Намуудын “Гоёл-2012”

Төрийн эрх мэдэл хэнээс хэний гарт ямар замаар шилжихийг шийдэх ёстой Сонгуулийн тухай хууль хөндүүлсэн шоргоолжны үүр шиг найдваргүй зүйл болж хувираад удаж байна.

Түүнийг өөрчлөх талаар жил гаруйн өмнөөс хэлэлцэж эхэлсэн хуулийн төсөл эмхэрч өгөхгүй удаж байгаа нь хагалгааг нэгэнт эхлүүлсэн хойноо эмч өвчтөнд ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй сандарч буй мэт. Сонгуулийн тухай хуулийн төсөл “шаналж” буйтай зэрэгцээд сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг үймж байна.

Хууль хуучин ч бай, шинэ ч бай хууль хэвээрээ үлдэнэ. Ямар ч байсан бүгд л сонгуулийн хуулиа гоё болгохыг хүсч байгаа. Харин тэрхүү сонгуульд оролцох улс төрийн намууд өөрсдийгөө гоёж байна уу?  Хүссэн, хүсээгүй хуульд нийцүүлэн сонгуулийн стратеги, тактикаа боловсруулах учиртай улс төрийн намууд өнөөдөр хэр бэлтгэлтэй байна вэ?

Жижиг намуудын том лидерүүд

Ядахад л тогтолцоо мажоритар, пропорцианалийн аль нь давамгайлахаас хамаараад намын бодлого дээр төвлөрөх үү, хувь хүн дээр чухалчлах уу гэдгээ шийдэх ёстой цаг үе. Харин сонголт хийх боломжгүй өгөхгүйгээр хүлээлт хэтэрхий удаан үргэлжилж буйгаас болоод улс төрийн намууд сульдах төлөвтэй. Ялангуяа жижиг намууд сонгуулийн бэлтгэлээ эхлэхээс өмнө өөр асуудалд хүчээ барж буйн жишээ Иргэний зориг, Ногоон намын нэгдэл эрхзүйн статусаа авч чадахгүй байгаагаас эхлээд илт ажиглагдах болжээ.  Шинэ тутам байгуулагдсан МАХН ба МҮАН хэмээх хоёр намын эвсч байгаа нь өөрсдийнх нь хувьд сонгуулийн бэлтгэл болж дөнгөхгүй амаргүй үйл явц.

Сонгууль хуучин хуулиараа явна гэж үзвэл “жижиг” хэвээрээ дуусах ч жижиг намуудад том лидерүүд бий. Лидер гэдэгтэй нь хэн ч маргахгүй Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын МАХН, МҮАН ч жижиг нам. Нэр нь том ч нам нь бол өнөөгийн парламентад нэг суудалтай Ногоон нам, парламентад сүүлийн 10 жил суудлаа хадгалсан ИЗН-тай харьцуулахад ч жижиг юм. Өөрсдийн улс төр дэх нэр нөлөөндөө найдахаас гадна зах зээлээс түрэгдсэн ч нэгэн цагт брэнд явсан улс төрийн намуудын нэрийг сэргээсэн нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нарт хангалттай хөзөр биш. Тэр тусмаа тэдний эвсэл үр дүн багатай алхам байж болох юм.

МАХН хэдийгээр 90 жилийн түүхтэй хувьсгалт нам биш боловч нэр нь, лидер нь хэвээрээ. Энэ нэр намын статусаа аваагүй байхдаа ч МАН-ын саналыг хувааж эхэлсэн учир МАН-д сонгуулийн өмнөх айдсын нэг хүчин зүйл болж байгаа. Гэхдээ МАХН болон Н.Энхбаяр руу МАН-аас тасран итгэл, эрх ашгаа урвуулж байсан ахмад голдуу гишүүд, дэмжигчдийн урсгалыг М.Энхсайхантай эвсэх алхам нь сааруулах талтай.

“МАХН бол манай нам” гэсэн итгэл, үнэмшлээ дагаж байсан хуучин кадрууд нь нам нь ардчилсан хүчний удирдагч асан М.Энхсайхантай нийлэхийг таашаахгүй. Нөгөө талаас МҮАН гэх нэртэй нэргүй М.Энхсайханыг дагах бүлэглэл бий ч МАХН-тай, тэгээд Н.Энхбаяртай нийлсэн тохиолдолд бас л дэмжээд гүйх нь юу бол. Аль аль талдаа авч байсан дэмжлэгээ эвссэнээсээ болоод алдаж магадгүй гэсэн үг.

Уг нь өрсөлдөгчийнх нь хувьд Ардчилсан намд ашигтай хувилбар нь МАХН дангаараа оршиж, МАН-ын нэр нүүр, саналыг аль болох өндөр хувиар хуваах.

Харин энэ удаад уг хувилбараас гарах ашиг дундуур М.Энхсайхан “шаврын хаалт” гэдэг шиг ороод ирэв. Юутай ч МАХН МҮАН буюу Н.Энхбаяр М.Энхсайхан нарын эвсэл өөрсдөд нь л ашигтай болохоос биш нийгэмд нэг их үр нөлөөтэй биш. Хэн, хэн нь улс төрийн том намын дарга, нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өнөөдөр яагаад удирдаж байсан намдаа ч орон зайгүй шахагдсан бэ?

Бас яагаад сүүлчийн сонгуулиудаар хэн хэн нь олон нийтээс улс төрийн эрх авч чадаагүй вэ? Нийгмээс захиалга авч чадаагүй ч улс төрөөс өөрсдөө явж чадахгүй байгаа тэдний өнөөдрийн бүх оролдлогууд юунд чиглэж байна вэ гэх зэрэг асуултууд тэдний эвслийг тойрч байна. М.Энхсайхан Ардчилсан намын дарга байхдаа 2004 оны сонгуулийн өмнө Эх орон намтай эвслийн гэрээ байгуулж байлаа. Энэ нь өмнөх дарга Д.Дорлигжавын үед байгуулагдаад байсан, ИЗН-ын санаачилга “Түншлэлийн гэрээ”-г үгүйсгэн намуудыг том, жижиг, гишүүдийг нь хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр ялгаварласан алхам байсан гэхэд болно.

Тэр үед Эх орон, ИЗН гэхгүйгээр чиг зорилго нэгтэй намуудын жинхэнэ нэгдлийг хангах эвсэл байгуулсан бол улс төрийн амьдралд өөр хандлага тогтох байсан биз. Энэ түүхийг сөхсөний учир гэвэл М.Энхсайханы Н.Энхбаяртай байгуулж буй эвсэл чухам ямар сонирхол, эрх ашиг дээр суурилж буй бол гэдгийг эргэцүүлэхийн тулд юм.

Том намуудын “жижиг” зовлон

МАН-ын хувьд нэрээ сольсон, МАХН амилсан зэрэг эрсдэлүүдийг өөрсдөө л өндгөн дотроос хагалж гаргаж ирсэн. Мөн намын дарга нь нэг нэгнийхээ хөл дээр гишгэчихээд зогсч байгаа хоёр намын хамтарсан Засгийн газрын тэргүүн.

Хэрэв хоёр тал харилцан эрх ашгаа тэгш хангаж байж хөл нийлүүлэн хөдлөхгүй бол урагш алхаж чадахгүй Засгийн газрыг хөдөлгөхөд хамаг анхаарал, хүчээ зориулж буй С.Батболдын ард нам дотор нь олон зүйл өрнөж байгааг сүүлийн үеийн мэдээллүүдээс харж болохоор.

Засгийн газрыг оролдох, намын даргаа солих зэрэг давхацсан “таагүй” явдлууд зөгнөсөн мэдээллүүдэд тэр үнэмшиж, бас айж буй эсэхийг бүү мэд. Уг нь хамтарсан Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн амжилт бүрээр сонгуулийн сурталчилгааг дүүргэх МАН-д амархан. Харин шинийг эрэлхийлэх хэцүү.

Өмнөх сонгуулиар Ардчилсан нам уул уурхайн ордуудыг түшиглэн иргэдэд хувь эзэмшүүлэх санал дэвшүүлсэн нь өнөөгийнх шиг өдөр тутмын мэдээлэл байгаагүй, эрээн алаг сурталчилгаан дундаас ч эрхгүй анхаарал татах содон зүйл байсан. Үнэндээ нийгэмд хүчтэй лугшилт авчрах шинэ санаа, шинэтгэлийн бодлогогүй тэр үеийн МАХН Ардчилсан намын “орд газраас хувьцаа олгох” патентыг нь авч хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газарт урьсан.

Тэрний хүчинд энэ жилүүдэд хэрэгжүүлэх бодлоготой, хийх ажилтай, тараах хишигтэй болсон гэвэл гүтгэлэг болохгүй. Ирэх сонгуулийг өнөөгийн мажоритар тогтолцоо, жижиг тойргоор явуулж, хүний хүчин зүйлд дулдуйдсан сонголтыг хуульчилж өгөх нь тэдний хувьд тун чухал эрх ашиг юм. Нам дээр анхаарал төвлөрөх пропорциональ давамгайлсан хувилбараас МАН халгаж буйгаа харуулсаар ирсэн. Өнөөгийн жижиг тойргоор сонгууль явуулах юм байна гэдэг мессежийг хэдийнэ гадагш хаяад эхэлсэн нь тэдний сонгуулийн өмнөх бэлтгэл ажил ч гэж ойлгож болно.

Ардчилсан намын хувьд харьцангуй амар тайван дөрвөн жилийг түүхэндээ анх удаа үдэж буй нь энэ байх. Эдийн засгийн хувьсгал гэх шинэ нэр томьёон дор уул уурхайн томоохон төслүүдийн хувь заяаг иргэндээ ээлтэйгээр хөтлөх, иргэн бүрт эдийн засгийн эрх чөлөө олгох зэргийг АН эрчтэй ярьж байна. “Монгол хүн-2020” хөтөлбөр гэдэг нэрийг нийгэмд дасгаад амжсан сонгуулийн бэлтгэл.

Өөрөөр хэлбэл, намын мөрийн хөтөлбөр, бодлогын томьёоллоо сунгаанд сойж байна. Хэрэв сонгуулийн тогтолцоог пропорциональ давамгайгаар хуульчилбал улс төрийн намын бодол, бодлого чухал болох юм.

Дарга шүтдэг хуучин нийгмийн инерцийг хадгалж буй сонгуулийн тогтолцоо, коммунист намын жишигт тааруулан зохиосон Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх, намуудыг гишүүнчлэлгүй болгох зэрэг олон шинэчлэлийг Ардчилсан нам өндгөндөө дарж байгаа. Нийгмийн сэтгэхүйд нь тааруулсан биш харин өмнө нь гарч дагуулах бодлого тэдэнд бий гэсэн итгэлийг дэмжигчид нь тээсэн хэвээр.

Мөн Ардчилсан нам дээр сонгуулийн өмнө ардчиллын төлөөх намуудын нэгдэл төвлөрөх магадлал ч бий гэсэн ажиглалтыг зарим эх сурвалж хийж буй. Иргэний зориг болон Ногоон намын нэгдлийг Улсын дээд шүүх бүртгэхээс ийм удаан хугацаагаар татгалзсаар байгааг санаандгүй зүйл гэхэд мэдээж хэцүү.

Одоохондоо Ногоон намын статус хэвээрээ, түүнийг ИЗН-тай нэгтгэх эрх зүйн нөхцөл байхгүй гэсэн тайлбарыг Дээд шүүх хийж буй. Дээр нь сонгуулийн хуулийг тогтолцооны хамт шинэчилж чадахгүй бол, ИЗН-Ногоон намын нэгдлийг Дээд шүүх баталгаажуулахгүй удах тусам нэгдэл Ардчилсан нам дээр төвлөрөх магадлалтай аж. Намуудын эргэн тойрон дахийг товч тоймлоход иймэрхүү л дүр зураг харагдаж байна.

Сонгуулийн тогтолцооноос дутуугүйгээр сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг нь улс төрийн намуудын орчинд өрнөж буй үйл явцууд байдаг. Ийм ч учраас улс төрийн намуудыг бид сонирхох ёстой.

Яагаад гэвэл сонгуулийн хууль төрийн эрх нэгээс нөгөөд яаж шилжихийг зохицуулдгаараа чухал бол улс төрийн нам төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх авдгаараа онцгой зүйл юм. Тэгэхээр зөвхөн улс төрд дуртай хүнд л хамаатай сэдэв биш байгаа биз?

З.Боргилмаа

“Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих