Г.Шийлэгдамбын нэр холбогдсон “Цахим эрүүл мэнд” тендерийн луйврыг илчиллээ

d445cea1c32b87eb9ce66e6c8dd0f9abЭМСЯ-ны сайдаар ажиллаж байхдаа авлига авсан гэх хэрэгт холбогдоод буй Г.Шийлэгдамбын асуудал “Цахим эрүүл мэнд ” тендертэй холбоотой гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан. Тодруулбал, 2014 оноос 14.9 сая ам.долларын өртөгтэй  “Цахим эрүүл мэнд төсөл” хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар цахим-эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэх ажлыг 2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарснаар Олон улсын тендерт БНХАУ-ын “HUAWEI” компани шалгарсан ба “HUAWEI” компани нь эмнэлгийн програм хангамж боловсруулах туслан гүйцэтгэгч сонгох шалгаруулалтаа ҮАБЗөвлөл, Засгийн газрын түвшинд яригдсаны дагуу монгол компаниудын дунд програмын тендер зарлаж, шалгаруулах ёстой байтал ямар нэг тендер зарлахгүйгээр, нийтэд мэдэгдэлгүйгээр явуулж,  2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан байна. Улмаар програм хангамжийн талаар огт туршлагагүй, цахим эмнэлгийн програм хангамжийн сонгон шалгаруулалтад оролцохдоо авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаа Метронэтворкс компанийг уг тендэрт шалгаруулсан гэх бөгөөд өдийг хүртэл тухайн шалгаруулалтын талаар ил тодоор зарлахгүй байгаа нь уг шалгаруулалт шудрага бусаар явагдсан гэх хардлагыг төрүүлж байна.

Сая өгүүлснээс улбаалан экс сайд Г.Шийлэгдамбатай хамт уг компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулга гэх залуу шалгагдаж байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тэгвэл энэхүү “Цахим” тендертэй холбоотой асуудлын мөрөөр “MИTПC” програм хангамжийн компанийн захирал Ж.Баттүвшинтэй ярилцлаа.

-Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал-

-Танай компанийн зүгээс эмнэлгүүдийн цахим програмын асуудлыг анхлан нэвтрүүлсэн гэдгээрээ олонд танигдсан. Гэтэл өнөөдөр “Цахим эрүүл мэнд төсөл”-д шинээр байгуулагдсан компани шалгарсан нь асуудал үүсгээд байна. Энэ дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Манай компани 2012 оноос цахим эмнэлэг  хөтөлбөрийн хүрээнд НЭМГ-аас зарласан сонгон шалгаруулалтанд ялсаны дагуу “MedSoft”програмаа эмнэлгийн байгууллагуудад хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ ЭМН-үүд болон НЭМГ-тай хамтран ажиллах гурван талт гэрээтэйгээр ажлаа эхлүүлсэн. Гэрээний хугацаанд гэрээнд заасны дагуу Улаанбаатар хотын 7 дүүргийн ЭМН,  өрхийн эмнэлэгүүд, ШЭНЭСТ, УБТЗНЭ, БХХСАХНЭ-т  дотоод сүлжээ, компьютер тоног төхөөрөмж суурилуулан, “MedSoft” програмыг тухайн эмнэлэг тус бүрийн онцлогт тохируулан хөгжүүлж, НЭМГ-т нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, харъяа байгууллагуудын тайланг нэгтгэх ажлуудыг ЭМСЯамны  Сайдын тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээ, тайлан гаргах, мэдээлэх журмын дагуу амжилттай хийж гүйцэтгэсэн ба гэрээ дууссанаас хойш өнөөдрийг хүртэл програм хангамжийн шинэчлэлт, засвар, арчлалт, хамгаалалтыг үнэ төлбөргүй хийж байна.

Харин энэхүү үйл ажиллагааг явуулахад  “Эрүүл мэндийн цахим карт”-ны төлбөр болох 3000 мянган төгрөгийг санхүүжилтэд авдаг байсныг хэлэх нь зүйтэй биз.

Мөн НЭМГ-аас 2014 оны 09 сарын 15-ний өдрөөс хойш эмнэлгээр үйлчлүүлэгсдийн цахим картын бүртгэл, худалдааг зогсоосноос хойш манай компани өөрсдийн хүч, хөрөнгөөр “MedSoft” програмыг ямар ч үнэ төлбөргүйгээр шинэчлэн, сайжруулсаар ирсэн

Энэхүү ажлыг эхлүүлснээс  хойш ойролцоогоор 1.3 сая гаруй иргэдийн  мэдээллийн санг үүсгэн архивтай болсон байна.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн хүний хувьд “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн тендерт оролцох бодол байсан болов уу. Гэтэл яагаад тендер зарлаагүй хэрнээ шинэ компани гарч ирсэн юм бол?

-2013 оноос эхэлж БНХАУ-аас 14.9 ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд эмнэлгүүдэд 7000 орчим компьютер тавигдах асуудал яригдсан ба үүнээс 3.3 сая ам.долларын төсөвтэй програм хангамж нийлүүлэх ажил бас яригдсан. Мэдээж анхнаасаа програм хангамжаа нэвтрүүлээд эхэлсэн манай компанийн хувьд энэхүү тендерт орох боломж нээгдэж байна хэмээн харсан, хүлээсэн. Гэтэл өнөөдөр ямар ч туршлагагүй, 2015 онд байгуулагдсан шинэ компани тендерт ялсан гээд явж байна.

-Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологи гэдэг маш том асуудал. Энэ бүхнийг БНХАУ-ын тусламжтайгаар хөгжүүлж байгаа хэрнээ ямар ч туршлагагүй компани тендерт шалгарсан гэж байгаа нь харамсалтай юм?

-2010 оноос буюу С.Ламбааг ЭМСЯ-ны сайдаар ажиллаж байх үед энэ асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйл ажиллагааны цахим бүртгэлийн програмыг тендерт шалгарсан компани хариуцна гэх зүйл. Гэтэл С.Ламбаа гуайн үед энэ асуудал шийдэгдээгүй. Түүний дараа Н.Хүрэлбаатар, С.Удвал нар яамны сайдаар томилогдон ажилласан. Энэ үеэс эрчимтэй яригдаж эхэлсэн ч эцсийн дүн нь ийм байна.

Тодруулбал, С.Удвалыг сайд болсоны дараа дээрх яригдаад байсан тендерт “Ньюсоник” компани гэнэт ялчихсан. Монгол Улсын хэмжээнд тендер зарлаагүй хэрнээ “ногоон гэрэл”-ээр энэ компани төсөлд шалгарч гарч ирсэн гэсэн үг. Эмнэлгийн програм хангамж  гэдэг нь удаан хугацааны туршид хийгддэг ба байнгын арчлалт, шинэчлэлтийг шаарддаг ажил юм.   Манай компани энэ ажлыг 4-5  жил хийж байгаа боловч одоог хүртэл 60-70 хувьтай явж байна. Гэтэл энэхүү ажлыг  “Ньюсоник” гэх ямар ч туршлаггүй, шинэ компани хийхээр болсон байдаг. Энэ асуудлыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт хоёр ч удаа тавьсан.  Нарийн шалгасны эцэст  тухайн компанийг уг төслөөс хассан. Ингээд энэ асуудал түр намжсан ч ЭМСЯ-ны сайд солигдоход дахин шинэ компани гарч ирсэн нь Метронэтворкс компани. Мэдээж бидний хувьд дахин шударгаар тендер зарлах байх хэмээн хүлээсэн ч ийм л зүйл болсон

-Метронэтворкс компанийг энэ тендерт ялагчаар тодруулсан нь яагаад буруу гэж?

-Энэ компанийн хувьд “Ньюсоник” компаниас илүү осолтой. Учир нь 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Mон-айти” компанид ажиллаж  байсан Э. Гантулга тэргүүтэй 3-4 залуус ажлаасаа гарахдаа компаниасаа өгсөн орон сууцыг буцааж өгөөд  “Метронэтворкс”-ийг 2015 онд байгуулан тендерт ялчихсан нь хардахад хүргээд байгаа юм. Асуудлын гол  нь Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал.

Цаашлаад уг компанийн хувьд цахим програмын ажлыг нэгдүгээр шатлалаас нь хийгээгүй. Тийм туршлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, суурьгүй гэсэн үг. Тиймээс ч тендерт ялсан гэх эл ажлаа хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн.

-Монгол улсын иргэдийн өвчлөлийн мэдээллийн санг Хятадуудад өгчихөөд бид мэдэхгүй хэмээгээд сууж байна-

-Метронэтворкс компанийг БНХАУ-ын “HUAWEI“  компанийн сонгон шалгаруулалтаар тендерт ялсан гэж яригдаад байгаа. Энэ үнэнд нийцэх үү? 

-ЭМСЯ-аас тайлбар хүсэхээр сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын “HUAWEI” компани хийсэн. “Метронэтворкс”-ийг Хятадын “HUAWEI” компани сонгосон гэх зүйл яриад байгаа. Үнэхээр тийм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болж таарна. Цаашлаад иргэний мэдээлэл дээр өвчтөний мэдээллийн сан давхар бүртгэгдээд явдаг. Хууль ёсны тендерээр шалгараагүй Метронетворкс ХХК-аар дамжин Монгол улсын иргэдийн эрүүл мэнд болон өвчлөлийн нууц мэдээллүүд гадагш алдагдах эрсдэл байна.

Гэтэл энэ бүхнийг БНХАУ-ын “HUAWEI”  компанийн сонгон шалгаруулсан компани хариуцна гэдэг утгагүй биз дээ.

-Хятадын HUAWEI“  компанийн сонгон шалгаруулсан компаниар бүхэл бүтэн эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж зарим иргэд хардаж байна. Ер нь Монголчууд өөрсдөө программ хангамжаа хийгээд явах бололцоо бий юу?

-Цахим эмнэлэг хөтөлбөр  хэрэгжүүлсэний үр дүнд програм хангамжийг Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг бид харуулж чадсан. Хятад улс технологоороо хэчнээн өндөр хөгжилтэй  байсан ч Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг хэлмээр байна. Тэр тусмаа хүн амын мэдээллийн сантай холбоотой ийм асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдээлэл гэдэг нь таны эмнэлгүүдэд бүртгүүлсэн гэрийн хаяг утас, ам бүлийн гишүүд, майл хаяг, үзүүлж тавиулсан онош, хийлгэсэн шинжилгээнүүдийн үзүүлэлтүүд, хийлгэсэн дүрст оношилгоонууд, бичигдсэн эмүүд, хэвтсэн эмнэлэг, онош, эмч нарын мэдээлэл, эмийн баазын мэдээлэл зэргийг хэлнэ. Мөн эмнэлгүүдийн статистик үзүүлэлтүүд хийгээд бусад нарийн зүйл ч багтана. Өөрөөр хэлбэл, эмнэлэгтэй холбоотой таны бүх мэдээлэл гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн Бээжинд очих гээд байна шүү дээ. Г.Шийлэгдамба “мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг  Хятадуудад өгнө” гэсэн үү бид мэдэхгүй шүү дээ. Харамсалтай нь АТГ зөвхөн “толгойг нь завчдаг” юм байна. Манай улсад авилга өгсөн буюу авсан эзэд нь шийтгүүлсэн болоод түүний цаана тус компани нь хууль бусаар ялсан тендерийн ажлаа хийдэг асуудлыг нэг мөсөн таслан зогсоох хэрэгтэй. Асуудлын гол нь Монгол улсын иргэдийн өвчлөлийн мэдээллийн сангийн програм хангамжийн ажлыг  гадныхны гарт өгчихөөд бид мэдэхгүй гээд сууж байгаа Г.Шийлэгдамбын бүрдүүлсэн баг буюу ЭМСЯ-ны аппарат, авилга өгсөн”Метронетворкс” компани буюу Э.Гантулга-д  байна шүү дээ.

-Магадгүй таныг ингэж ярихаар зарим хүн эрх ашгийн сонирхолтой гэж харж магадгүй юм?

-Цахим эмнэлэг хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн мэдээллийн сан болон өвчлөлийн нууцыг хадгалсан байдаг тул бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарын мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хэвийн ажиллагааг ганцхан компанид хариуцуулан өгснөөр тухайн компанийн үйл ажиллагаа доголдох, болзошгүй ямар нэг саад бэрхшээл гарахад салбарын хэвийн ажиллагаа алдагдахаас зогсох хүртэлх эрсдэл үүсэх аюултай байдаг. Эрүүл мэндийн програмыг  нэг сар эсхүл нэг жил суугаад хийдэггүй. Хэзээ ч улсын хэмжээний цогц системийг нэг компани хийх ёсгүй. Нэг, хоёр, гуравдахь компаниуд байж ижил түвшинд өрсөлдөөд нэг нь нөгөөгөө нөхөөд явах ёстой.

ЭМСЯ нь Монгол Улсын иргэдийн өвчлөлийн  мэдээллийн сантай холбоотой програм хангамжийг өөрсдөө тендер зарлахгүйгээр  БНХАУ-ын “HUAWEI” компаниар шалгаруулчихаад тайлбар хүсэхэд бид мэдэхгүй БНХАУ-ын “HUAWEI” компаний дотоод асуудал гэдэг тайлбар өгч  байгаа нь эмгэнэлтэй.

Д.Ундрах

zuvsongolt.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 April 2016

зах зээлд дангаар ноёлох санаа эрт гарсан чихнээс хойно ургасан эвэр гэдэг яагаад чадалтай компани шууд хийж болохгүй гэж олон улсын бэлэн зүйлийг аваад шат алгасаж болно тэгээд ч та нараас өмнө эрүүл мэндийн программ хангамж дээр ажиллаж байсан залуус нэгдсэн байна шүү дээ

Нэр: Зочин Огноо: 6 April 2016

Шийлэгдамба торийн алба хаагч хун байтал яаж ийм баян амьдралд хурсэн байх вэ. Зовхон амьдарч бгаа хаусыг нь л харахад

Нэр: Зочин Огноо: 6 April 2016

Наад бичсэн юмныхаа үнэн худлыг шалгаж байж бичмээр юм даа, Д. Ундрах аа ? Хүн гүтгэсэн хэрэгт орооцолдов доо хөө.

Нэр: Зочин Огноо: 8 April 2016

Энэхүү программыг сольсноор эргээд ухарсан гэж хэлж болно. “MedSoft” бол бид хэрэглээд дассан манай нөхцөлд тохирсон сайн программ, харин БНХАУ-ын “HUAWEI” компаны программ маш хэцүү учир дутагдалтай. Их олон юм дутуу программ. Энэ программ дээр ажилладаг хүний хувьд сайн мэдэж байна. Энэ 2 программыг сольсноор эргээд 5-6 жил ухарсан гэж хэлж болно. Чухам ямар шугамаар яаж тендерт ялсныг нь мэдэхгүй. Ямарч байсан эргэж харахад зүгээр байх. Маш олон хүн энэ тухай 1111, 18001200 дугаарт хэлж байгаа. Сайд дарга нар арга хэмжээ авна биз гэж хайдаж байна.

Нэр: Зочин Огноо: 8 April 2016

Энэхүү программыг сольсноор эргээд ухарсан гэж хэлж болно. “MedSoft” бол бид хэрэглээд дассан манай нөхцөлд тохирсон сайн программ, харин БНХАУ-ын “HUAWEI” компаны программ маш хэцүү учир дутагдалтай. Их олон юм дутуу программ. Энэ программ дээр ажилладаг хүний хувьд сайн мэдэж байна. Энэ 2 программыг сольсноор эргээд 5-6 жил ухарсан гэж хэлж болно. Чухам ямар шугамаар яаж тендерт ялсныг нь мэдэхгүй. Ямарч байсан эргэж харахад зүгээр байх. Маш олон хүн энэ тухай 1111, 18001200 дугаарт хэлж байгаа. Сайд дарга нар арга хэмжээ авна биз гэж найдаж байна.

Сэтгэгдэл бичих