Өсвөр үеийнхний дунд үр хөндөлт хэвийн үзэгдэл болжээ
Монгол Улсад өсвөр насны хүүхдийн дунд эрт бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчинд өртөх, хамтран амьдрах гэх мэт олон асуудлууд байгаа тул “NO APOLOGIES” зан чанарт суурилсан бэлгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
НҮБ-аас гаргасан судалгаагаар 17-18 насныхны 34.5 хувь нь бэлгийн хавьталд орсон байна. Мөн охидын жирэмслэлт нэмэгдэж, сүүлийн 20 жилд 20-34 насны эмэгтэйчүүдийн төрөлт буурсан байхад сүүлийн 10 жилд өсвөр насны охидын төрөлт өссөн байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар 15-19 насны эмэгтэйчүүдийн ес орчим хувь нь буюу мянган охид тутмын 20 нь ээж болсон байна.
Өсвөр насны охид үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тухай эмч, мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Түүнчлэн өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байгаа бөгөөд Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харахад, жилд 7000-8000 хүн бэлгийн замаар халдварладаг өвчнөөр өвчилсний 48-52 хувь нь 25 хүртэлх насны залуус байна. БЗХӨ-ий тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тиймээс “Focus on the Family Mongolia” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч, “Сэтгэл зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл төв” ТББ-аас энэ сарын 4-6-ны хооронд өсвөр үе, залуучуудад чиглэсэн “No Apologies” бэлгийн эрүүл мэндийн цогц боловсрол олгох хөтөлбөрийг өсвөр насны сурагчид болон багш нарт зориулан зохион байгуулж эхэлжээ.
URL: