жинхэнэ” хариултуудаа өгч эхлэх байх гэх хүмүүс ч олон байна.

АН-ын даргын суудалд зургаан жил болохдоо бүгдийг яаж ийгээд “эвлүүлж” явж ирсэн хүний хувьд Н.Алтанхуяг фракцаа, цаашлаад намаа нүдэн дээр нь унагаж байгааг Ц.Элбэгдоржтой холбоотой гэж үзэж байгаа нь илэрхий. Тэгээд ч хоёр сонгууль дараалан түүнийг Ерөнхийлөгчөөр сонгуулсан хүний хувьд Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржид гомдох эрхтэй нь мэдээж.

Тэгээд ч АН-ынхан одоогийн удирдлагынхаа шийдвэрээр ҮЗХ-гоо хүртэл хуралдуулж дийлэхгүй байгаа. Ийм нөхцөлд тэдний нанчилдаан хаана хүрээд зогсохыг одоогоор таахад эрт байна. Учир нь АН-ын нанчилдаанд өдөр бүр шинэ дүр нэмэгдэн орж ирсээр байна.

АН тун удахгүй бусдын адил сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах, нэр дэвшигчдээ тодруулах зорилгоор ҮЗХ-гоо хуралдуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс тэнд хүрээд эрхбиш сонгуулиа бодож, асуудлуудаа нээлттэй үлдээх болов уу.

Харин сонгуулийн дараа ялсан ч, ялагдсан ч аль нэг тал нь бүрэн ялтал тэмцэлдэж таарна.

Г.Самбаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих