“Пураам”, “Сентьерра гоулд”-ын хэрэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжжээ
Одоогоос жилийн өмнө байгаль орчинд хор хохирол учруулсан, “урт нэртэй” хуулийг зөрчсөн асуудлаар төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Пураам”, Сентерра гоулд” компанийн эд хөрөнгөд халдсан билээ. Үүнтэй холбогдуулан иргэний хөдөлгөөнийхөнд танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Дээрх үйл явдлын дараа “Пураам” компанийн захирал болон “Сентерра гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казакзов нарт УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шинжээчдийн дүгнэлт гарахгүй удааширч байсны эцэст, саяхан экологи, эдийн засагт хохирол учраагүй гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн тухайн үед төрийн болон төрийн бус байгууллагынханд гомдолд гаргаж байсан нутгийн иргэдээс шинжээчид тайлбар авч, эрүүл мэндийн үзлэг хийхэд иргэд “Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй” гэж тайлбарласан байна.
УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байсан тус хэргийг саяхан прокуророос татан авч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Засаг дарга Г.Цээпилдоржийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан дээрх хоёр компанид ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл өгөхөд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж буй юм байна.
URL: