Улсын заан Ц.Баярсайхан анх залилан хийхдээ өөрийгөө ОБГ-ын аврах ангийн дарга гэж танилцуулжээ

d055da78f8b5c2b2029645ae9cf156d4Улсын заан Ц.Баярсайханд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноогоод байсан билээ. Эл шийдвэрийг Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгчид эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг дахин шалгуулахаар буцаагаад байгаа.

Ц.Баярсайханд холбогдох хэргийн учир

Ц.Баярсайхан нь Эрүүл мэнд спортын яамны биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захиргаа санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа анх хэрэгт холбогджээ.

Тодруулбал тэрбээр Т.Алтанцэцэг гэх эмэгтэйд “Мах импекс” компанийн захирал Г.Бүдрагчаагийн гарын үсэгтэй гэрээг танилцуулж, улмаар түүнээс 500 сая төгрөг авсан байна.

Харин мөнгийг А.Болор-Эрдэнэ гэх иргэнээр дамжуулан авсан бөгөөд хуурамч гэрээгээр залилжээ. Өөрөөр хэлбэл “Мах импекс хувьцаат компанид хамтарч мах нийлүүлж, олсон ашгаа хувааж авна” гэх нэрийдлээр хууран мэхэлжээ. Ингэхдээ Ц.Баярсайхан өөрийгөө Онцгой байдлын ерөнхий газрын аврагч спорт хорооны дарга гэж танилцуулжээ.

Хохирогч гэх Т.Алтанцэцэг ярихдаа “Ц.Баярсайхан намайг хамтарч мах нийлүүлэе. Ингээд ашгийнхаа 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэсэн. Би зөвшөөрөөд 500 сая төгрөг өгсөн байгаа. Харин 2015 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар энэ мөнгөө буцаан олгон гэсэн ч одоо болтол ашиг гэж өгөөгүй. 2015 оны гуравдугаар сард 50 сая төгрөг, 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 15 сая төгрөг өгсөн. Ц.Баярсайхан гэрээний гадуу ямар ч ажил үүрэг гүйцэтгэлгүй надаас 500 сая төгрөгийг авч хувьдаа ашигласан байгаа” гэжээ.

Харин Ц.Баярсайхан ярихдаа “Хуурч мэхлэх санаа надад байгаагүй.“Мах импекс” ХК захирал Бүдрагчаатай аман хэлэлцээгээр ярилцаж тохиролцсон зүйл байсан юм. Гэтэл намайг гадагшаа тэмцээнд яваад ирэх хооронд хохирогч Алтанцэцэг өөрөө очиж уулзсан байсан. Бүдрагчаа хохирогчид аман хэлэлцээ байсан учраас гэрээгээ цуцалсан гэж хэлсэн байна лээ. Намайг малаа цуглуулж амжаагүй байхад ийм асуудал болсон. Авсан мөнгөнийхөө 220 сая төгрөгийг одоогоор түүнд төлсөн байгаа” гэв.

Ингээд анхан шатны шүүхээс Ц.Баярсайханыг залилан хийх замаар бусдаас их хэмжээний мөнгө завшсан гэж үзээд хоёр сая төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн ял оногдуулахаар шийдвэрлээд байсан юм. Мөн Ц.Баярсайханаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнээс 390 сая төгрөгийг гаргуулж хохирогч Т.Алтанцэцэгт олгохоор болоод байлаа. Гэтэл Ц.Баярсайханы гомдолоор давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Тэрбээр тээвэр зуучийн “Өнжүүл Богд” хэмээх компанитай аж. Мөн Цэрэнпунцагтай нийлж G-mobile-ийн салбарт хөрөнгө оруулж байсан аж. “Өгөөмөр” пионерын зуслан мөн түүний мэдэлд байдаг байна. Харин сүүлд ийнхүү махны чиглэлийн бизнес хийж байгаад мөнгөний асуудалд оржээ.

Н.Ганаа


URL:

Сэтгэгдэл бичих